Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 157/2022/0074/Э |
Дугаар | 2022/ШЦТ/83 |
Огноо | 2022-09-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/83
2022 09 09 2022/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Б
Шүүгдэгч З.З нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З-ын З-т холбогдох эрүүгийн 224................. дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, буриад, бурэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот С дүүрэг, 20 дугаар хороо, 00-ын гудамж 44-16 тоотод оршин суух, улсаас аван гавьяа шагналгүй, ял шийтгэл урьд Б дүүргийн Эрүүгин хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З-ын З. /РД:ЖВ96052114/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 40 минутын үед Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд хохирогч Г.Х-ын толгой руу нь пивоны шилэн аягаар олон удаа цохиж, өшиглөж улмаар нүүрэн тус газар цохисны улмаас биед нь баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч З.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй гэсэн ба ...би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Харж үзнэ үү, дахин алдаа гаргахгүй...” гэв.
Эрүүгийн 224......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хяналтын камерт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар хуудас/
2.Хохирогч Г.Х-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны 22 цаг өнгөрөөгөөд Б сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "888" бааранд найз З.З, Г.Х нарын хамт орсон. "888" бааранд ороод "Ауруг" нэртэй 0.75 литрийн архинаас 2 ширхэгийг гурвуулаа хуваагаад уусан. Тэгээд "888" баар 23 цаг 40 минутын үед гэрлээ асаагаад хаасан. Баар хаахаар нь Г.Х-тэй хамт текэн дээр нь очиж тооцоогоо хийсэн. Тооцоо хийгээд зогсож байхад З.З араас ирээд миний зүүн бугалган дээрээс хазахаар нь яагаад байгаа юм бэ гэсэн юм хэлээгүй. Би тооцоогоо хийчихээд ширээн дээрээ очоод сууж амжаагүй байхад З.З том пиво уудаг шилэн аяга аваад миний толгой руу олон удаа цохисон. Би хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Би толгой руу шилэн аягаар цохихоор нь толгойгоо бариад л тонгойсон. Тэгсэн голоор хүн орж ирж салгасан. Салгасны дараа толгойноос цус маш ихээр гоожиж байсан. Х бариад "888" баарнаас аваад гарсан. Би текэн дээр нь очоод зогсож байсан З.З ахиад гаднаас орж ирээд миний шүд рүү нэг удаа цохичихоод гараад явчихсан... Толгой хагарсан, үүдэн дээд шүд хөдөлсөн. Өөр гэмтэл учраагүй, хазсанаас болж гэмтэл учраагүй. ...Би З.З-тай 2015 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
3.Гэрч М.Ү-гийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой "888" бааранд ажлаа хийж байх үед гаднаас 22 цагийн үед гурван ах орж ирээд "Ауруг" нэртэй архинаас 2 шилийг авч уусан. Тэгээд баар хаасан гурван ахаас цэнхэр куртиктэй ах, цагаан фудволктой ах хоёр тооцоогоо хийх гээд текэн дээр зогсож байсан, үлдсэн нэг ах нь ирээд цагаан фудволктой ахыг хазсан чинь яая өвдөж байна гэсэн, хазсан ах нь сүртэй ш дээ гээд маргалдаад цаашаа яваад өгсөн. Текэн дээрээс цаад ширээн дээрээ очиж аяархан юм ярьж байснаа гэнэт хар фудволктой ах нь шар айрагны бакалаар толгой руу нь цохисон. Нэг цохиод л бакал нь хагарчихсан, тэгсэн бариулаар нь дагзруу нь цохиод байсан. Хэд цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, нилээн олон удаа цохиод байсан. Тэгсэн гарнаас нь бакалны бариул нь хагараад унаад өгсөн. Тэр үед манай аж аж ахуй хариуцсан Б ах очиж салгасан. Тэгээд л салгаад аваад гарсан. Тэгсэн гаднаас зодсон ax ахиад ороод ирсэн. Гаднаас орж ирээд зодуулсан ах дээр очсон одоо яриад байх юм байхгүй, цагдаад өгнө гэж хэлсэн чинь чи намайг цагдаад өгч шоронгийн хадаас болгох гэлээ гээд нүүр лүү нь нэг цохиод авсан. Тэгсэн урд үүдэн шүд нь хөдөлчихсөн, амнаас нь цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас /
4.Гэрч Б.Д-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой "888” баар ажиллуулж байх үед 22 цагийн үед гаднаас гурван эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд баар хаах цаг болоод 23 цаг 40 минутын үед дуугаа зогсоогоод гэрлээ асаасан. Тэгсэн тэр сууж байсан гурван залуугаас цэнхэр куртиктэй залуу, цагаан фудволктой залуу хоёр ирээд тооцоогоо хийсэн. Тэр хоёрыг тооцоогоо хийж байхад цуг явж байсан хар фудволктой залуу ирж зогсож байгаад цагаан фудволктой залуугийн зүүн талын мөрөн дээрээс хазсан. Тэгсэн цагаан фудволктой залуу хар фудволктой залуутай зүгээр зогсож байхад хазлаа гээд маргаад л цаашаа явсан. Хар фудволктой залуу юм хэлэхгүй байсан. Тэр хоёр ширээн дээрээ очиж маргалдаж байгаад хар фудволктой залуу нь шар айраг уудаг том шилэн бакал аваад толгойр уу нь олон удаа цохисон. Эхлээд цохиход нь бакал нь хагараад гарт нь бариул нь үлдсэн тэр бариулныхаа шилээр ахиад цохиод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас
5.Гэрч Г.Х-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед найз З.З, Г.Х нартай уулзаад З.З-ын гэрт нь 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэрийгээ ууж дуусаад "888" баар орж "Ауруг" нэртэй 0.75 литрийн архинаас 2 шилийг авч гурвуулаа хувааж уусан. Би архиа ууж байгаад тасарчихсан байсан. Тухайн үед болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Би ухаан ороод харсан гэртээ очоод унтчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар хуудас /
6.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай:
“1.Г.Х-ын биед баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлын зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
7.Яллагдагч З.З-ын “...Би архи ууж сууж байгаад тасарчихсан байсан. Бааранд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороод сэргээд харсан цагдаа дээр сэрсэн. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 40 минутын үед Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд хохирогч Г.Х-ын толгой руу нь пивоны шилэн аягаар олон удаа цохиж, өшиглөж улмаар нүүрэн тус газар цохисны улмаас биед нь баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч З.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаан нөхцөл нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Г-ийн Х /РД:0000/-ын биед баруун чихний дээд болон ар хэсгүүд, толгойн дагзны төвгөрийн баруун, зүүн хэсгүүдийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлүүд учирсан байна.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би З.З-тай 2015 оноос хойш найзалж, нөхөрлөж байна, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн /хх-ийн 9 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.З-т үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч З.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч З.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.З-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг саарал өнгийн “HP” гэсэн бичиглэлтэй 4GB багтаамжтай, төмөр флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бо овогт З-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт З-ын З-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-т оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч З.З нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч З.З-т холбогдох эрүүгийн 2240000000047 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг саарал өнгийн “HP” гэсэн бичиглэлтэй 4GB багтаамжтай, төмөр флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7.Шүүгдэгч З.З-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ