Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

2022        09        09                                         2022/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Г

Шүүгдэгч М.,  Н.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Н-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Е, Б овогт Н-ын Т нарт холбогдох эрүүгийн 223... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоож шилжүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 20... оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хаймгийн Г суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Б дүүргийн 16 дугаар хороо, Т-14-253 тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт М-ийн. /РД:............/.

2.Монгол Улсын иргэн, 20... оны 10 дугаар сарын 07-ны өдөр У хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын  хамт, У хот Бдүүрэг, 17 дугаар хороо 41-03 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 10 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Н-ын Т. /РД:000000000/.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Е, Н.Т нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Х аймгийн Х сум 4 дүгээр баг Б31-р байрны орцны 1 давхарт байсан Ө.М -ийн эзэмшлийн ХЕК брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж       Ө.М -д 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдал, хохиролтой холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Е мэдүүлэг өгөхгүй гэсэн ба дугуйг сонирхоод авчихсан. Уул нь ахындаа орох л гэж байсан юм. Гэмшиж байна. Цаашид анхаарна. Доороо таван дүүтэй, дүү нартаа ч энэ талаар ойлгуулна... гэв.

Шүүгдэгч Н.Т: “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн ба гэмшиж байна. Одоо дүгнэлт хийхэд өөртөө гутарч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Дугуй хулгайлах болсон шалтгаанаа ерөөсөө мэдэхгүй байгаа...” гэв.

Эрүүгийн 223...............  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-4 дүгээр хуудас/

2.Хохирогч Ө.М -ийн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  ажлаа тараад 19 цаг болж байхад гээтээ ирээд унадаг дугуйгаа орцондоо тавьчихаад гэртээ орсон. Манай эхнэр У 21 цаг 30 минутанд ирэхэд миний унадаг дугуй  орцонд байсан. 23 цаг 10 минутад дугуйгаа шалгах гээд гараад иртэл миний унадаг дугуй байхгүй болсон байхаар нь ойр орчмоор хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Би унадаг дугуйгаа 2021 оны 7 сард Улаанбаатар хотоос 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Дугуйны арам дээрээ HEK гэсэн хар өнгийн бичигтэй. Миний дугуй Х аймагт ганцхан байгаа. Гомдолтой байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

3.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022//ШД/220 дугаартай ...унадаг дугуйны зах зээлийн үнэлгээг 1,260,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт / хх-ийн 30-32 дугаар хуудас/

4.Шүүгдэгч М.Е- ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн үеэл ах Т-ын  ажлын ах болох О- ахад У- хот явах гэж байгаа талаараа хэлэх гээд Х- аймгийн Х- сум 4-р багт байрлах Б31 дүгээр байранд очиход О- ах гэртээ байхгүй болохоор нь тэр байрнаас гарч байтал 1 давхрын орцонд цагаан өнгийн засмалын дугуй байсан. Тэгээд ах бид хоёр хоорондоо тоглоомоор тэр дугуйг авах талаар ярилцаж байгаад аваад У-луу явсан. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/

5.Шүүгдэгч Н.Т-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед би өөрийн хамт ажилладаг О ахад У явлаа гэж хэлэх гээд Б31-р байранд очиход тэр ах гэртээ байгаагүй. Тэгээд гараад явж байтал орцонд нэг унадаг дугуй байхаар нь манай үеэл дүү Е бид хоёр ямар гоё дугуй вэ гэж байгаад авч явахаар шийдээд гадаа байсан Alphard маркийн 63-58 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард хийж ачаад шууд Улаанбаатар луу гарсан...Би болон манай дүү тэр унадаг дугуйг эзэнд нь эргүүлж өгч хохирлыг нь  барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/ болон

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр:

1.Шүүгдэгч Б овогт М-ийн Е анх удаа гэмт хэрэг үйлдсэн тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”        /хх-ийн 71 дүгээр хуудас/

2.Цагаан өнгийн XEK  HIGH гэсэн бичигтэй унадаг дугуйг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 50 минутад хохирогч Ө.М -д хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 89 дүгээр хуудас/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Е, Н.Тр нар нь бүлэглэж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Х аймгийн Х сум 4 дүгээр баг Б31-р байрны орцны 1 давхарт байсан Ө.М -ийн эзэмшлийн *ХЕК" брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж        Ө.М -д 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байна.

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Е, Н.Т нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч  Ө.М -д 1,260,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид унадаг дугуйг буцааж өгснөөр хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтийг нотариатаар гэрчлүүлэн Х аймгийн Цагдаагийн газарт гаргасан /хх-ийн 96 дугаар хуудас/  байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Е, Н.Т нар нь бусдад төлөх төлбөргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Е, Н.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Шүүгдэгч М.Е, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид унадаг дугуйг буцаан өгснөөр хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 6 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн    3.3-т заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.

           Шүүгдэгч нарын тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол болон Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

           Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.            

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б овогт М-ийн Е, Б овогт Н-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ийн Е, Б овогт Н-ын Т нарт 6 /зургаа/ сарын хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,  хяналт тавихыг Нийслэлийн Баянгол болон Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Е,  Н.Т нарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч М.Е, Н.Т  нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ