Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

             Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

             Улсын яллагч Г.Тунгалаг

     Шүүгдэгч Б.Батсуурь нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Батсуурьд холбогдох 2232000930316 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар ариун цэврийн шинжээч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баян-Зүрх дүүрэг 25 дугаар хороо, А-Үйлс 154б-308 тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ Түмэт суурь ХХК-д захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэд  овогт Батбаатарын Батсуурь. /РД:УО88042015/

             Шүүгдэгч Б.Батсуурь нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Ланд круйзер-200 загварын 00-28 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Баянголын гүүр гэх газрын орчимд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас төв засмал замыг засварлах зорилгоор хааж овоолсон шороог мөргөж тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Батсайхан, Б.Ганболд нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батсуурийн өгсөн  ……  2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Баянголын гүүр гэх газарт зам тээврийн осол гаргасан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн болох 00-28 УНД улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Ж.Батсайхан, Б.Ганболд, Энхтөр, Түвшинзаяа нарын хамт явсан. Намайг чигээрээ орж ирэхэд баруун гар тийш эргэх сум тавьсан байсан гэдгийг тухайн үед харалгүй маргааш нь харсан. Тухайн үед эсрэг чиглэлээр машин явж өнгөрөхөөр нь чигээрээ явсан чинь өмнө шороо овоолсон байсныг харалгүй дээгүүр нь гараад дахин цаана овоолсон байсан шороог мөргөөд машин онхолдсон. Ослын улмаас Батсайхан, Ганболд хоёрын нуруу хугарсан, өвчүү нь хугарсан. Би Батсайханд 3 сая гаран төгрөг, Ганболдод 1 сая гаран төгрөг тус тус төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Хохирогч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Осол гарах үед хамгаалах бүстэй явж байсан. Осол гарах үед би сэрүүн байсан бөгөөд Батсуурь бид хоёр юм яриад Батсуурь сонсоод явж байсан бөгөөд осол гарахын өмнө ачааны том машин манай машинтай зөрж өнгөрсөн бөгөөд тоос шороо босоод үзэгдэх орчин хязгаарлагдах үед овгор шороон дээгүүр харайн осол гарсан.... Батсуурь нь манай төрсөн эгчийн хүүхэд бөгөөд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүйМанай байгууллагад ажилладаг юм. Эрүүл мэнд болон автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх санал гомдол байхгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг /Хх-н 79 дүгээр хуудас/

           Хохирогч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын хилээр Монгол улсад нэвтрээд шөнө 00 цаг өнгөрч байх үед Сэлэнгэ аймгаас гарсан. Тухайн үед ланд круйзер маркийн 00-28 УНД дугаарын автомашинд суугаад Б.Батсуурь жолоодон жолоочийн хажууд Батсайхан, жолоочийн ард Энхтөр, голд нь би, эсрэг талд Түвшинзаяа суугаад Улаанбаатар хот орохоор явсан. Би суугаад нам унтчихсан бөгөөд замдаа зогсоогүй. Гэнэт түс няс гээд осол болж байгаа нь сонсогдоод машин онхолдож байсан. Би хажууд сууж байсан Энхтөрийн хөлийн дор унаж байсан. Жолооч Батсуурь машинаас бүгдийг татаж гаргасан. Гараад миний нуруу өвдөж байсан. .... Цаашид надад нэхэмжлэх санал гомдол байхгүй. Зардлаа бүрэн төлүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 97 дугаар хуудас/

       Иргэний нэхэмжлэгч С.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Зээл графикийн дагуу хэвийн төлөгдөж байна. Зээлээ хугацаандаа төлөөд яваад байгаа тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй. Төлөхөө больсон тохиолдолд зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу асуудлаа шийдвэрлэн явах боломжтой гэх мэдүүлэг /Хх-н 110 дугаар хуудас/

         Гэрч Л.Түвшинзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гэнэт хүмүүс хашгиралдаад машин өнхрөх шиг сангдаад зогсох үед би бүсэндээ зүүгдчихсэн байсан. Бүсээ тайлах үед нөгөө хоёр луугаа унаад байх үед нэг талын хаалга онгойж Батсуурь биднийг татаж гаргасан. Би гэмтэл дээр ирж үзүүлэхэд ямар нэгэн хугаралгүй гэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Надад Батсуурь болон бусад хүмүүсээс нэхэмжлэх санал гомдол байхгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг /Хх-н 126 дугаар хуудас/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр № 6220..... Дүгнэлт:

          1.Б.Ганболдын биед сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан далд хугарал, дух, хамар, дээд, доод уруулд няцарсан шарх, баруун бугалга, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 33-34 дүгээр хуудас/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр № 6219 ..... Дүгнэлт:

         1.Ж.Батсайханы биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж, бяцарсан далд хугарал, өвчүүний зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 38-39 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 2394........ Дүгнэлт:

        1.2.Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Б.Батсуурь 34/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй гэх /Хх-н 53-54 дүгээр хуудас/

        Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинд учирсан эвдрэл хохиролд 44620000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон Гэрэгэ Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 165 дугаар хуудас/

        Мөрдөгчийн магадлагаа 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 650 ....

        1.Жолооч Б.Батсуурь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1.  жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, болон “12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

        2. Хохирогч Ж.Батсайхан, Б.Ганболд нар нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх /Хх-н 174 дүгээр хуудас/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 04-11 дүгээр хуудас/

      Шүүгдэгч Б.Батсуурийн байнга оршин суух хаягийн лавлагаа /Хх-н 180 дугаар хуудас/

      Түмэд овогт Батбаатарын Батсуурь нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Замын цагдаагийн албаны мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 181 дүгээр хуудас/

    Тээврийн прокурорын газарт хохирогч Б.Ганболдын гаргасан гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүү гэсэн хүсэлт /Хх-н 202 дугаар хуудас/

       Тээврийн прокурорын газарт хохирогч Ж.Батсайханы гаргасан ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 204 дүгээр хуудас/

         Тээврийн прокурорын газарт яллагдагч Б.Батсуурийн гаргасан гэм буруугаа хүлээж байна, ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 203 дугаар хуудас/ зэрэг болно.

       Шүүгдэгч Б.Батсуурь нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Ланд круйзер-200 загварын 00-28 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Баянголын гүүр гэх газрын орчимд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас төв засмал замыг засварлах зорилгоор хааж овоолсон шороог мөргөж тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Батсайхан, Б.Ганболд нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

     Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

     Шүүгдэгч Б.Батсуурь нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

     Хохирогч Б.Ганболд, Ж.Батсайхан нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг дурьдаж, хохирогч Б.Ганболд, Ж.Батсайхан нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээс үүссэн цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан үр дагавар, хор уршгийн зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” .... гэж тус тус заажээ.

         Шүүгдэгч Б.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Түмэд овогт Батбаатарын Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батсуурийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батсуурь нь 600000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батсуурь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

       6. Хохирогч Б.Ганболд, Ж.Батсайхан нар нь зам тээврийн ослын улмаас  учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батсуурьд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.