Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 161/2022/0118/Э |
Дугаар | 2022/ШЦТ/116 |
Огноо | 2022-08-16 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.а овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 2213000000151 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1994 оны 06 дугаар сарын 10-нд Баян- Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.а овогт Б-ын А-, регистрийн дугаар БЮ...........
Шүүгдэгч Б.А-ы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт байрлах иргэн Х.Н-ын эзэмшлийн амбаарт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Х.Н-ын уутанд хийж тавьсан 18,168 кг ноолуурыг хулгайлан авч, 1.653.288 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
2. Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-: “Шүүгдэгч Б.А-ыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2213000000151 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн
07 дахь тал/,
3.Эд мөрийн баримтыг хойшлуушгүй тохиолдолд хураан авсан тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 9-10, 29-30, 33-37 дахь тал/,
4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
5. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 31 дэх тал/,
6.Хохирогч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24, 27 дахь тал/,
7.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Р-гийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 22/33 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
8.“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан БӨА-22-0167 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,
9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан БӨА-22-0174 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
10.Шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
11.Шүүгдэгч Б.А-ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн талаар шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
1.Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт байрлах иргэн Х.Н-ын эзэмшлийн амбаарт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн хохирогч Х.Н-ын уутанд хийж тавьсан 18.168 кг ноолуурыг хулгайлан авч, 1.653.288 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07 дахь тал/, эд мөрийн баримтыг хойшлуушгүй тохиолдолд хураан авсан тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 9-10, 29-30, 33-37 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 31 дэх тал/, хохирогч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 06-р сарын 10-ны оройн 20 цагийн үед Ногооннуур сумын 3-р багийн төвд байрлах гэрээс эхнэр, 2 хүүхдийн хамт Ногооннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Бага сэхээ” гэх газарт төрсөн аав болох Х-ийн гэрт очиж, үлдсэн 10-аад тооны ямаагаа самнаад 2022 оны 06-р сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Ногооннуур сумын 3-р багийн төвд байрлах өөрийнхөө гэрт ирээд шууд амарчихсан юм. Би аавынхаа гэр лүү явахаас өмнө гэр болон амбаарын хаалгыг сайтар цоожлоод явсан ба байшингийн хаалганы цоож, цонх бүгд бүрэн бүтэн байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 09 цагийн үед босоод цайгаа уугаад амбаараас эд зүйл авах гэхэд амбаарын цоож нь онгорхой байсан. Би гайхаад амбаарын хаалгыг онгойлгоод дотор талд нь ороход 1 шуудай ноолуур байхгүй байсан ба бусад эд зүйл бүгд бүрэн бүтэн байсан...” “...Миний хулгайд алдагдсан ноолуур 40-аад тооны ямааны ноолуур байсан ба ойролцоогоор 13-15 кг гарах байх, яг хэмжиж үзээгүй, шаргал өнгийн ноолуур байсан, цагаан өнгийн шуудайнд дүүртэл нь чихээд хийсэн байсан...”, “....Манай амбаарт 2022 оны 06-р сарын 10-ны өдрийн 20 цагаас 2022 оны 06-р сарын 12-ны өдрийн өглөөний 09 цагийн хооронд л хулгай орсон байх, яг хэдний өдөр орсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24, 27 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Р-гийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 22/33 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан БӨА-22-0167 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан БӨА-22-0174 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.....Тэгээд айлд нэлээн орой болтол пиво ууж сууж байгаад шөнийн 2 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд манайхан гэрлээ унтраагаад хаалгаа цоожлоод унтчихсан байсан ба хаалга тайлж өгөөгүй. Тэгэхээр нь би гэрийн хажууд байх амбаараас төмөр аптерик аваад хөрш Х.Н- гэх айлын гадна очиход тэднийх мөн гэрэлгүй, унтчихсан байхаар нь гэрийнх нь хажууд байх амбаар луу очиход төмөр цоожоор цоожилсон байсан. Би гэрээс авч явсан аптерикаар амбаарын цоожийг нь хөшихөд онгойчихоор нь гар утасны гэрэл тусгаж, амбаарт ороход зүүн талын буланд шуудайтай ноолуур байхаар нь би уг ноолуурыг авч гараад шууд гэртээ ирээд байшингийн хойд талд нуучихаад гэрт ороод унтаад өгсөн юм. Түүнээс хойш 3 хоногийн дараа сумын цагдаа нар ирээд уг шуудайтай ноолуур болон намайг авч явсан юм. ...Тухайн шөнө би ноолуур хулгайлахдаа ганцаараа явган очсон юм. Миний авсан ноолуур нь цагаан өнгийн шуудайнд хийсэн ноолуур байсан ба 12 кг орчим жинтэй ноолуур байсан байх. Тэр үед би нилээн их пиво уусан, согтуу байсан болохоор согтуугаар ийм зүйл хийчихлээ. Тэрнээс урьд өмнө нь огт хулгай хийх талаар бодож байгаагүй. Хохирогчийн амбаарын цоожийг би аптерикаар хөшихөд амархан онгойчихсон, би ямар нэг зүйлээр цоожийг цохиогүй. Би тухайн амбаараас нэг шуудай ноолуур л авсан, өөр ямар нэгэн эд зүйл авч гараагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
2. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
3.Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.А- нь хохирогч Х.Н-ын тусгай хамгаалсан байр буюу агуулах /амбаар/-т хууль бусаар нэвтэрч, ноолуур хулгайлахын тулд учрах саадыг арилгах зорилгоор идэвхтэй үйлдлээр тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу аптерка хэрэглэн дэлгүүрийн цоожийг хөшиж онгойлгон, 1 шуудай 18.168 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, өөрийн эзэмшилдээ авч, тухайн хөрөнгийг үзэмжээрээ чөлөөтэй захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.
4. Эрүүгийн хуулийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Б.А-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан аптерка нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарч байна.
5.Шүүгдэгч Б.А- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
6. Иймд шүүгдэгч Б.А-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, тусгай хамгаалсан байр, агуулах /амбаар/-д хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2.Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт байрлах иргэн Х.Н-ын эзэмшлийн амбаарт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Х.Н-ын уутанд хийж тавьсан 18.168 кг ноолуурыг хулгайлж, 1.653.288 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгч Б.А-аас 1 шуудай, 18.168 кг ноолуурыг хураан авч, хохирогч Х.Н-ад хүлээлгэж өгснөөр хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.А-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,
2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.А- учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг,
3.Шүүгдэгч Б.А- нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.А-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
6.Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх боловч тэрээр шууд санаатай үйлдлээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх үндэслэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй байна.
7.Харин шүүгдэгч Б.А- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа 1 шуудай ноолуурыг хохирогч Х.Н-ад бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон байх тул түүний энэ байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А-ы үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа сайн дураараа ухамсарлан ойлгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх урьдач нөхцлийг хангаж байна.
9.Иймд шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цоож 1 ширхэг, аптерка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.
12. Шүүгдэгч Б.А-д 1 жилийн хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.а овогт Б-ын А-ыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тусгай хамгаалсан байр, агуулах /амбаар/-д нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Б.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цоож 1 ширхэг, аптерка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА