Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 122

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Си" ХХК-д холбогдох

 

Олох байсан орлого, түрээсийн төлбөр, алданги, эд зүйлийн үнэ, ашиглалтын зардалд 163 073 127.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 382 403 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Я,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Си” ХХК нь “С” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525,4 м.кв талбайг 4 жилийн хугацаатай түрээслэн ашиглахаар харилцан тохиролцон 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 4 жилийн гэрээний хугацаа дууссан, мөн “Си” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, талбайг ашиглахгүй, өөрийн эд зүйлээ авч талбайг чөлөөлөөгүй байгаа болно. “С” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 2 давхар барилгын 1 давхрын хэсгийн 525,4 м.кв талбайг “Си” ХХК нь бүрэн чөлөөлж, эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлага гаргасан. Гэвч “Си” ХХК нь уг талбайгаас авах эд зүйл байхгүй гэдэг боловч түүний эзэмшиж байсан талбайгаас заалны хэсэгт байгаа 51 нэр төрлийн, гал тогооны хэсэгт байгаа 31 нэр төрлийн, оффисын хэсэгт байгаа 18 нэр төрлийн, хар өрөөнд байгаа 9 нэр төрлийн, нийт 109 нэр төрлийн эд зүйлийг түрээсийн талбайгаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. “Си” ХХК нь манай компанийн өмчлөлийн барилгын 1 дүгээр давхрыг буюу 525,4 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг түрээслэхээр тохиролцон, 4 жилийн хугацаатай гэрээ байгуулан нэг сарын түрээсийн төлбөрийг 5 500 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн ашиглалтын зардлыг холбогдох байгууллагаас ирсэн нэхэмжлэхийн 50 хувиар тооцож төлөх, түүнчлэн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын үнийн дүнгээс тус тус хоног тутмын 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгасан. Гэрээний хугацаанд “Си” ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь байнга хэтрүүлэн төлдөг байсан ба талуудын төлөөлөл тооцоо нийлж 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр нийт 22 940 173 төгрөг болохыг тогтоож, акт үйлдсэн. Энэ тооцооны дагуу ашиглалтын төлбөр 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 400 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 995 913 төгрөг, түрээсийн төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3 400 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 168 518.5 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Түрээслэгч “Си” ХХК нь түрээсийн байранд 2014 оны 7, 8 дугаар сард ажиллаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хаалга түгжин бидэнтэй уулзаагүй алга болж, харин “Си” ХХК-ийн захирал Г.Я нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байрны хаалганы 1 ширхэг түлхүүрийг актаар хүлээлгэж өгсөн боловч өөрийн эд зүйлээ авч, объектыг чөлөөлж өгөхгүй түрээслүүлэгчид хохирол учруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа хүссэн боловч “Си” ХХК-иас хадгалах газаргүй, би тэрийг аваад яах юм бэ, авах юм байхгүй гэж хэлдэг байсан ба харин өөрт нь хэрэг болсон зүйлээ шөнө оройн цагаар ирээд аваад явдаг байсан. Түрээслэгч “Си” ХХК-д түрээсийн байрыг чөлөөлөөд, тооцоо нийлэх саналыг манайх удаа дараа тавьсан боловч түрээслэгч бидний саналыг хүлээж аваагүй болно. Талуудын тохиролцсоноор гэрээний хугацаа 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд түрээсийн талбайг “Си” ХХК-д 2011 оны 3 сард хүлээлгэн өгч, тодорхой тохижилт хийхийг зөвшөөрч, түрээсийн төлбөрөөс 2 сар чөлөөлсөн. Ийнхүү түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн нь түүний хөрөнгө оруулалтыг тооцох үндэслэл болно. Гэрээний 1.3-д түрээслэгчийн барилгын засан сайжруулалтын хөрөнгө оруулалтанд гарсан зардлыг 2 тал зохих үнэлгээний байгууллагаар хийлгэн гэрээний хавсралт болгоно гэж заасан байтал Г.Я захирал өөрөө дангаараа энэ тайланг хийлгэснээр уг заалтыг зөрчсөн. Г.Я нь 2014 оны 7 сард түрээсийн байрыг орхиод явснаас хойш бүтэн жилийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түлхүүр хүлээлгэж өгсөн. Энэ хүртэл хугацаанд талбайг түрээслэх боломжгүй байлгасан учир бид орлого олох ёстой, талбайг чөлөөлж өгөөгүй учир 2014 оы 7 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогоо тооцсон. 2014 оны 7 сараас 2015 оны 5 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр тусдаа ойлголт бөгөөд энэ хугацааны төлбөрийг төлөөгүй тул тохиролцсон алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн. Түрээсийн гэрээ үргэлжлэх хугацаанд Г.Я түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлдөг байснаас талууд тооцоо нийлж, хэтрүүлсэн хугацааны алдангийг төлөхөөр тохиролцсон. “С” ХХК-ийн өмчлөлийн дээрх барилгыг бүхэлд нь бус 1 дүгээр давхар буюу 525.4 м.кв талбайг түрээсэлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Талууд өөрсдөө гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хэн аль нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно. Иймд өнөөдрийг хүртэл байрыг бүрэн чөлөөлж өгөөгүйгээс байрыг бусдад түрээслэх боломжгүй байлгаснаас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны олох байсан орлого болох нэг жилийн 66 000 000 төгрөг, “Си” ХХК-иас гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны буюу 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 10 сарын төлөөгүй түрээсийн төлбөр 50 564 570 төгрөг, дээрх түрээсийн төлбөрийн алданги 25 282 285 төгрөг, ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 937 012.24 төгрөг, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 4 745 000 төгрөг, гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги 15 375 741.5 төгрөг, нийт 163 073 127.24 төгрөгийг “Си” ХХК-иас гаргуулан “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч болох М.С-т хүлээлгэн өгч энэ талаараа эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрийн байраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах бололцоотой болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого, түрээсийн төлбөр, түрээсийн төлбөрийн алданги, ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл, актаар дутуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ, гэрээний хугацаанд сарын түрээсийн төлбөрийг хоцроож төлж байснаас төлөхөөр тохиролцсон алданги нийт 163 073 127.24 төгрөг нэхэмжилсэн шаардлагууд хоорондоо зөрчилтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн мөртлөө дахин ашиг олох ёстой байсан гээд орлого нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Түрээслүүлэгч 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн байрны хаалгыг гинжилчихсэн байсан учраас цаашид хэвийн байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд хэрэв үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байсан бол ашиг олох боломжтой талаар нэхэмжилж болох байсан. Ашиглалтын зардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ашигласан хугацааны төлбөрийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ биш, зөвхөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэр агуулсан гэж үзэж байна. Уг гэрээний 2.2-т гэрээг 3 хувь үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэдэгтэй маргахгүй байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Олох ёстой орлого 66 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч манайх талбайгаа ашиглахад нь саад болоогүй учир талбайгаас эд зүйл чөлөөлүүлэх шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан гэж үзэж байх тул түрээсийн байрыг бусдад түрээслүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Түүнээс гадна түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлээд байх тул зөвшөөрөхгүй бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хаалгыг түгжсэнээр уг талбайг ашиглаагүй учир энэ хугацааны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Гэрээний хугацаанд төлөхөөр тохиролцсон алданги нэхэмжилсэн боловч талууд харилцан тохиролцоод ажлын өрөө суллаж авснаар алдангийг авахгүй байхаар тохиролцсон бөгөөд ашиглалтын зардлыг бүрэн төлсөн. Харин актаар хүлээлгэж өгсөн эд зүйлээс 850 000 төгрөгийн эд хөрөнгө дутуу хүлээлгэж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс үүргээ бүрэн биелүүлж, түрээсийн төлбөрийг төлж явтал “С” ХХК-ийн зүгээс үл ялих зүйлээр шалтаглаж түрээсийн гэрээний зүйл болох түрээсийн байрыг ашиглах боломжгүй болгож, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хаалгыг гинжилсэн. Түрээслүүлэгч талын дээрх хууль бус үйлдлээс болж манай компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол амссан. Бид тус түрээсийн байранд түрээслүүлэгч талын зөвшөөрлөөр буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт түрээслүүлэгч энэхүү гэрээний 4.1 дүгээр зүйлд заасны дагуу, түрээслэгчид түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн байрыг засварлах 1,5 сарын хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлнө. Уг гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж, мөн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1,5 сарын хугацаанд манай компани нийт 382 403 900 төгрөгийн засан сайжруулалтын засварыг хийж, тухайн байранд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж өнөөгийн зах зээлийн ханшийг өсгөсөн. Засан сайжруулалт хийсэн даруйдаа хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Итгэлт Бээс” ХХК-иар үнэлүүлсэн болно. Түрээслүүлэгч нь түрээсийн байрыг 2011 оны 3 сард шилжүүлэн өгсөн гэх боловч уг байр ашиглах боломжгүй байсан. 2011 оны 5 сар хүртэл засвар тохижилт хийсэн. Ийнхүү түрээсийн талбайг ашиглах боломжтой болсноор төлбөр тооцогдож эхэлсэн. “Итгэлт Бээс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Си” ХХК нь бусдын өмчлөлийн байранд засварын ажилд 189 173 020 төгрөг, тохижилтын ажилд 33 578 880 төгрөг, тоног төхөөрөмжийн дүн 159 652 000 төгрөг, нийт 382 403 900 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээ байх тул тус гэрээ нь мөн хуулийн 318.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу “С” ХХК нь 382 403 900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Дээрх хэмжээний засан сайжруулалтын зардал гаргаж, түрээсийн байрыг тохижуулсан боловч салгах боломжгүй болсон учраас уг талбайд орхисон. Нэхэмжлэгч тэнд хариуцагчийн ямар эд хөрөнгө байгаа болохыг тодорхойлох боломжгүй учраас эд зүйл гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 382 403 900 төгрөгийг тодорхойлсон. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “С” ХХК нь 382 403 900 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул түүнээс 382 403 900 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Си” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрны нэгдүгээр давхарын талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаад гэрээний хугацаа дуусаагүй байхад үйл ажиллагаагаа зогсоож, зарим эд зүйлсээ нууцаар гадагш зөөсөн ба гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл байрыг чөлөөтэй ашиглаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагчид байрыг чөлөөлж өгөх тухай хүсэлтийг удаа дараа тавьсан бөгөөд хариуцагч “Си” ХХК-ийн захирал Г.Я нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байрны хаалганы 1 ширхэг түлхүүрийг актаар хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т хоёр тал байлцаж байж үнэлгээний тайланг хийлгэнэ гээд заасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл болгоод байгаа үнэлгээний тайлангийн зорилгыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх зорилгоор гэж тодорхойлсон байна. Түргэн муудах, элэгдэх хугацааг тооцоогүй, алдаатай, үнийн дүн нь зөрүүтэй тайлан гаргасан байна. “Си” ХХК-ийн 2016 оны жилийн тайлангаас үзэхэд эдгээр эд хөрөнгө тус компанийн бүртгэлд тусгагдсан баримтгүй байна. “Си” ХХК нь хуулийн этгээд болохын хувьд тайлан бүртгэлдээ энэ нэхэмжлээд байгаа 382 403 900 төгрөгийн эд хөрөнгөө бүртгэсэн талаарх баримт байхгүй байна. Хариуцагч эдгээр зүйлээ өөрсдөө үл хөдлөх эд хөрөнгөд шингэсэн үндсэн хөрөнгө гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ үнэлгээний тайлангаар гаргасан 382 403 900 төгрөг бүхэлдээ үндсэн хөрөнгө мөн эсэх асуудал гарч ирнэ. “Си” ХХК нь нэхэмжлээд байгаа эд хөрөнгөө байгаа гэдгийг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хэрэв бид Г.Я захиралд өөрт нь мэдэгдэхгүйгээр тэдгээр эд зүйлийг аваад ашиглачихсан бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байлаа. Иймд “Си” ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382 403 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, хууль бус байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Си” ХХК-иас 18 937 753.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144 135 374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “С” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 382 403 900 төгрөг гаргуулах тухай “Си” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “С” ХХК нь “С” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг “Си” ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Си” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252 639 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 043 516 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 069 970 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцүүлсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ" гэж тайлбарлажээ. Улмаар тус үндэслэлдээ тулгуурлаж "Си" ХХК нь "С" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус 525.4 м.кв талбайг түрээслэсэн учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь талууд 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр үйлдсэн. Уг түрээсийн гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлэх тусгай хэм хэмжээ бүхий хэлбэрийн шаардлага тавигдсан байгаа болно. Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн 2011 оноос хойш дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ажил огт хийгдээгүй бөгөөд энэ нь түрээсийн гэрээг анхнаасаа хэлбэрийн шаардлага зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг илтгэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын харилцан тохиролцсон тусгай нөхцлийг харгалзаж үзэлгүй хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

"Си" ХХК нь анх түрээсийн байрыг хүлээж авахдаа тусгай зөвшөөрөл “Итгэлт бээс" ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд заасанчилан "Си" ХХК нь "С" ХХК-ийн үйлчилгээний зориулалттай байранд дотоод засварын 189 173 020 төгрөг, тохижилтын ажлын 33 578 880 төгрөг, тоног төхөөрөмжийн 159 652 000 төгрөг, нийт 382 403 900 төгрөгийн засан сайжруулалт хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн тус засан сайжруулалт нь тухайн үл хөдлөх хөрөнгийн дотоод зай талбай, шинж онцлогт тохируулан хийгдэж, түрээсийн зүйлийн салшгүй хэсэг болсоноос гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэд дахин нэмэгдүүлж, "С" ХХК-д ашиг орлого олох үндэсийг бүрдүүлсэн болохыг "Си" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн зурган баримтуудаас харж болно. Ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу "С" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ илт өссөн, өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай үнэлж үзэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир шийдвэрт өөрчлөлт оруулан, "С" ХХК-иас хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн 382 403 900 төгрөгийг Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж, давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч "С" ХХК хариуцагч "Си" ХХК-д холбогдуулан  "С" ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг "Си" ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах, олох байсан орлого, түрээсийн төлбөр, алданги, эд зүйлийн үнэ, ашиглалтын зардалд 163 073 127.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь "С" ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах барилгын 1 давхарын хэсгийн 524,4 м.кв талбайг "Си" ХХК нь бүрэн чөлөөлж, уг талбайгаас 109 нэр төрлийн эд зүйлээ авч гаргахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр "С" ХХК нь 382 403 900 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Хариуцагч сөрөг шаардлагынхаа үндэслэлийг "С" ХХК-ийн түрээсийн байранд Айр паб ажиллуулах зорилгоор засан сайжруулж 189 170 020 төгрөгийн засвар, 33 578 880 төгрөгийн тохижилт хийж, 159 652 000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан учир нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 382 403 900 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

            Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг хооронд харьцуулан судалвал “Си” ХХК нь “С” ХХК-ийн түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн эсэх, хэрэв засан сайжруулалт хийсэн бол салгаж болох эд хөрөнгө байгаа эсэх, салгаж болох эд хөрөнгө байгаа бол хариуцагч салгаж авсан эсэх, мөн хариуцагч үйл ажиллагаандаа зориулж түрээсийн байранд эд хөрөнгө худалдан авсан эсэх, хэрэв худалдан авсан бол хичнээн нэр төрлийн ямар эд хөрөнгө байсан, уг эд хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчийн түрээсийн байранд үлдээсэн эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй үлджээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч нь түрээсийн байрнаас авах зүйл байхгүй гэж хэлсэн тул эд зүйлийг түрээсийн талбайгаас гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэх тайлбар гаргасан атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд үнэлгээ тогтоолгосон эд хөрөнгөө хариуцагч 2014 онд аваад явсан гэх тайлбар нь зөрүүтэй байх тул дээрх тайлбарын зөрүүг арилгах шаардлагатай байна.         

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6733 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 372 дугаар магадлалд нэхэмжлэгчийн түрээсийн байранд хариуцагчийн ямар эд хөрөнгө үлдсэн нь тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэж шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч уг ажиллагааг гүйцэд хийгээгүйгээс хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсанаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хувиарлалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Си” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 069 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ 

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ