| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0119/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/121 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213000000154 дугаартай, шүүгдэгч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 2002 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4-р багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 01 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Ш.т.к овогт Д-н Т-, регистрийн дугаар БГ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн задгайд оршин суух хохирогч А.Г-ийн гэрийн гаднаас түүний эд хөрөнгө болох улсын дугааргүй, улаан өнгийн "Даюун" загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 680,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэв.
3. Шүүгдэгч Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.”гэв.
Эрүүгийн 2213000000154 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн А.Г-ээс 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 20 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн задгайд байрлах манай гэрийн гадна байсан миний эзэмшлийн улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоцикль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байна” гэх гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 08 дахь тал/,
4. Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
5. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
6. Алдагдсан гэх мотоциклийн гэрэл зураг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
7. Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-гээс мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,
8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,
9. Хохирогч А.Г-т мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
10. Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37, 40 дэх тал/,
11. Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
12. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн БӨА- 22-0184 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,
13. Шүүгдэгч Д.Т-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Т-йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
2.Шүүгдэгч Д.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн задгайд оршин суух хохирогч А.Г-ийн гэрийн гаднаас түүний эд хөрөнгө болох улсын дугааргүй, улаан өнгийн "Даюун" загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн А.Г-ээс 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 20 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн задгайд байрлах манай гэрийн гадна байсан миний эзэмшлийн улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоцикль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байна” гэх гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 08 дахь тал/, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, алдагдсан гэх мотоциклийн гэрэл зураг /хавтаст хэргийн 16 дахь тал/, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-гээс мотоциклийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-27 дахь тал/, хохирогч А.Г-т мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн орой мотоциклио гэрийнхээ хаалганы өмнө ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулаад амарсан. Орой 22 цагийн орчимд манай гэрийн ойролцоо ямар нэгэн хүн харагдаагүй. Тэгээд би гэртээ ороод хоол идэж цай ууж байгаад шөнө 00 цагийн орчимд бие засахаар гэрээсээ гарах үед миний мотоцикпь гэрийн үүдэнд байсан. Харин 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд сэрээд гэрээс гарах үед миний мотоцикпь байхгүй байсан. ...миний алдсан мотоциклийн урд болон ард хэсгийн обуд нь улаан өнгөтэй урд талын дугуй нь давхар шаврын хаалттай, будагт нь сэв зураас байхгүй, улаан, цагаан өнгө холилдсон өнгөтэй, суудал нь хөх улаан өнгийн суудлын бүрээстэй мотоцикль байсан. ...Тухайн мотоциклийг би 1.700.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37, 40 дэх тал/, гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Д.Т-и нь манай гэрт улаан өнгийн Даюун маркийн мотоцикль жолоодож ганцаараа ирсэн. Улмаар би Д.Т-игээс чи хэний мотоцикийг унаж яваа юм бэ гэж асуухад нэг таньдаг хүний мотоциклийг гуйж унаад ирлээ гэж хэлсэн. Тэгж байтал 6-р сарын 26-ны шөнө манай гэрт цагдаа нар Д.Т-ийг хайж ирээд түүнийг хүний мотоциклийг хулгайлж явсан гэж хэлээд Д.Т-ийг унаж явсан мотоциклийн хамт аймаг руу авч явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн БӨА- 22-0184 дугаартай “...2022 оны 6 дугаар сарын байдлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад импортлогдсон, Dayun маркийн, хуучин мотоцикль нь 680,000 /зургаан зуун наян мянган/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/, шүүгдэгч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвд хувийн ажлаар явж байгаад зүс таних хүмүүстэй хамт архи уусан байсан. Тэгээд шөнө дунд Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бугат сум руу явган алхаад явж байхад нэг айлын хашаанд мотоцикль байхыг нь хараад тухайн мотоциклийг унаад асаахад шууд ассан. Тэгээд тэр шөнөдөө тухайн мотоциклийг жолоодож Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг хүргэн ах А.Д-ын гэрт очсон юм. Маргааш нь буюу 6 дугаар сарын 26-ны өдөр хүргэн ахын гэрт байхад цагдаа нар очиж миний хулгайлсан мотоциклийг аваад аймгийн төвд ирээд эзэнд нь хүлээлгэж өгсөн юм. ...Намайг авах үед мотоциклийн түлхүүр нь байгаагүй. Гэхдээ би мотоциклийг маниулаар нь эргүүлж хөлөөрөө жийхэд мотоцикль шууд ассан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
2. Шүүгдэгч Д.Т- нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй, өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, мотоциклийг нь хулгайлж, эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
3. Шүүгдэгч Д.Т-йн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-т 680.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байгаа нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Шүүгдэгч Д.Т- нь гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-т учирсан хохирлыг биет байдлаар буцаан хүлээлгэж өгснөөр хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Д.Т- нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Шүүгдэгч Д.Т-йн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
3.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Бугат сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
5. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус заажээ.
6. Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
7. Шүүгдэгч Д.Т- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 67 дахь тал/-аар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байна.
8. Шүүгдэгч Д.Т- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 01 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялаа эдэлж дуусгавар болсон байх тул түүнийг энэ үндэслэлээр хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэж үзлээ.
9.Шүүхээс шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг ухамсарлуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
10.Иймд шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
11.Шүүгдэгч Д.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
12. Шүүгдэгч Д.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.т.к овогт Д-н Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА