Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 14

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, шүүгч Д.Сарангэрэл, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: ОАЗДТГ, ТҮХ-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0015/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, иргэдийн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ОАЗДТГ-аас зарласан ОР-217/2020 дугаартай “Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил” тендер шалгаруулалтад манай компани 2020.05.08-ны өдөр оролцсон ба ОАЗДТГ-ын 2020.05.19-ний 03/1265 тоотод “... ирүүлсэн тендерээс татгалзсан” тухай мэдэгдсэн тул шийдвэрийг эс зөвшөөрөн, дараах үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргасан: 1.

Дугаар

Тендерийн баримт бичгийн заалт

Ирүүлсэн материал

ТОӨЗ 14.1 (ж)

Ажлын тоо хэмжээ, зураг төслийн дагуу хийсэн төсөв. /эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 1 сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох програмаар гүйцэтгэнэ./

Тендерт санал болгосон үнэ нь 8,142,000,000 боловч тендерт ирүүлсэн баталгаажсан төсөв нь 8,577,335,705 төгрөг байгаа нь үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн байна.

 

ТЭЗҮ-д зураг төсөл магадлалын дагуу төсөв зохиоход 8 577 335705 төгрөгийн төсөв гарсан. Үүнээс 435 335 708 /дөрвөн зуун гучин таван сая гурван зуун гучин таван мянга долоон зуун таван/ төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн тухай албан тоотыг тендерийн баримт бичгийн хамт илгээсэн тул уг тайлбар үндэслэлгүй байна. 

2. 

ТОӨЗ 14.1 (ж) 11

Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг дагалдах баримт бичгийн хамт бүгдийг монгол хэл дээр бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод, гаргацтай байх шаардлагатай.

Ирүүлсэн зарим материал гаргацгүй, үнэлгээ хийх боломжгүй, “О” ХХК нь ямар шалтгаанаар тендерт хамтарч материал ирүүлсэн нь тодорхойгүй өөр хэл дээр ирүүлсэн, “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй

 

“О” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан ба гэрээг PDF өргөтгөлтэй явуулсан. ҮХ нь үнэлгээ хийхдээ шрифтийн алдааг залруулах боломжтой бөгөөд уг PDF файлыг Word файлруу хөрвүүлэхэд гэрээний фонд солигдох тул уншигдах боломжтой юм. Мөн PDF reader ашиглан үсгийн фонд сольж болно. Шаардлагатай бол тодруулга авах боломжтой тул уг үндэслэлээр татгалзаж болохгүй. Туслан гүйцэтгэгч “О” ХХК-ийн баримт материал нь тендерийн шалгуурт нөлөөлөх, тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Учир нь тухайн компанийн машин механизм, ИТА, тусгай зөвшөөрлийг оролцуулахгүйгээр түншлэгч талууд нь ТШӨХ-ын шалгуурыг хангаж байна.

Мөн түншлэлийн гэрээ байгуулж тендерт оролцсон “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл дахь заалтууд гаргац муу бүдэг байсныг дурдсан байна.

ТҮХ нь “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Барилгын үндэсний ассоциацийн вэб сайт дахь барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын мэдээллээс харах, тодруулга авч болох байсан. Тусгай зөвшөөрлийн гэрээнд заалтууд тод харагдаж байна.

 

ТОӨЗ 4.4 (в)

Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” Үүнд: Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-Багц 1-т хамаарах. Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-2.1.1, 2.1.5, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.2, 2.2.4, 2.2.8, Шинэ журмаар-БА-8.1, БА-4.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-3.4, БА-4.7, БА-3.2, БА-3.5, БА-3.3 тусгай зөвшөөрөлтэй байх ба эх хувиас скайнердаж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна./

Толгой компани нь Барилга, хот байгуулалтын яамны 2.1.5, 2.1.4, 2.2.8 тусгай зөвшөөрөлгүй, түншлэгч “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй үнэлгээ хийх боломжгүй

 

Тендерт оролцогч “Б” компани нь Эрчим хүчний яамнаас олгосон 3.2.3 0.4-35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцийн засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийг тендерт хавсаргаж өгсөн. Уг зөвшөөрөл нь БХБЯ-аас олгодог 2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кв хүртэл/ угсралтын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн зөвшөөрөлтэй дүйцнэ.

Тендерт туслан гүйцэтгэгчээр орсон “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 2.1.4  Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл), Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсарган хүргүүлсэн.

Зураг төсөлд УДДТ-ын барилга, ХТП барилга, барихаар тусгагдсан нь бүгд нэг давхар барилга тул Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн 2.1.2 цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) заалтад хамрагдах ажил.

Тендерт туслан гүйцэтгэгчээр орсон “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 2.1.5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Шалгарсан компани болох “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан нь илт байх бөгөөд ТШӨХ-ийн ТШӨЗ 5.2 (в)-ийн 7-д Дээрх санал болгож буй ИТА болон мэргэжилтэй ажилчид нь өөр гэрээт ажил дээр давхардахгүй байх, ТШӨЗ 14.1-д мөн энэ тендерийн баримт бичиг болон ТШӨХ-д заасан бүх баримт материалуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна, жишээ нь: гэрээт ажлыг гүйцэтгэх голлох дулаан, автоматжуулалт, ус хангамж ариутгах татуурга, гидро техникч инженерийн мэдээлэл ирүүлээгүй байх бөгөөд

Тендер нэр

Шалгарсан огноо

Төсөвт өртөг

Дууссан эсэх

Гэр хорооллын дэд бүтэц /Орхон, Баян-Өндөр сум, Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант, Цагаанчулуут баг/

2019-05-31

1 424 874 859

Үгүй

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрын барилга /Улаанбаатар, Найлайх дүүрэг/

2019-05-10

11 849 702 338

Үгүй

Дархан-Уул аймаг “Спорт цогцолбор”

2011

21 400 000 000

Үгүй

“Москва-300 цогцолбор”-ын гадна, доторх хатуу хучилттай зам, автомашины зогсоолын талбайн ажил, гадна тохижилт, харуулын байр барих ажил, үерийн хамгаалалтын далан барих ажил өртөөнүүд барих ажил

2018

2 899 260 833

Үгүй

“Москва-300 цогцолбор”-ын гадна шугам сүлжээ /усан хангамж, ариутгах татуурга, дулаан механик, дулаан тохируулах пункт/

2018

1 882 615 670

Үгүй

 

Дээрх гомдлыг хянан үзээд Сангийн яамнаас 2020.06.09-нд ирүүлсэн 6-1/3963 тоот албан бичгээр гомдлыг хангахгүй орхисон байх тул “хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах” субъектив эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр, гомдолд дурьдсан хууль зүйн үндэслэлийг эш татан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “...Шалгарсан компани болох “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан нь илт байх бөгөөд ТШӨХ-ийн ТШӨЗ 5.2 /в/-ийн 7-д “Дээрх санал болгож буй ИТА болон мэргэжилтэй ажилчид нь өөр гэрээт ажил дээр давхардахгүй байх”, ТШӨЗ 14.1-д Мөн энэ тендерийн баримт бичиг болон ТШӨХ-д заасан бүх баримт материалуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна, жишээ нь: гэрээт ажлыг гүйцэтгэх голлох дулаан, автоматжуулалт, ус хангамж ариутгах татуурга, гидротехникч инженерийн мэдээлэл ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тенерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгаж өгнө үү” хэмээн ихэсгэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэмж тодруулсан. Тодруулахдаа ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах мөн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай. Харин татгалзсан гэдэгтэй хүчингүй болгуулах шаардлага нь нөхцөл байдалтай хамаарахгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э өгсөн. Нэхэмжлэлдээ нэмж тайлбаруудыг гаргасан. Энэ нь ОАЗДТГ-аас гаргасан 1А хорооллын дэд бүтэц барих тендерт манай компани оролцсон. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот албан бичгээр тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хангахгүй орхисон. Энэ болон тендерээс татгалзсан албан бичигтэй холбоотой дараах үндэслэлүүд байна. Зураг төслийн дагуу төсөвт заагдсаны дагуу 8 тэрбум 557.335 төгрөгийн төсөв гарсан. Эндээс манай компани 335.335.705 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн албан тоотыг тендерийн баримт бичгийн хамт илгээсэн. Тиймээс ямар үнийн дүн санал болгосон нь тодорхойгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Ирүүлсэн тендерийн материалын зарим нь гаргацгүй, үнэлгээ хийх боломжгүй, “О“ ХХК-д ямар шалтгаанаар тендерт хамтарч материал ирүүлсэн нь тодорхойгүй, өөр хэл дээр ирүүлсэн. “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй гэсэн тайлбар ирүүлж татгалзах үндэслэл болсон. “О” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг PDF өргөтгөлтэй явуулсан. ҮХ үнэлгээ хийхдээ шрифтийн алдааг залруулах боломжтой гэж үзэж байгаа. Хэдийгээр фонд нь танигдахгүй явуулсан боловч фондыг солих боломжтой байсан. “О” ХХК-ийн гэрээг хүчингүй болгох боломжгүй. Түншлэлийн гэрээг байгуулж орж байгаа. “Ц” ХХК тусгай зөвшөөрөлтэй эсэхийг Барилгын үндэсний ассиоциацын вэб сайт руу ороод харах боломжтой байсан. Уг компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг мэдээлэл тодорхой байгаа. Тендерт шалгарсан “Х” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгууруудыг хангахгүй байгаа талаар бичгээр тайлбараа дурдсан. Тендер шалгаруулалтад оролцох зөвлөмж дээр санал болгож буй ажил, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэн ажилтан өөр гэрээт ажилтныг давхцахгүй мөн тендерийн хууль болон тендерийн шалгаруулалтын үр дүнд заасан бүх ирүүлсэн материалыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлд ТҮХ-ны гаргасан зөрчлүүдийг бичгээр тусгайлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н тайлбар хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага нь ОАЗДТГ-т холбогдох шаардлага харин “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нь ТҮХ-нд хамаарч байгаа.” гэв.

Хариуцагч ОАЗДТГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь орон сууцны 1 А хорооллын дэд бүтэц барих ажил, багц-1 Барилгын ажил” ОР-217/2020 дугаартай тендерийг 2020 оны 04 дүгээр сарын -ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон нийтэд ил тод зарлан мэдээлж, цахим системээр зохион байгуулсан. Тендерийн баримт бичиг болон тавих шаардлага, тенхикийн тодорхойлолт, зураг, төсөв ажлын тоо хэмжээг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад байршуулсан. Мөн улсын хэмжээнд гардаг өдөр тутмын хэвлэл Зууны мэдээ сонинд тендерийн урилгыг зарлан мэдээлсэн. Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт нээхэд хоёр компани буюу “Б” ХХК, “Х” ХХК оролцсон.

1. Тендерийг нээж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу тендерт оролцогчдын мэдээллийг задлаад нээлтийн тэмдэглэлийг цахим системээс хэвлэн гаргаж, ҮХ-ны гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тендерийн нээлт дээр “Б” ХХК-ийн 8,142,000,000 төгрөгийн үнийн санал нийтэд зарлан мэдээлэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтын дагуу тендерийг хянан үзэхэд тус компанийн тендерт ирүүлсэн баталгаажсан төсөв 8,577,335,705 төгрөг байсан. Тендерт санал болгосон үнэ нь болон үнийн хөнгөлөлт нь цахим системд, мөн бусад оролцогч, сонирхогч нарт цахимаар шууд харагддаг. Гэвч тухайн компани цахим системээр тендер илгээхдээ үнийн хөнгөлөлтийн мэдээллээ оруулаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй” гэсэн, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.13-т “тендерт оролцогчдоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтлана” гэсэн заалтуудыг үндэслэн үнэлгээ хийсэн.

2. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 14.1 /ж/ 11-д “Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг дагалдах баримт бичгийн хамт бүгдийг монгол хэл дээр бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод гаргацтай байх шаардлагатай” гэж заасан. Гэтэл тус компанийн тендерийн зарим материал нь гаргацгүй, үнэлгээ хийх боломжгүй байсан. “О” ХХК нь ямар шалтгаанаар тендерт хамтарч материал ирүүлсэн нь тодорхойгүй, өөр хэл дээр ирүүлсэн, “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй байсан. Цахимаар ирж буй тендерийн материалыг оролцогч аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр баталгаажуулан /цахим системээр/ ирүүлдэг бөгөөд оролцогчоос өөр хэн нэгэн хөрвүүлж эсхүл залруулах боломжгүй байдаг. Тендерийн үнэлгээний журамд “ТББ-ийн ТШӨХ-д заасан шалгуурыг хангаагүй бол татгалзана”, цахим тендер зохион байгуулах журмын 3.12-т “тендерт оролцогчийн ирүүлсэн материал бүхэлдээ эсхүл хэсэгчилэн 3.3.2 дахь шаардлагыг хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзахгүй” гэж заасан.

3. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4 /в/-д: Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” Үүнд: Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр Багц 1-т хамаарах. Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-2.1.1, 2.1.5, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.2, 2.2.4, 2.2.8 тусгай зөвшөөрөлтэй байх ба эх хувиас скайнердаж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна/ гэж заасан. Тендерт оролцогч, туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна гэсэн нь бүх оролцогч буюу төлөөлөх эрх бүхий компани, түншлэгч компани, туслан гүйцэтгэгч компаниуд бүгд нэгэн адил дээрх тусгай зөвшөөрөлүүдтэй байх шаардлагатай гэсэн заалт юм. Гэтэл тендерт оролцогч “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2.1.5, 2.1.4, 2.2.8 тусгай зөвшөөрөл байхгүй тул шаардлага хангаагүй байна. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлөөр нөхөж тооцно гэж тендерийн баримт бичигт заагаагүй болно.

4. Тус тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.в-д хуучин зөвшөөрлөөр 2.1.5 буюу БА-4.7 буюу газар доорх гарц, угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтэцтэй барилга, байгууламжийг барих, мөн 2.1.4 буюу БА-4.1 цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөл тус тус шаардсан. Учир нь тус ажлын үерийн суваг хийх зураг болон төсөвт газар доорх угсармал бетонон далд хоолой, газар доорх далд сувгийн ажил байх тул баригдах барилга нь тусгай зориулалтын УДДТ-ын байр бөгөөд ажлын цар хүрээний хувьд өндөр төвөгшилтэй ажил учир эдгээр тусгай зөвшөөрөлүүдийг шаардах нь зайлшгүй юм.

5. Тус тендерт шаардсан ИТА-ийг оролцогч аж ахуйн нэгж нэгэнт тус тендертээ ажиллуулахаар санал ирүүлсэн учир ажил эхлэхэд бэлэн байлгах байнгын ажиллагаатай байлгахыг шаардах бөгөөд энэ нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх явцад ямар нэгэн өөр гэрээт ажилд ажилуулахыг зөвөшөөрөхгүй гэсэн заалт юм” гэжээ.

Хариуцагч ОАЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч ТҮХ-ны дарга Л.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангахгүй байсан. “Х” ХХК сонгогдсон энэ талаарх тайлбараа бичгээр дэлгэрэнгүйгээр шүүхэд гаргаж өгсөн. “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

Гуравдагч этгээд “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...ОАЗДТГ-аас зарласан ОР-217/2020 дугаартай “Орхон аймаг дахь орон сууцны 1 А хорооллын дэд бүтэц барих ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад “Х” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан журам, зөвлөмжийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлж тендерийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч ОАЗДТГ нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлж манай компанийн тендерийг хамгийн сайн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон. ОАЗДТГ нь уг тендерийг зарлах, хүлээн авах, үнэлэх зэрэг тендерийг зохион байгуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тендерт оролцогчдоос ирүүлсэн материалыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж тендерийг шалгаруулсан тул “Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиалагч нь сонирхогч этгээдийг тендерт оролцох тэгш боломжоор хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн баримт бичгийг бэлтгэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан байна” гэж нэхэмжлэлд бичсэн байгаа нь манай компанийн болон захиалагч байгууллагын ажил хэргийн нэр хүндэд илтэд халдаж буй үйлдэл тул дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 3 шаардлагын 2 нь ЗДТГ-аас гаргасан албан бичгийг, “Б” ХХК-ийн тендерээсээ татгалзсан гэдэг ажиллагааны хариуцагч нь ЗДТГ, “Х” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн ажиллагааны хариуцагч нь ТҮХ хариуцна гэж нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Энэ байгууллагаас гарсан дараалсан дугаартай, албан бичиг нэхэмжлэлийн хариуцагч нь нэг нь ЗДТГ, нөгөөх нь ТҮХ байгаа юм бэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь шүүх нэхэмжлэлийн шаардлага болон талуудын маргалдсан асуудлын талаар дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой. Энэ хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд дахиад хэлэлцэгдэж байгаа. Нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 2 шаардлагаа ҮХ-нд холбогдуулаад тогтоолд заасан ажиллагаа хийсэн байгаа хэдий ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар “Х” ХХК тендерийн оролцогчид урьдчилж зааварчилгаа өгөөд заасан бүх тендерийн шаардлагыг хангаж шалгарсан. “Б” ХХК олон төрлийн тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй учраас хасагдсан байгаа. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох “Х” ХХК, “Б” ХХК-уудтай гэрээ байгуулахыг даалгах энэ шаардлагыг шийдвэрлэхээс өмнө мэдэгдлүүдийг хүчин төгөлдөр болгуулаад, нэхэмжлэгчийн ҮХ-ны үнэлгээний дүгнэлт дээр тулгуурлаад яваад байгаа учраас үнэлгээний асуудал дээр нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нарын хэлснээр маргадаггүй. Үнэлгээний дүгнэлт хүчин төгөлдөр байхад мэдэгдлийг хүчин төгөлдөр бусад тооцоод дахиад гэрээ байгуулахыг даалгах ямар ч хууль зүйн боломж байхгүй. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байгаа.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагууд хамтдаа буюу хамтраад бүтээн байгуулалтыг гүйцэтгэж болох болов уу” гэв.                              

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь ОАЗДТГ-т холбогдуулан “ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” -ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг ТҮХ-нд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулсан.  

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-аас нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад: “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус тул хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг ТҮХ-нд даалгах” шаардлага гаргаж байгаа талаар тодорхойлсон тул шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэг. “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

ОАЗДТГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/46 тоот тушаалаар байгуулагдсан ТҮХ нь “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендер”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулж, тендерт оролцогчдын цахимаар ирүүлсэн тендерийг хянан үзэж, “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь ТҮХ-ны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон тендерийг хянан үзсэн баримтууд, тендерийн Үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

ТҮХ-ны хянан үзсэн тендерийн баримтуудаас харахад “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичиг болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны “Тендерийн иж бүрдэл”-ийг хянан үзсэн хүснэгтийн 5-д “ТОӨЗ 14.1 /ж/ гэх заалт, 15-д “ТОӨЗ 14.1 /ж/ 11 гэх заалт, мөн “Тендерт оролцогчийн эрх бүхий эсэх”-ийг хянан үзсэн хүснэгтийн 3-д “ТОӨЗ 4.4” гэх заалтуудад заасан зөрчилтэй гэж үзэн тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж ТҮХ-ны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаартай хуралдааны тэмдэглэлээр гишүүдийн 100 хувийн саналаар тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

ТҮХ “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг захиалагч ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус компанид мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус мэдэгдэл бүхий албан бичиг нь үр дагавар үүсгэж буй шинжээрээ захиргааны актад хамаарахаар байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж  үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж зааснаар захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т “энэ хуульд заасны дагуу ҮХ байгуулах” гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус зааснаар ҮХ-ны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргаагүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “ҮХ-ноос гаргасан шийдвэр нь /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар  “Орхон аймаг дахь орон сууцны 1А хороололын дэд бүтэц барих ажил”-ын тендерийн  ҮХ-ны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  “Б” ХХК -ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэрээр гарч хүчин төгөлдөр болж,  түүнд маргаан үүсгээгүй байна.  

Иймд ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хоёр. “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ТҮХ-нд  даалгах” нэхэмжлэлийн тухайд:

ТҮХ нь Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил гүйцэтгүүлэх ОР-217/2020 цахим тендерт оролцогч “Х” ХХК-ийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олох тухай санал болон 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг захиалагчид тус тус хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх” 29 дүгээр зүйлд “Гэрээ байгуулах эрх олгох” талаар тус тус зохицуулсан байдаг.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1. “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2. ”техникийн тодорхойлолт”,  27.1.3. “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар ҮХ тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

ТҮХ нь тендерийг хянан үзэх шатанд цахим тендерт оролцогч “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцлийг хангаагүй гэж тендерээс татгалзаж, харин “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж тус тус шийдвэрлэжээ.

ТҮХ “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага болон хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар тендерээс татгалзаж шийдвэрлэснийг захиалагч ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн ажиллагаа буюу мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” ажиллагаа хийгдэхээр тендерийн үе шатыг хуульд зохицуулсан.

Харин тухайн тендерт оролцогч “Б” ХХК нь тендер хянан үзэх шатанд тендерийн шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендерээс хасагдсан /тухайн компанийн ирүүлсэн тендерээс захиалагч татгалзсан/ бөгөөд тендерээс татгалзсан ТҮХ-ны шийдвэртэй маргаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “тендерт үнэлгээ хийх”, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан “гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхгүй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар шаардлагад нийцсэн гэж үзсэн “Х” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж,  47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус зааснаар “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн ТҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1266 дугаартай албан бичгээр “Х” ХХК-д хүргүүлсний улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

Тодруулбал, тендерийг хянан үзэх шатанд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас түүний дараагийн үе шатанд хийгдсэн тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох талаар гаргасан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь захиргааны хууль бус татгалзал болох эс үйлдэхүйн эсрэг эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой байдаг. Харин тендер сонгон шалгаруулалттай холбоотой ТҮХ-ноос “Б” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болоод ямар нэгэн хууль бус татгалзсан шийдвэр гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ТҮХ-нд  даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн “ОАЗДТГ-т холбогдуулан гаргасан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус тул  хүчингүй болгуулах”, ТҮХ-нд холбогдуулан “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧИД                                      Д.САРАНГЭРЭЛ

                                                                                                Ж.ОЮУНЧИМЭГ