| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0385/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2018-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 376
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Н- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Н.г-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Н-,нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, хариуцагч Х.Н.г-, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Х.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Н.г-тэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсны дараа бидний таарамжгүй байдлын улмаас шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаар бүхий шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д-г эх нь болох Н.г-ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн билээ. Бидний гэрлэлтийг цуцалснаас хойш Н.г- Улаанхус сумд эцэг эхийн хамт амьдарч эхэлсэн бөгөөд би хэд хэдэн удаа хүүхэдтэйгээ уулзахыг хичээсэн боловч хүүхэдтэй минь уулзуулаагүй бөгөөд хэрүүл маргаан гарч болзошгүй тул албаны зарим хүмүүс очихгүй байхыг зөвлөсөн. Бидний гэрлэлтийг цуцалснаас хойш Х.Н.г- нь Улаанхус сумын 2 дугаар багт оршин суух өөр хүнтэй гэр бүл болсон байх бөгөөд Н.г-ийн асрамжид байгаа Д-г түүний одоогийн нөхөр байнга зодож эрх ашигт халдаж хүчирхийлэлд өртүүлсэн тул охин Д- одоогоор Х.Н.г-ийн эцэг эхийн асрамжид байгаа юм. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хүмүүс сайн мэдэж байгаа байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбект Х.Н.г-ийн эцэг Х нь”Х.Н.г-ийн одоогийн нөхөр хүүхдийг байнга зодож хүчирхийлэлд өртүүлсэн тул би аваад асарч байна, хүүхдийг эцэгт нь буцааж өгөх эсвэл нэг мөсөн Х надад үрчлүүлэн өгөхөөр бичиг хийж өгөхийг хүсэж байгаа талаар “мэдэгдэж өгөхийг хүссэнээр шийдвэр гүйцэтгэгч надад дамжуулан хэлсний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнд охин Д-, Х, Н.г- бид дөрөв уулзан би охиноо хүнд үрчлүүлэн өгөхгүй гэдгээ хэлж хүүхдийг өөрийн асрамжид авахыг хүссэн боловч Н.г- охиныг өгөхөөс татгалзаж эцэг Хд үрчлүүлэн өгөхийг зөвшөөрсөн бичиг хийж өгөхийг шаардан маргаан үүсгэн яваад өгсөн. Шүүхийн шийдвэрээр асрамжид үлдээсэн охиныг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэн асран хамгаалж чадахгүй байдалд хүрч хараа хяналтгүй өөр хүний гэрт үлдээн хүүхдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тул би охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн охин Д-г асрамжийг өөрчлөн миний асрамжид үлдээж өгөхийг хүсье. Хэрэв охин Д-г миний асрамжид өөрчилсөн тохиолдолд би Х.Н.г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болохоо илэрхийлж байна гэв.
Хариуцагч Х.Н.г- шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие нэхэмжлэгч болох Х.Наурызханы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие 2013 онд төрсөн охин Д-г төрсөн эцэг нь болох Х.Наурызханы асрамжид өгөхөд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна. Охиныг минь сайн хүмүүжүүлж, их дээд сургуульд сургаж сайн хүн болгоорой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шийдвэрээр Х.Н-, Х.Н.г- нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Д-г эх нь болох Х.Н.г-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
Гэхдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шийдвэрийн дагуу охин Н.Д- эхийн асрамжид байх ёстой боловч эхийн асрамжид байгаагүй, охин Н.Д- төрсөн эхээс тустаа хариуцагч Х.Н.г-ийн эцэг эхийн хамт амьдарч байсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Улмаар хариуцагч Х.Н.г- шинээр гэр бүл зохиож тустаа гарснаар охин Н.Д-г өөрийн асрамжид авах боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон гэдгийг мэдэгдэн, охин Н.Д-г төрсөн эцэг Х.Н-ийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд эдгээр бодит нөхцөл байдлыг харгалзан үзээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Д-гийн асрамжийг өөрчилж, эцэг Х.Н-ийн асрамжид шилжүүлэн, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н.г-эс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Д-г эх Х.Н.г-ийн асрамжид үлдээснийг өөрчилж, эцэг Х.Н-ийн асрамжид шилжүүлсүгэй.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н.г-ээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-т олгосугай.
3.Нэхэмжлэгч Х.Н- нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч Х.Н.г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК