Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 473

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Х-ын М,

Хариуцагч: Ж овогт Т-ы Н- нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлээс үлдсэн 639000 төгрөг, хүү 349300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9700 төгрөг, нийтдээ 998000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн зээлдэгч Х.М болон хамтран зээлдэгч Т.Н- нар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай №ЗГ-164 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 10000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй нөхцөлөөр Жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний баталгаа болгож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р баг, хус аралд байршилтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 99 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг 3500 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Х.М болон хамтран зээлдэгч Т.Н- нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9361000 төлсөн бөгөөд үндсэн зээлээс 639000 төгрөг, хүү 349300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9700 төгрөг, нийтдээ 998000 төгрөг төлөгдөөгүй болно. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөөгүй өдий хүрлээ. Иймд  зээлдэгч Х.М болон хамтран зээлдэгч Т.Н- нар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай №ЗГ-164 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээний 4.2.1 дүгээр заалт, 4.2.5 дугаар заалт 4.2.14 заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул үндсэн зээлээс 639000 төгрөг, хүү 349300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9700 төгрөг, нийтдээ 998000 төгрөг орлогоос нь суутгаж, мөн зээлдэгчийн зээлийн барьцаат хөрөнгө болон бусад хөрөнгийг нь худалдан борлуулж, зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Х.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие хамтран зээлдэгч болох Т.Н- бид хоёр  2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 1000000 төгрөгийг 36 сарын хугацаатай жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан үнэн. Зээлийг авснаас хойш хугацаанд хүүг төлж явсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 09-ны үед манай Өлгий сумын 6-р багт байгалын онц үзэгдлийн улмаас үер усны аюул болж Өлгий сумын 6-р багт байрлалтай манай хувийн сууцыг хашаатай хамт эвдэж сүйтгэж улмаар бид орон байр байхгүй хохирч үлдсэн юм. Тухайн үед би К банканд учир байдлаа хэлж одоо би орон байргүй боллоо энэ асуудлаа шийдвэрлэх хүртэл банкны хүүг 6 сар түр зогсоох, 6 сарын дараа хүүгийн хамт үлдсэн бүх мөнгийг хийж зээлийг хаах болно гэсэн асуудлыг тавьж хэлэхэд “тухайн банкны эдийн засагч болон захирлууд нь таны асуудлыг К банкны төвд уламжилж шийдвэрлүүлэх болно та албан ёсоор бичгээр хүсэлтээ өг” гэснээр би асуудлаа танилцуулж хүсэлт өгч албан ёсоор танилцуулсан. Үүний дараа тэд надад ямар ч К банкны төвөөс ирсэн хариуг танилцуулаагүй би ч юм хэлээгүй, хүү зогссон гэж бодож явж байгаад 2017 оны 02 дугаар сард зээлийн хүүг болон үлдсэн мөнгийг хийж дуусгах гэж банканд тохиролцсон хугацаанд очиход хүүг зогсоогоогүй байдлыг мэдээд энэ талаар би дахиж хандаж миний 6 сарын өмнө тавьсан энэ асуудлыг Өлгий дэх салбар хайхрахгүй хандаж К банкны төвд Өлгий сумын 6-р багт болсон үерийн талаар мэдээлэл өгөөгүй байсан байна гэж асуудал тавихад тус банканд аудитын шалгалтын хүмүүс ирсэн байсан. Энэ талаар тус аудитын хүмүүс бидэнд энэ талаар баримтыг гаргаж өг бид таны асуудлыг шийдэж өгөх болно гэж тухайн аудитыг ахалж ирсэн Э- гэх хүн хэлснээр бичгээр бүх нотлох баримтыг гаргаж хүсэлт тавьж уг материалыг тус аудитын хүмүүс өгсөн боловч тэр шалгалтын хүмүүс К банкны төвд танилцуулаагүй алга болгож Э- өөрөө ажлаас гарсан байна. Тэрнээс хойш 2017 оны 02 сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 6500000 төгрөг болж байна гэхээр бүрэн хийж нийт зээлийг барагдуулж дуусгасан юм. Одоо болохоор К банк надаас үндсэн зээлээс 639000 төгрөг, хүү 349300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9700 төгрөг төлөөгүй гэж байгаа бөгөөд би асуухад наад чинь урьд 6 сарын хэтрэлтийн хүүгийн үлдэгдэл гэж хэлж байгаа. Үүний дараа би тухайн үед зээлийн хүүг төлж байсан хуулга баримтыг гаргуулахаар мөн сарын хүүг түр зогсоосон шийдвэрийг авах гэсэн боловч банк гаргаж өгөөгүй, тэр үед шийдвэр гарсан гэх хотоос ирсэн аудитын дарга ажлаас гарсан гэж дээрх баримтуудыг өгөхгүй байгаа. Иймд би уг зээлийг хугацаанаас нь өмнө хийж дуусгасан ба одоо барьцаанд тавьсан гэрчилгээ баримтуудыг авах гэсэн чинь үлдэгдэл зээлтэй гэж байгааг миний хувьд зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  Өлгий сумын  6, 9 дүгээр багт үер болсон. Тэр үед Мын байр газрын хамт  үерт автагдсан байсан. Тэр үед  өөрөө ирж албан ёсоор хүүг зогсоох талаар байшин үерт өртсөн талаар мэдээлж байгаагүй. Би тэр үед үер болсон газарт очиж, Маас өөр зээлдэгч нарын  үерт өртсөн газруудын  зургийг авч К банкны төв банканд явуулсан. Зээлдэгч нарын барьцаа хөрөнгө үерт автагдаж ашиглах боломжгүй байсан ч манай төв банкны салбараас хүүг зогсоох тухай шийдвэр гаргаагүй. Зээлээ эрсдэлгүй төлүүлэх талаар чиглэл өгсөн. М өөрөө ирж албан ёсоор хүүг зогсоох гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Тэр үеэс эхэлж хугацаа хэтэрч  эхэлсэн, үндэсэн зээлдэгч Х.Мын өөртэй нь болон  эхнэртэй байнга утсаар хэлж  зээлээ төлүүлэхийг шаарддаг байсан. Хүү зогсоогүй, зээл хаагдаагүй гэдгийг мэдэж байгаа. Би шүүхэд хариуцагч мэдэхгүй байсан, материалаа авч очиход ийм их хүү гарсан гэсэн тайлбар өгсөн байсан тэр бол худлаа. Нэгдүгээрт, зээл бол зээлдэгчийн орлогоос төлөөгдөх ёстой. Хоёрдугаарт, зээлдэгч ямар нэгэн эрсдэлд орсон тохиолдолд зээлийг ойрын хугацаанд төлөх ёстой. Барьцаа хөрөнгөөр төлнө  гэж гэрээ байгуулагдсан 2 дахь зээл төлөх эх үүсвэр нь эрсдэлд орохоор гэрээг цуцлаад шүүхэд хандах асуудал гэрээнд заагаагүй. Х.М, Т.Н- нар нь одоо ч гэсэн зээл төлөх боломжтой, бизнесээ хийгээд, 2 давхар байшин барьсан байгаа. Байшин үерт автсан гэсэн  шалтгаанаар зээлээс чөлөөлөгдөхгүй, барьцаанд тавьсан хөрөнгүүд нь одоо ч гэсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Т.Н-, утсаар Х.М нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П-ын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын  нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хангах нь зүйтэй байна.

Зээлдэгч Х.М, хамтран зээлдэгч Т.Н- нар нь К банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10000000 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 2,1 хувь, жилийн 25,20 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны №ЗГ-164 Зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №ЗГ-164 тоот зээлийн гэрээний хавсралт 1 “Банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь”, №2582, №2583 дугаартай барьцаалбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Зээлдэгч Х.М, хамтран зээлдэгч Т.Н- нар нь К банкны Баян-Өлгий салбартай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ-164 Зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна, 7.3-д зээлдэгчийн хамтран зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталж, 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн эс биелүүлсэн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хавсралт 1-д заасны дагуу төлөөгүй бол мөн гэрээний 8.3-д зааснаар банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирол шардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.Мын хашаа байшин амбаар зуны байр эд хөрөнгө үер усанд автсан дахин ашиглах боломжгүй болсон нь Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч үүнтэй холбоотойгоор тус банкнаас авсан жижиг дунд бизнесийн зээлээ хугацаанд төлж чадаагүй гэснийг нотлох баримт байхгүй ба банканд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ гаргаж байсныг нотлох баримт байхгүй байна.

Мөн энэхүү талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 10.1-д “Гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлтээ тодорхой үндэслэлийн хамт Зээлдэгч албан ёсоор бичгээр банканд ирүүлэх ба энэ гэрээний бусад заалт болон Банкны Зээлийн бодлого, журамд харшлахгүй гэж үзвэл гэрээний нөхцөлийг нэмэлт гэрээ болон шинэчлэн байгуулах замаар өөрчилж болно”, 10.2-т “Гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, хуульд заасан бусад шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан байхад хариуцагч Х.М нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг санал болгож байсныг хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч Х.Мын гаргаж өгсөн К банкны 2015.01.01-2018.05.23 хүртэлх хугацааны Зээлийн дансны хуулгаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл хүүгийн хамт 6383246 төгрөг 33 мөнгө төлөгдөж (хасагдаж) 639203 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь нотлогдож байна.

Иймд К банкны Баян-Өлгий салбарын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ-164 дугаартай Зээлийн болон барьцаат гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зэргийг үндэслэн зээлдэгч Х.М, хамтран зээлдэгч Т.Н- нараас үндсэн зээлээс үлдсэн 639000 төгрөг, хүү 349300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9700 төгрөг, нийтдээ 998000 төгрөгийг гаргуулан К банкны Баян-Өлгий салбарт олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Х.М, Т.Н- нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ-164 дугаартай Барьцааны гэрээний дагуу үндсэн зээлдэгч Х.Мын нэг хүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг гэрчилгээтэй №000143391, Өлгий сумын 1-р баг “Хуст арал”-д байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004842 дугаартай, хувийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн Х.М, Х.Х- нарын хоёр хүний хамтын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг гэрчилгээтэй №0088366, Өлгий сумын 1-р багт орших, улсын бүртгэлийн Ү-0213001662 дугаартай, 992 талбайтай, зургаан өрөө бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М, Т.Н- нараас 28600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

          

        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч Ш овогт Х-ын М, Ж овогт Т-ы Н- нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийтдээ 998000 (есөн зуун ерэн найман мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч Х.М, Т.Н- нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ-164 дугаартай Барьцааны гэрээний дагуу үндсэн зээлдэгч Х.Мын нэг хүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг гэрчилгээтэй №000143391, Өлгий сумын 1-р баг “Хуст арал”-д байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004842 дугаартай, хувийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн Х.М, Х.Х- нарын хоёр хүний хамтын өмчийн  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг гэрчилгээтэй №0088366, Өлгий сумын 1-р багт орших, улсын бүртгэлийн Ү-0213001662 дугаартай, 992 талбайтай, зургаан өрөө бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М, Т.Н- нараас 28600 /хорин найман мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан К банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                     

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                 Б.МАНГИЛИК