Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

        2022       09         05                                               2022/ШЦТ/74

           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Ш овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 2239002530290 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, С аймгийн Т суманд 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,  Ш овогт Б-ын О. /РД:0000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг "Таахай" гэх газарт 75-33 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй буюу эрхээ хасуулсан үедээ жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад, Б сумын 1 дүгээр баг "Таахай" гэх газарт байх өөрийн амьдардаг Монгол гэрээсээ 8.6 метр зайд түр зогсолт хийж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,

-3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/...,

-10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэх заалтуудыг зөрчсний улмаас 1 нас 5 сартай төрсөн охин О.У-ийг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас О.У нь тархины битүү гэмтэл авч амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу хүний амь хохироож үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 223.......  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-8 дугаар хуудас/

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн ...О бол миний нөхөр. Бид хоёр 2017 онд танилцаад 2018 оноос хойш Х аймгийн Б суманд амьдарч байгаа. Бид одоо ам бүл 5-лаа 3 охины хамт амьдардаг. Талийгаач У бол манай хамгийн бага охин байсан. Миний охин 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрж байсан. Манай нөхөр морь уядаг. Өнөөдөр найзуудын хамтаар морь давхиулах гээд айлаас 3-н хүүхэд авчирч морь давхиулж дуусаад эргүүлж нөгөө 3 хүүхдийг гэр лүү нь хүргэж өгнө гээд өөрийн эзэмшлийн 75-33 УЕА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд би бага охинтойгоо уяан дээр байж байгаад нөхрийг ирж байхыг нь хараад охиноо авч гэрлүүгээ орж хажуудаа суулгаад өөрөө цай чанах гээд данхандаа ус хийх гээд байж байтал гэнэт гэрийн гадаа манай нөхөр Оорилохоор нь би хүмүүс хоорондоо тоглоод л хашгирч байгаа байх гэж бодсон. Тэгтэл дахиад нэг орилохоор нь гэрийнхээ хаалгаар шагайгаад хартал манай нөхөр гэрийнхээ зүүн талд машиныхаа ард талд охиноо тэвэрчихсэн уйлж байсан. Тэгээд би гүйж очоод охиноо хартал хамраас нь цус гойжчихсон, хамаг бие нь суларчихсан байсан. Тэгээд бид нар шууд машинд сууж Х аймаг эмнэлэг руу явхаар болоод хөдлөөд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрээд харахад нөхрийн ахын гадаа сэртэл манай нөхрийн бэр эгч охиныг тэвэрчихсэн, нөхөр ус барьчихсан орилоод байсан. Тэгээд удалгүй бид нар Г-ын машинтай Х аймаг руу ирсэн. Замдаа явж байхад охин амьсгаатай байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл нас барчихсан байна гэж хэлсэн...Манай нөхөр машинаа гэрийнхээ зүүн талд дандаа байрлуулдаг. Тэгээд нөхөр хэлэхдээ анх гэрийн зүүн талд ирээд зогссон. Тэгээд эргэж ухарж машинаа байрлуулах гэтэл охиноо мөргөчихлөө гэж хэлсэн. Яг гэрийн гадаа ирээд бол охин нь харагдаагүй байгаагүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

3.Гэрч Д.М-ийн “...Манай найзууд өнөөдөр морь давхиулсан. Тэгээд Отгонцэрэн айлаас 3 унаач хүүхэд авчираад морио давхиулж дуусаад үдээс хойш ойролцоогоор 15-16 цагийн орчимд нөгөө 3 хүүхдүүдээ гэр лүү нь хүргэж өгнө гээд явсан. Тухайн үед би болон манай найзууд болох Ц, Г, Ц, Жа нар О-ийн гэрийн хойд талд ойролцоогоор 50 метрт байдаг морины уяан дээр морь алхуулаад байж байтал гэнэт хүүхэд болон хүн амьтан орилох шиг болохоор нь бид нар гэр лүү нь гүйгээд очтол гэрийнх нь зүүн урд талд Отгонцэрэнгийн машин болох 75-33 УЕА улсын дугаартай “Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсчихсон хажууд нь А бага охиноо тэвэрчихсэн уйлаад байж байсан. Тэгээд шууд Цогтцэцэг О-ийн машиныг унаад О, А нарыг бага охинтой нь суулгаад хөдлөөд явж байтал машин нь тулаад явахгүй байна гээд Г-ын машинтай сольж унаад шууд Хэнтий аймаг руу хөдөлсөн. Замдаа явж байгаад би охины цээжин дээр гараа тавьж үзэхэд зүрх нь маш хурдан цохилж байсан. Тэгээд засмал руу орох дөхөөд дахин цээжийг нь чагнаж үзэхэд цохилохгүй толгой нь хүйтэн болсон байсан.Тэгээд шууд чигээрээ яваад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд охиныг ээж аавтай нь оруултал удалгүй нас барсан гэж хэлсэн...О бол их тогтвортой, төлөв даруу хүн. Тэгж их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Гэр бүлтэйгээ харилцаа сайтай. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

4.Гэрч Б.Г-ын ...2022 оны 06 дугаар сарын 15-нд манай хүүгийн төрсөн өдөр болоод Хэнтий аймагт тэмдэглэчихээд тэр өдрийнхөө орой Хэнтий аймгийн Баянхутаг сум 1-р баг Таахай гэх газарт найз Ц-ийн гэрт очсон. Тухайн үед О нь эхнэр хүүхдүүдийн хамтаар манай хүүгийн төрсөн өдөрт ирээд бид нар бөөндөө буюу манай эхнэр Ц, М, Ж, Ц, О мөн талийгаачийн аав ээж дүү нар явсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай найзууд өглөө босож бөөндөө даалуу тоглоцгоосон. Тэгээд би найз М-той хамт барашиг уугаад байж байтал өдөр О морьдоо давхиулъя гээд айлаас 3 хүүхэд авчирч морио унуулж дуусаад эргүүлж нөгөө айлын 3 хүүхдийг хүргэж өгье гээд өөрийн эзэмшлийн 75-33 УЕА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлдээ нөгөө унаач 3 хүүхдийг суулгаад хүргэж өгнө гээд явсан. Тэгээд удалгүй ойролцоогоор 15 цагийн орчимд байх гэж бодож байна О машинтайгаа ирээд гэрийнхээ гадаа зогсож байх шиг л харагдсан. Тухайн үед морины уяан дээр манай найзууд болох М, Ц, Ж, Ц нар моринууд алхуулаад байж байсан. Тэгээд гэнэт О нь машинаасаа буугаад тойроод орилоод байсан. Тэгэхэд О-ийн төрсөн дүү Ц болон манай эхнэр Ц нар бид нарт морио үлдээгээд гэр лүү гүйж очоод манай эхнэр Ц нь От-ийн машиныг бариад О, А нарыг авч суулгаад шууд Хэнтий аймаг руу хөдөлсөн. Тэгээд гайхаад байж байтал Ц ирээд бид нарт О охиноо дайрчихсан байна гэж хэлэхээр нь бид нар морьдоо шууд тавиад М бид хоёр миний эзэмшлийн RX450 маркийн тээврийн хэрэгсэлтэй араас нь хөдөлтөл манай эхнэр О-гийн машинтай эргээд ирэхээр нь яасан талаар асуухад энэ машин тулаад явахгүй байна, А ухаан алдаад ахынд нь үлдээчихлээ гэж хэлэхээр нь би От-гийн машиныг тэнд нь үлдээгээд ахынх нь гэрлүү очиж О, бэр эгчийг нь Анужин, талийгаач нарыг аваад шууд Хэнтий аймаг руу хөдөлсөн. Тэгээд явж байгаад засмал орохын өмнө Мөнхзоригийг цээжийг нь чагнаад үзэх үү гэтэл Мөнхзориг үзээд амьсгаатай байна, цохилж байна гэж хэлсэн. Дараа нь засмал зам руу ортол О зогс гэхээр нь одоо зогсож болохгүй ээ гэж хэлээд дахин М-ийг үз гэхэд гэнэт уйлаад эхлэхээр нь би нас барчихсан юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг, / хх-ийн 40 дүгээр хуудас/

5.Гэрч Б.Ц-ийн ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед шиг санаж байна. Өөрийн төрсөн ах О-ийн хөдөө гэрийн хойно байх уяан дээр морь эмээллээд зогсож байхад ax маань гэрийнхээ гадаа гэнэт муухай орилоод явчихсан. Тэгэхээр нь эргэж харахад ах маань машиныхаа хажууд доороо үсэрч дэвхцээд эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн бахираад байсан. Тэгэхээр нь би гүйж очиход ах маань хүүхдээ дайрчихлаа, би хүүхдээ дайрчихлаа гээд доороо үсэрч дэвхцээд бахираад уйлж байсан бөгөөд эхнэр А нь 1 нас 6 сартай Уохиноо тэврээд уйлаад байсан...Хувийн зан байдлын хувьд төлөв даруухан, мал сайн малладаг, ажилсаг, хичээнгүй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаг бөгөөд адуу мал уях моринд сонирхолтой хүн байгаа юм... гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/

6.Гэрч Б.Ц-ийн ...бол манай нөхөр Г-ын багын найз юм. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр бид хоёр хүү -г аваад хөдөө салхинд гарахаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг "Таахай" гэх газар нутаглах найз Ц-ийн гэрт очсон. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О-ийн хөдөө гэрт О, Ц нарын уяж байгаа 4 тооны моринд давхил хийж хөлж авч дуусаад О давхил хийхэд морь унасан 3 хүүхдийг гэрт нь хүргэж өгөхөөр өөрийнхөө 75-33 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай орой 18 цагийн орчим явсан. Энэ үед О-ийн гэрийн хойд талд байх морины уяаны урд талд байсан мал усалдаг төмөр онгоц доош харуулаад дээр нь Г, Ж, М бид дөрөв уяан дээр уяатай байсан хөлс авсан морьдоо хараад Ц нэг морио хөтлөөд алхуулж байсан. Удалгүй зүүн хойд зүгээс О цагаан машинтайгаа ирж байгаа харагдсан. Тэгээд сууж байтал Анужин О хоёр гэрийнхээ хажууд хашгирсан. Тэгээд Ц бид хоёр хамгийн түрүүнд гүйгээд гэрийн хажууд очиход О-ийн цагаан машин гэрийн зүүн талд ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэсэн байрлалтай, машины баруун талд О уйлаад доороо дэвхцээд сандарчихсан, А У охиноо тэврээд машины урд талын жолоочийн хажуу талд суугаад нөхөр О явъя гэж хэлж байсан. О яахаа мэдэхгүй байхаар нь би О-г машинд суу гэхэд О машины арын суудалд суухаар нь би шууд хөдөлсөн..... гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын  18-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн

1.Талийгаач О.У-ийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух зулайн заадас, зүүн чамархай зулайн заадас, баруун, зүүн дунд хонхор, дагз руу салаалсан шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсгийн эдэд цус хуралт, хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин дахь цус хуралт, баруун хацар, зүүн чихний доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ,” гэх дүгнэлт / хх-ийн    77-80 дугаар хуудас/

8.Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд: 75-33 УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.О

а.Монгол Улсын Замын хөдөлгөений дурмийн: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчсөн.

б.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно.

а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн.

в. Монгол Улсын дүрмийн: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэв.” гэжээ. /хх-ийн 101-102 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг "Таахай" гэх газарт 75-33 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй буюу эрхээ хасуулсан үедээ жолоодон замын хөдөлгөөн оролцож яваад, Баянхутаг сумын 1 дүгээр баг "Таахай" гэх газарт байх өөрийн амьдардаг Монгол гэрээсээ 8.6 метр зайд түр зогсолт хийж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/..., 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэх заалтуудыг зөрчсний улмаас 1 нас 5 сартай төрсөн охин О.У-ийг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас О.У нь тархины битүү гэмтэл авч амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч 20..... оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн 1 ой 5 сартай Ш овогт О-гийн У /............/-ийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух зулайн заадас, зүүн чамархай зулайн заадас, баруун, зүүн дунд хонхор, дагз руу салаалсан шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн орой хэсгийн эдэд цус хуралт, хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин дахь цус хуралт, баруун хацар, зүүн чихний доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдож, улмаар тархины битүү гэмтэл авч амь нас нь хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Х овогт Т-ийн А-г тогтоосон байх ба тэрээр “...нөхөр Б.О-д Т.А миний зүгээс гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх  тул  шүүгдэгч Б.О-г энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч              Б.О-ийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.

           Прокуророос Б.О-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргасныг  Б.О хүлээн зөвшөөрсөн байна.   

Шүүх шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Б-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш овогт Б-ын О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.О-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож, хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.О-д анхааруулсугай.

           5.Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Б.О-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ