| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0073/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
2022 09 14 2022/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Б
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 224....... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 6 дугаар баг Ц 01-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Д. /РД:00000000000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Г сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А” бараан дэлгүүрийн гадаа М.-ы зүүн шанаа хэсэгт гараараа цохиж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн хоншоорын хөндийн урд, арын хана, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зүүн завжинд шарх гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гэсэн ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1,200,000 төгрөг төлсөн, мөн хохирогчоосоо уучлалт гуйсан. Хохирогч М.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэв.
Эрүүгийн 224....... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч М.Э-“...Би Х аймгийн Г сумын 6 дугаар багт барааны дэлгүүр дээр 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр С гэдэг залуутай цуг очоод мотоцикльдоо сэлбэг авах гээд дэлгүүр орсон. Дэлгүүр орчихоод гараад ирсэн Д надтай цуг явж байсан С-тай уулзаад бензин гуйгаад зогсож байсан. Тэр хоёр цуг Сумъяагийн мотоцикль дээр очоод бензин хийчихээд буцаад ирсэн. Д буцаж ирээд намайг цохиод газар унагасан. Газар унаад босох гэсэн нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн надтай цуг явж байсан С салгасан. Би С-тай цуг мотоцикльтой нь яваад өгсөн. ...Би дэлгүүрээс гарч ирээд бензинээ өөрөө авч чадахгүй байна уу гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Б.Д надад 1,200,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/
2.Гэрч М.С-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр саахалт айлын ах Э-хамт Х аймгийн Г сумын Ц гэх уулын тахилгад наадам үзэх гээд манай мотоцикльтой бид хоёр явсан юм. Наадам нь 12 цагийн үед эхлээд 16 цагийн үед дууссан байх. Тэгээд бид хоёр гэр лүү буцахдаа замаараа мотоциклондоо сэлбэг авах гээд Г сумын төвийн барааны дэлгүүрийн баруун хойно нь мотоциклоо тавиад дэлгүүр лүү хамт орсон. Тэгээд дэлгүүрээс бид хоёр сэлбэгээ авчихаад гарах үед нэг согтуу залуу зогсож байсан. Миний бие тэр залууг танихгүй, харин Э ах таниад байх шиг байсан. Д гэх шиг болсон. Тэгсэн яг тэр залуу нь надтай уулзаад "Бага зэрэг бензин өгчих гээд" гуйхаар нь би өгөх гээд мотоцикль руугаа явсан араас Д гэх залуу дагаад ирсэн. Харин Э барааны дэлгүүрийн баруун талд зогсож байсан. Тэгээд надаас бензин авчихаад тэр залуу Э ах дээр очоод шууд нүүр лүү цохиод дөнгөж өндийж байхад нүүр хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгээд миний бие хурдан очиж тэр хоёрыг салгасан. Тэгсэн согтуу Д гэх залуу "Алчий", "Нэг мөсөн гүйцэгээд хаячий" гэж хэлээд байсан. Тэгээд нөгөө Д гэх залуу надаас авсан бензинээ мотоциклондоо хийчихээд араас дагаад яв гээд мотоциклоо согтуу унаад явсан. Би Э ахыг ардаа суулгаад өөр зүг явсан. Хэсэг хугацааны дараа 30-40 минутын дараа бид хоёр сумын эмнэлэг орж үзүүлсэн. Миний бие тэр хоёроос наад талд бага зэрэг зайтай зогсож байхад Д нь "Чи талийгчийг алсан биздээ, би харсан" гэж чанга чанга орилоод зодож байсан. Тэгээд миний бие очиж салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас /
3.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9725 дугаартай:
“1.М.Э- биед зүүн хоншоорын хөндийн урд, арын хана, зүүн ухархайн дотор, доод, арын хана, зүүн хацар ясны нум, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зүүн завжинд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.06.26-ны өдөр үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт, /хх-ийн 16-17 дугаар хуудас/
7.Яллагдагч Б.Д-ийн “...Би Хэнтий аймгийн Галшар суманд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон "Ц" уулын тахилга дээр өглөөгүүр очсон. Уулын тахилган дээр очоод отроор явж байсан хоёр ахтай 2.5 литрийн пивоноос 4 ширхэгийг хувааж уусан. Тэрийгээ уучихаад 16 цаг өнгөрөөгөөд сумын төврүү өөрийнхөө мотоцикльтай ганцаараа очсон. Сумын төв ороод "А" барааны дэлгүүрийн гадаа очсон С гэдэг залуу байхаар нь бензингүй болчихлоо, жоохон бензин өгчих гээд зогсож байсан дэлгүүрээс М.Э гарч ирээд өөрөө бензинээ хийж чадахгүй байна уу гэсэн. Би тэр үед нь юм хэлээгүй. Би С-тай хамт мотоцикль дээр нь очоод саванд бензин хийж авчихаад буцаад өөрийнхөө мотоцикль дээр ирсэн. Тэгсэн М.Э зогсож байхаар нь бензинээ мотоцикльдоо хийчихээд очоод баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохисон газар унаад өгсөн. Би газар уначихаар нь мотоциклио унаад яваад өгсөн. Намайг өөрөө бензинээ авч чадахгүй байна уу гэхээр нь би цохичихсон юм. Тэрнээс өөр өс хонзонгийн зүйл байхгүй. Тэр үедээ согтчихсон байсан болохоор цохичихсон юм. Би анх 500,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 1.000.000 төгрөг шилжүүлнэ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Галшар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А” бараан дэлгүүрийн гадаа М.Э-зүүн шанаа хэсэгт гараараа цохиж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн хоншоорын хөндийн урд, арын хана, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зүүн завжинд шарх гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, биеэ авч явах байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын үл ойлголцол зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х овогт М-ын Э /РД:000000/-ы биед зүүн хоншоорын хөндийн урд, арын хана, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зүүн завжинд шарх бүхий гэмтлүүд учирсан байна.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Б.Д надад 1,200,000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн /хх-ийн 41-42 дугаар хуудас/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Д-ийн Д-ийн 5366... тоот дансанд 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр М.-ы 594200000 тоот дансанд 700,000 /долоон зуун мянга/ төгрөг шилжүүлсэн ХААН банкны болон Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт /67-68 дугаар хуудас/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Д-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид 1,200,000 төгрөг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч Б.Д нь ам бүл 6, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “А” данс байхгүй талаар Х аймгийн Г сумын Б багийн Засаг даргын тодорхойлол хэрэгт авагдсан /66-р хуу/, мөн шүүгдэгч нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгааг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-гийн Д-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.Д-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ