Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 496

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И овогт Б-ы Бы нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б аймгийн Х театр /дарга Б.А, утас /-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б аймгийн Х театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 5108372 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 5408372 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Х театрын жүжигчнээр ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан юм. Би энэхүү ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд хандснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00134 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан жүжигчиний ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингэснээр ажил олгогч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б/18 тоот тушаал гаргаж намайг урьд эрхэлж байсан жүжигчний ажилд томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх хугацааны цалин хөлс болох 5108372 төгрөгний олговорыг гаргуулахыг хүсэж байна. Үүнээс гадна УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай театрын бүх ажилчид авсан байна. Хэрэв ажил олгогч намайг ажлаас хууль буусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Иймд энэ 300000 төгрөгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговор, урамшуулал нийлээд 5408372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийнХ театрын дарга Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 5408372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Тус байгууллагын санхүүгээс гаргаж өгсөн тооцоог үндэслэн Б.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тус байгууллага 3975296 төгрөг төлж өгөх ёстой. Энэ нь Б.Бы нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 396912 төгрөг ба тэрээ 2017 оны 7 дугаар сарын цалин хөлсийг бүрэн авсан, 2017 оны 8 сард ээлжийн амралтанд 336510 төгрөг авсан асуудлаар тодорхойлогдож байгаа юм. Иймд Б.Бы илүү нэхэмжилсэн 1433076 төгрөгийг хэрэгсэхгүй болгон үлдсэн 3975296 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр илэрхийлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2017 оны 7 дугаар сарын цалингаа авснаа хүлээн зөвшөөрч байна гэхдээ Нийгэм даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байгаа. Харин 8 дугаар сард амралтын мөнгийг авсан эсэхээ мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт шаардлагатай бүх нотлох баримтууд авагдсан тул миний цалин хөлсийг зөв тооцоолж гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Хэрэв миний бие ажлаа хийж байсан бол төрөөс олгосон 300000 төгрөгийн урамшууллыг авах ёстой байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Хариуцагч Б аймгийнХ театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлэгтээ: Бы 7 дугаар сарын цалин нь  бүтэн орсон. 7 дугаар сард ажлаас гарахдаа нийгэм даатгалын дэвтрээ авч явсан болохоор бичилт хийгдээгүй. 8 дугаар сарын амралт 15 хоногийн амралтын мөнгийг тооцож олгосон, энэ тухай Нийгмийн даатгалын байгууллагад тооцоо хийгдсэн байгаа. Харин төрөөс олгох 300000 мянган төгрөгийн урамшууллын мөнгийг тухайн үед Б ажилд ороогүй байсан тул олгоогүй, одоо төсөвт илүү мөнгө байхгүй тул уг мөнгийг олгох боломжгүй байна. Б.Бы нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 396912 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны нийт цалин  3975296 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хариуцагч Б аймгийнХ театрын дарга Б.А нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Быг тус театрын жүжигчний үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Быг Б аймгийнХ театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00134 дугаартай Магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Эдгээр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч Б аймгийнХ театрын дарга Б.А  2018 оны 4 дүгээр сарын 18-ы өдрийн Б/18 дугаартай “Б.Быг жүжигчний ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.Быг тус театрын жүжигчнээр эгүүлэн томилсон байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, тус театрын ня-бо А.Мийн тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Бы гарын үсэг зурсан тус театрын 2017 оны 7 дугаар сарын цалингийн хүснэгт, мөн тус театрт ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 7, 8  дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, мөн тус театрын бүжиг, хор драмын ангийн 2017 оны 8 дугаар сарын амралтын мөнгө олгосон хүснэгт, мөн тус театрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/09 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, энэ тушаалын хавсралт зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын цалин 496912 төгрөг, мөн  2017 оны 8 дугаар сард ээлжийн амралтын мөнгө 336510 төгрөгийг тус тус авсан болох нь  нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Бы 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар “дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Бы нэг сарын дундаж цалин хөлсийг 496912  төгрөгөөр;  мөн ажлын нэг өдрийн хөлсийг 23112 төгрөгөөр тус тус  тооцох нь зүйтэй байна.

(Хавтаст хэрэгт авагдсан НДД№А0987141 дугаартай Б.Бы Нийгмийн даатгалын дэвтрийн 4 дүгээр хуудсанд байгаа 2017 оны 05, 06 дугаар саруудад төлсөн шимтгэлийн бичилт болон тус театрын 2017 оны 7 сарын цалигийн цэсийг тус тус үндэслэн тооцоог гаргахад (2017 оны 05 сард 496912 төгрөг + 06 сард 496912 төгрөг + 07 сард 496912 төгрөг) : 3 сар = 496912 төгрөг нэг сарын дундаж цалин; нэг сарын дундаж цалин 496912 төгрөг : 21,5 ажлын өдөр = 23112 төгрөг нэг өдрийн хөлс байна.)

Нэхэмжлэгч Б.Бы 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаа буюу 08 сар 12 хоног ажилгүй байсан хугацааны олговор 4252640 төгрөг байна. (8 сар х 496912 төгрөг = 3975296 төгрөг; 12 хоног х 23112 төгрөг = 277344 төгрөг, бүгд 3975296 төгрөг + 277344 төгрөг= 4252640 төгрөг)

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Бд 08 сар 12 хоног ажилгүй байсан хугацааны олговор 4252640 төгрөгөөс 8 сард авсан ээлжийн амралтын мөнгө 336510 төгрөгийг хасаад үлдсэн 3916130 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Б.Бы 2017 оны 7 сарын 24 өдрөөс 2018 оны 4 сарын 01 өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасны дагуу авах ёстой 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг тус тус олгогдох ёстой байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б аймгийнХ театрын санхүүгээс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 3916130 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 4216130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1192242 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ноогдох  улсын тэмдэгтийн хураамж 82408 төгрөгийг хариуцагч Б аймгийнХ театрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5.1, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийнХ театрын санхүүгээс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 3916130 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 4216130 (дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга нэг зуун гучин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И овогт Б-ы Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1192242 (нэг сая нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101500  (нэг зуун нэг мянга таван зуун)  төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийнХ театрын санхүүгээс 82408 (наян хоёр мянга дөрвөн зуун найман) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК