Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 03 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч Ө.Амарсанаа
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Г.Цогтсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн
Иргэдийн төлөөлөгч Э.Энхчимэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Цогтсайханд холбогдох 2232000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Орхон аймаг Баян-Өндөр суманд 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 23 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын Формула нэртэй авто засварын газарт кузов засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие цахилгаан мененгит өвчтэй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хангал овогт Гантөмөрийн Цогтсайхан. /РД:ФМ86012474/
Шүүгдэгч Г.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Формула нэртэй авто засварын гадна талбайд хохирогч Ө.Амарсанаагийн хэвлийн тус газарт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цогтсайханы өгсөн ..... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Формула авто засвар дээр найз Амарсанаагийн машиныг янзалж байгаад Амарсанаатай нийлж хэдэн лааз пиво хувааж уусан. Тэгтэл Ганцог нэмж хэдэн лааз пиво авчрахаар нь уугаад ажлаа хийж чадахгүй согтсон. Тэгээд үүрээр Мөнхбаяр байцаагч ирж намайг эрүүлжүүлсэн. Тэгээд эрүүл болчихоод юу болсныг сонссон. Эрүүлжүүлэхээс гараад Мөнхбаяр байцаагч дээр очоод юу болсон талаар сайн мэдсэн. Би буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
Хохирогч Ө.Амарсанаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Формула авто засвар дээр очиж Цогтсайхантай уулзсан. Цогтсайхан миний машиныг засна гэж тохиролцсон байсан юм. Тэгээд Цогтсайхан бид хоёр 2-3 лааз пиво хувааж уусан. Цогтсайхан машиныг тэр өдөр янзалж амжихгүй байх шиг болохоор нь хамжих зорилгоор Ганцогийг би дуудсан. Тэгээд бид нарыг байж байхад нэг танихгүй залуу орж ирээд Цогтсайхантай маргалдаад түүн рүү дайрч давшлаад байхаар нь тэр залууд наад хүн чинь согтуу байгаа юм та эрүүлд нь ирж уулзчих гэж хэлж гуйгаад явуулсан. Ганцог Цогтсайханд хандаж чи саяны үйлчлүүлэгч ахад муухай хандаж харьцлаа гэхэд Цогтсайхан Ганцогийн өөдөөс маргах шинжтэй байхаар нь би Ганцогийг гарч бие засъя гэж хэлээд бид хоёр гадаа гарч буланд бие засч байхад Ганцогтой хамт явсан гадаа машинд суугаад хүлээж байсан эмэгтэй нь наадах чинь хутгатай байна гэж хэлэхээр нь хартал Цогтсайхан гарч ирсэн байхаар нь би өөдөөс нь очиход үгийн зөрүүгүй намайг хутгалсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж авч шидээд чи явж бай гээд Ганцогийг явуулсан. Цамцаа сөхөөд үзэхэд миний хэвлий хэсэгт хутгалсан байсан. Удалгүй Ганцог над руу залгахаар нь хутгалсан байна гэж хэлэхэд Ганцог намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би эмчилгээний зардалд Цогтсайханаас 3 сая гаран төгрөг авсан. Би Цогтсайханд эхнэрийг нь хүнтэй явалддаг гэж ердөө хэлээгүй байхад намайг тэгж хэлсэн гэж гүжирдэж мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн байсанд гомдолтой байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Яллагдагч Г.Цогтсайханы 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар байцаагдахдаа өгсөн ....... Тэгээд Ө.Амарсанаа, Б.Ганцог бид нар пиво уусан. Би архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй болохоор амархан согтдог. Тэгсэн Б.Ганцог чи ямар удаан замаск татдаг юм бэ ямар заваан хийдэг юм гэж намайг элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ би өөрөө хийх юмаа мэдэж байна гэж хэлээд гартаа төмөр шфатал нөгөө гартаа шфаталны замаск цэвэрлэдэг хутга бариад ажлаа хийж байтал Б.Ганцог намайг бариад авах шиг болсон. Гэтэл Ө.Амарсанаа гаднаас орж ирээд манай дүү Ганцогийг яагаад байгаа юм бэ чи тэгж даврахгүй шүү гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж чи арчаагүйдээ ийм явж байгаа танай эхнэр 5 жил гаран хүнтэй явж байгааг чи мэдэхгүй, арчаагүй амьтан гэж намайг байж суухын аргагүйгээр хэл амаар доромжилсон. Тэгээд Ө.Амарсанаа би чамайг эхнэрээс чинь салгана ийм явдалтай хүүхэнтэй чамайг суулгахгүй, чи арчаагүйдээ чиний эхнэр өөр хүнтэй явж чамайг доромжилж байхад чи мэддэггүй юм уу бүх хүмүүс мэдэж байхад чи эхнэрээ хүнтэй явдагийг мэддэггүй юм уу эсвэл чиний доодох чинь ажилладаггүй болоод эхнэр чинь өөр хүнтэй яваад байдаг юм биш үү гэж хэлэхээр нь би энэ үед биеэ барьж чадахгүй огцом ууралж гэнэтийн цочролд автан сэтгэцийн хэвийн байдал алдагдаж Ө.Амарсанааг гэмтээх үйлдэл хийхэд хүргэсэн. Би Ө.Амарсанаатай 10 гаран жил найзалж байна. Би Ө.Амарсанаатай урьд нь муудалцаж маргалдаж байгаагүй тухайн үеийн маргаан доромжлолыг тэвчиж чадахгүй биеэ барьж чадахгүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж гэмшиж байна. Би Ө.Амарсанааг эмчлүүлэхийн тулд Ө.Амарсанаагийн 3 жилийн эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Нийт Ө.Амарсанаагийн эмчилгээний зардалд 3 сая төгрөгийг гэм хорын хохиролд төлсөн. Хойшид гарах эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна. Ө.Амарсанаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн........ Манай эхнэрийг хүнтэй явадаж байгааг мэдээд надад санаа зовсондоо хэлсэн байх. Би Ө.Амарсанаагийн үгийг даахгүй биеэ барьж чадахгүй цочирдоод ийм үйлдэл гаргасан байна. Манай эхнэр Байгалмааг хүнтэй явж байгааг хүнээс сонсдог байсан боловч арай үгүй байлгүй дээ гэж бодоод явж байтал миний дотны найз Ө.Амарсанаагаас энэ тухай сонсоод биеэ барьж чадахгүй сэтгэл санаа цочирдсон... Би найзыгаа гэмтээсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 55-56 дугаар хуудас/
Гэрч Б.Ганцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчим таксинд явж байхад Амарсанаа ах миний гар утас руу залгаад Формула авто засварын газар дээр хүрээд ир гэхээр нь би тухайн газар нь очсон. Засварын газарт Цогтсайхан, Амарсанаа хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд Цогтсайхан, Амарсанаа бид гурав дөрөв дөрвөн лааз пиво уугаад Амарсанаа ахын машинд засвах ийгээд байж байсан. Тэгсэн гаднаас Сэргээш баарны эзэн гэх танихгүй залуу орж ирээд Цогтсайхантай машины засварын талаар маргалдаад байхаар нь би тэр ахад Цогтсайхан шал согтуу байна та маргааш эрүүл болохоор нь уулзчих гэж хэлээд Сэргээш баарны ахыг явуулсан. Тэгээд Цогтсайханд чи үйлчлүүлэгч нартайгаа ямар муухай харьцдаг юм бэ гэж хэлэхэд Цогтсайхан тэгээд чи яах юм бэ гэж хэлээд босоод ирэхээр нь Амарсанаа ах чи яагаад хүн хүн рүү дайраад байгаа юм бэ гэж Цогтсайханд хэлэхээр нь би Амарсанаа ахад гадаа машинтай хүн дуудсан байгаа одоо явъя гэж хэлээд засварын газраас гараад хашааны хажууд Амарсанаа ах бид хоёр бие засаад зогсож байхад миний дуудсан Золцэцэг гэх эмэгтэй наад хүн чинь хутгатай байна шүү гэж орилохоор нь Амарсанаа ах түрүүлээд очсон. Би бие засч дуусаад Амарсанаа ах, Цогтсайхан хоёр дээр очоод хутгыг нь авах гэтэл байгаагүй.... Тэгээд Амарсанаа ах намайг яв гээд миний дуудсан Золцэцэгийн машинд суулгаад чи яв яв би Цогтсайхантай цуг явчихна гэж хэлэхээр нь би Золцэцэгтэй хамт гэр рүүгээ явж байгаад Амарсанаа ахын гар утас руу залгаад ах гайгүй юу гэж асуухад ах нь нэг л хачин байна гэхээр нь би буцаж очоод Амарсанаа ахтай уулзахад ахыг нь хатгасан байна гэхээр нь би шууд эмнэлэг рүү авч очоод үзүүлэхэд хэвлий тус газар шархтай байсан гэх мэдүүлэг /Хх-н 25-26 дугаар хуудас/
Гэрч М.Золцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчим таксинд явж байхад Ганцог миний гар утас руу залгаад би пиво ууцан байна Амарсанаа ах бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэхээр нь Формула засварын газарт ороод Амарсанаа, Ганцог нарыг явъя гэж хэлээд тэр хоёрыг дагуулж гараад би машиндаа суугаад тэр хоёр бие засах гээд хашаа руу явсан. Тэгсэн засварын газраас Цогтсайхан гарч ирээд миний машины хаалгыг онгойлгож харснаа буцаагаад машины хаалга хаагаад явахаар нь араас нь харахад гартаа хутга барьчихсан байхаар нь би Амарсанаа ахаа наад хүн чинь хутгатай байна шүү гэж орилоход Амарсанаа ах цаанаас түрүүлээд ирээд Цогтсайханаас наад хутгаа өг гэж хэлээд хоорондоо хутга булаацалдаад байсан. Тэгсэн Амарсанаа ах чи намайг дүрчихлээ шүү дээ гэхэд Ганцог цаанаас ирээд Цогтсайхантай зууралдаад байж байхаар нь би Ганцогийг салгаад аваад машиндаа суулгасан. Цогтсайхан шууд засварын газар руу яваад орсон. Тэгээд Ганцогийг гэрт нь хүргэж өгөх замд явж байгаад Амарсанаа ахыг хутгалуулсан гэдгийг мэдэж байсан болохоор буцаж засварын газарт очиход Амарсана ах байхгүй байсан. Тэгээд Ганцог Амарсанаа ахын гар утас руу залгаад хаана байна вэ гэж асуухад Амарсанаа ах би эмнэлэг явж байна гэхээр нь Ганцог бид хоёр Амарсанаа ах дээр очоод эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 31-32 дугаар хуудас/
Гэрч С.Анхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Орой 01 цагийн орчим намайг гэртээ амарч байхад авто засварчин Г.Цогтсайхан над руу мөнгө төгрөгөө өгч чадахгүй юм бол энэ сэгээ ав гэх мэтээр доромжилсон мессеж бичээд байхаар нь би такси аваад Формула засварын газарт очиж Г.Цогтсайхантай уулзаад чи яагаад над руу мессеж бичээд байгаа юм бэ гэхэд Г.Цогтсайхан чи пизда минь өрөө өгөхгүй байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд засварын газарт байсан нэг залуу нь /Амарсанаа/ наад хүн чинь маш их согтуу байна би архиар шахсан юм миний машин 10 гаран хоног болж байгаа юм Г.Цогтсайханыг орхичих гэж хэлээд засварын газраас надтай хамт гараад миний машины хажууд зогсож байхад засварын газраас бас нэг залуу /Ганцог/ гарч ирээд Г.Цогтсайханыг согтуу байна гээд бас тайлбарлаж өгөөд байсан. Тэнд нэг эмэгтэй хүн байсан тэр эрүүл байсан. Тэгээд би гэртээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/
Гэрч Н.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өглөө намайг ажилдаа ирээд удаагүй байхад цагдаа нар ирээд урьд шөнө энд хүн хутгалуулсан байна гээд хутга хайгаад байхаар нь би Формула авто засварын гадаа байгаа 69-53 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор байгаа гэж хэлсэн. Манай засварын газарт ажиладаг Тамираа Цогтсайхан урьд шөнө хүн хутгалсан гэнээ тэр хутгыг нь засварын газрын хаалганы урд байхаар нь Тамираа машинд хийсэн гэж надад хэлэхээр нь би цагдаа нарт зааж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 96 дугаар хуудас/
Гэрч Н.Гантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой засварын газар дээрээ машин будаад шөнө 02 цагийн орчим машиндаа ороод унтсан. Өглөө 10 цагийн орчим босоод машинаасаа буугаад граш онгойлгоод машин гаргаад буцаж машин дээр ирэхэд миний машины арын дугуйны хойно газарт хар хүрэн өнгийн иштэй Цогтсайханы машины замаскны өө дардаг хутга байхаар нь би энд Цогтсайханы хутга яагаад байж байгаа юм болоо гэж бодоод Карина маркийн 69-53 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын судлын шалан дээр тавьчихсан байсан. Тэгээд би Цогтсайханы гар утас руу залгахад авахгүй байсан. Тэгээд би амарсанаа руу залгаад хаана байна гэж асуухад Амарсанаа би эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна урьд шөнө Цогтсайхан намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Формулагийн эзэн Батсайхан ах ажилдаа ирэхээр нь Цогтсайханы замаск хусдаг хутга нь миний машины хойно газарт байхаар нь би Карина маркийн 69-53 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын шалан дээр тавьчихсан шүү урьд шөнө Цогтсайхан хүн хутгалсан байна гэж хэлээд гэртээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 98 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр № 3359 ..... Дүгнэлт:
1.Ө.Амарсанаагийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх /Хх-н 38-39 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр № 59 ..... Дүгнэлт:
1.Г.Цогтсайханы биед баруун гарын тохой, баруун дал, баруун гарын хурууны үенд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой .
3. Шүүх эмнэлгийн гэмдлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 45-46 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-11 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.Цогтсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 58 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Цогтсайханы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 59 дүгээр хуудас/
Г.Цогтсайхан нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 66 дугаар хуудас/
Г.Цогтсайханаар хохирогч Ө.Амарсанааг хутгалсан хутгыг таньж олуулах ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явуулахад миний хэрэглэж байсан хутга 6 тоогоор тэмдэглэсэн хутга мөн байна гэснийг тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авсан баримт /Хх-н 92-94 дүгээр хуудас/
Хохирогч Ө.Амарсанаагийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтний түүх /Хх-н 102-128 дугаар хуудас/
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Г.Цогтсайханы биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн № 114 дугаартай нэмэлт шинжилгээ буюу шинжээчийн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Г.Цогтсайханы өвчний шинжилгээний баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Г.Цогтсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Формула нэртэй авто засварын гадна талбайд хохирогч Ө.Амарсанаагийн хэвлийн тус газарт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Цогтсайханы хохирогч Ө.Амарсанаагийн хэвлийн тус газарт хутгаар нэг удаа хатгасан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо үл ойлголцол үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Ө.Амарсанаагийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Г.Цогтсайханд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх буюу хутганы ир хэсэгт хохирогчийн цус байгаа эсэх, хутганы ишин дээр шүүгдэгч Г.Цогтсайханы гарын мөр байгаа эсэхийг криминалистикийн шинжээчээр тогтоолгох, шүүгдэгч Г.Цогтсайханы биед гэмтэл учирсан эсэх, сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах, эсвэл шүүгдэгч Г.Цогтсайханд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн иштэй хутгаар буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар хохирогч Ө.Амарсанаа, шүүгдэгч Г.Цогтсайхан нар тодорхой мэдүүлж хүлээн зөвшөөрдөг бөгөөд хутга хэрэглэж гэмтэл учруулаагүй гэж огт маргаагүй, мөн уг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн иштэй 19.5 см урттай хутгыг Формула авто засварын гадна талбайд газар байхад нь хүн олж аваад барьж машинд хийсэн зэргээс үзэхэд уг хутгыг олон хүн дамжуулж барьсан тул заавал шүүгдэгч Г.Цогтсайханы гарын мөрийг уг хутганаас илрүүлэх шаардлагагүй, мөн шүүгдэгч Г.Цогтсайхан нь гэмт хэрэгт холбогдсон өдрөөс хойш цахилгаан мененгит өвчнөөр өвчилсөн гэх боловч улсын яллагчаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн № 117 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр Г.Цогтсайханы биед баруун гарын тохой, баруун дал, баруун гарын хурууны үенд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, шүүгдэгч Г.Цогтсайхан нь хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрөхгүй байна гэж үзэн сэтгэцийн байдлыг тодорхойлох шаардлагагүй байна.
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсноор гэм буруугийн шүүх хуралдаанаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй болсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч нь хуульд өөрчлөлт орохоос өмнөх заалтыг баримталж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал гаргаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-д ”Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Цогтсайхан нь шүүх хуралдаанд хавтаст хэргийн материалд буюу мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгснөөс өөрөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүгдэгч Г.Цогтсайхан нь шүүх хуралдаанд хохирогч Ө.Амарсанаагийн эрүүл мэндэд хутга хэрэглэж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Цогтсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь хуульд зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгч Г.Цогтсайханы хохирогч Ө.Амарсанаагийн эрүүл мэндэд хутга хэрэглэж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгааг нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Цогтсайханы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Цогтсайханы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Ө.Амарсанаа нь эмчилгээний болон бусад гарсан зардалд нийт 3 сая гаран төгрөгийг шүүгдэгч Г.Цогтсайханаас авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч Ө.Амарсанаа нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Г.Цогтсайхан нь хохирогч Ө.Амарсанааг хутгалж гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн иштэй 19.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Цогтсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Цогтсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хангал овогт Гантөмөрийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Цогтсайханыг 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Цогтсайханд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн иштэй 19.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Цогтсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч Ө.Амарсанаа нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Цогтсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ
Б.ЭРДЭНЭМӨНХ