Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн  холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Я.С-,

Шүүгдэгч Р.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Р-ын А-т холбогдох эрүүгийн 18130011600179 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.х овогт Р-ын А-, регистрийн дугаар БЖ................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.А- нь 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний танхимын зохицуулагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх 0201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, төрд 62,266,519 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Р.А- нь 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан иргэний танхимын зохицуулагч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийг "Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, төрд 62.266.519 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу хэрэгт цугларч, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 62.266.519 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэхүү хохирлын тооцооллыг гаргахдаа шүүгдэгчийн хуурам дипломыг ашиглаж анх ажилд орсон хугацаанаас яллах дүгнэлтийг үйлдэх хүртэл хугацаанд түүний хууль бусаар авч байсан цалин хөлсийг оруулан тооцсон байгаа гэв.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Р.А-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Харин улсын яллагчийн зүгээс шүүгдэгчээс гаргуулахыг санал болгож буй хохирлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн саналтай байна. Шүүгдэгч хэдийгээр хуурамч дипломтой ажиллаж байсан ч гэсэн хөдөлмөрийн гэрээгээр өдөрт 8 цаг ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан учраас зохих цалин хөлс авах эрхтэй. Мөн шүүгдэгч 2013 оноос 2016 он хүртэл тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын зохицуулагчаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж энэ хугацаанд нийт 1.093.000 төгрөгийн цалин авсан байдаг. Энэ орон тоонд дээд боловсрол шаардахгүй учраас энэ хугацаанд түүний ажиллаж байхдаа авсан цалин хөлсийг хохирлоор тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Дараагийн асуудал бол Р.А- хуурамч диплом ашиглаж байсан талаар асуудал 2018 онд  эрүүгийн журмаар шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байна. Гэтэл энэ хэргийг дахин сэргээгээд шалгаад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед ажил олгогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Р.А- хуурамч дипломтой байсан гэдгийг мэдсэн боловч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл шүүгдэгч Р.А-ыг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байсан. Тиймээс энэ асуудалд ажил олгогчийн буруутай ажиллагаа байгаа гэдгийг анхаарч хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Шүүгдэгч Р.А- мэдүүлэхдээ: “...Миний бие 1989 онд төрсөн ба 1996 оноос 2006 он хүртэл Дэлүүн сумын ахлах сургуульд суралцаж төгсөөд улмаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн салбар сургуульд элсэн орсон. Тус сургуульд суралцаж байх хугацаандаа сургуулиасаа хасагдсан учраас Тамир гэх багшаас диплом авахаар болсон. Тухайн үед энэхүү авсан диплом маань хуурамч гэдгийг мэдээгүй. 2017 онд магистрт суралцах гээд МҮИС-д материал өгөх үед миний дипломыг хуурамч гэх асуудал яригдаж, Газарчин дээд сургуульд элсэн орж суралцахаар болсон. Би тухайн үед хэдийгээр хуурамч дипломтой ажиллаж байсан ч гэсэн зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас цалин хөлс авах эрхтэй гэж үзэж байна. Надад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэв.

Б. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 18130011600179 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 9/1870 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/,

4.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 47 дахь тал/,

5.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 49 дэх тал/,

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Р.А-т 2022 оны 5 дугаар сарын байдлаар 62.266.519 /жаран хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга таван зуун арван ёс/ төгрөгийн цалин болон нийгмийн даатгалын шимтгэл олгогдсон байна. Үүнээс Р.А- нь Дэлүүн сумын ИХТ-ын нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд 59.791.519 төгрөгийн цалин болон нийгмийн даатгалын шимэтгэл олгогдсон. Харин тус сумын иргэний танхимын зохицуулагчаар ажиллах хугацаандаа 2.475.000 төгрөгийн цалин болон нийгмийн даатгалын шимтгэл тус тус төрөөс авсан байна. Энэ талаар би жагсаалт гаргаж авч ирсэн байгаа, уг жагсаалтад Р.А- нь анх ажилд орсноос одоог хүртэл ажиллаж авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг бодож гаргасан байгаа. ...Төрд учруулсан хохирол нь 62.266.519 төгрөг байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 170 дахь тал/,

7.Гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.А- нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Холбоо мэдээлэл технологийн их сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр 2010 оны 12 дугаар сард төгсөж ирсэн байсан. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний танхимын зохицуулагчаар хурлын тогтоол гарч ажилласан. Уг албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний танхимын зохицуулагчийн ажлаас нь чөлөөлж ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тогтоол гарган ажиллуулсан. ...Р.А- нь их сургууль төгссөний дараа ажилд орох хүсэлтээ гаргах үед дипломын хуулбарын хамт авчирч өгч байсан. Дипломын шалгуулж байсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

8. Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.А- нь 2013 оноос эхлэн хурлын зохицуулагчаар томилогдон ажилласаар дундуур нь хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн адил ажиллаж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

9. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас гаргаж өгсөн яллагдагч Р.А-т олгосон цалингийн талаарх баримт /хавтаст хэргийн 213-214 дэх тал/,

11. Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

12. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 92- дэх тал/,

13. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн захирлын 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 138 дахь тал/,

14. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-22-0164 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хавтаст хэргийн 176-181 дэх тал/,

15. Шүүгдэгч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би энэ гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. ...хуурамч диплом ашиглаж ажилд орсноо хүлээн зөвшөөрч байна. ...Сургуулийг албан ёсоор сурч, улсын шалгалт өгөхгүйгээр диплом авах нь хууль бус хуурамч гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би болчих байх гэж бодоод уг дипломыг ашигласан юм. 2010 онд уг дипломыг аваад ажилгүй байж байгаад 2013 оны 6 дугаар сарын 07-ноос эхлэн Дэлүүн сумын ИХТ-ын дэргэдэх иргэний танхимд зохицуулагч албан тушаалд уг дипломыг ашиглаж ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй 2017 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж дахин иргэний танхимд зохицуулагчаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичиг, танхимын зохицуулагчаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 01-нээс одоог хүртэл ИТХ-ын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би анх 2013 онд ажилд орохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240,000 төгрөгийн цалин авч байсан одоо бол 976,000 төгрөгийн цалин авч байна. Би төрд ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг буцааж өгөхгүй, ажиллах хугацаандаа ямар ч асуудал гаргаж үзээгүй, харин хуурамч диплом ашиглаж ажилд орсондоо харамсаж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116, 184 дэх тал/,

16.Шүүгдэгч Р.А-ын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус шинжлэн судлав.

17.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

18.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

В. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хэргийн үйл баримт:

1.Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.А- нь 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний танхимын зохицуулагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, 62.266.519 /жаран хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга таван зуун арван ес/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

2.Шүүгдэгч Р.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин Р.А- нь тухайн хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүйгээр үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэсний хариуд төрөөс цалин хөлс авсан тул байгууллагын нэхэмжилсэн 62.266.519 /жаран хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга таван зуун арван ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох, ялангуяа Р.А- нь Иргэний танхимын зохицуулагчаар ажиллаж байхдаа хуурамч диплом ашигласан нь тогтоогдоогүй тул иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж мэтгэлцсэн болно.

3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

4.Шүүгдэгч Р.А- нь 2010 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр төгсөөгүй атлаа тус сургуулийг 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын хуурамч дипломыг ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар одоог хүртэл тухайн албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа болох нь Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 9/1870 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 13 дахь тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 47 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 49 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- /хавтаст хэргийн 170 дахь тал/, гэрч А.Н-/хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Х.Х-/хавтаст хэргийн 67 дахь тал/ нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас гаргаж өгсөн хохирлын тооцооны баримт /хавтаст хэргийн 213-214 дэх тал/, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 92-94 дэх тал/, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийн захирлын 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 138 дахь тал/, яллагдагч Р.А-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

5.Тодруулбал: Хавтаст хэргийн 92-94 дэх талд авагдсан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбараас үзэхэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд тавигдах чухал шаардлага нь “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй” байхыг шаардсан байна.

6. Шүүгдэгч Р.А- нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаар тушаалаар 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуульд цахилгаан холбоо мэргэжлийн ангид оюутнаар элсэн орж, суралцах явцдаа ШУТИС-ийн Холбоо мэдээллийн  технологийн сургуулийн захирлын 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалаар гурван улирал 0.7 голчтой суралцсан гэх шалтгаанаар тус сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болж, бүрмөсөн чөлөөлөгдсөн нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 135-138 дахь тал/,

7.Шүүгдэгч А.А- нь сургуулиас чөлөөлөгдсөний дараа тухайн сургуульд ажиллаж байсан Тамир багшид 1.500.000 төгрөг өгч, гаргуулж авсан гэх, түүний нэр бүхий,  D201001121 бүртгэлийн дугаартай дээд боловсролын диплом, түүний хавсралт нь хуурамч буюу Б- овогтой А- гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 9/1870 дугаартай албан бичгээр нотлогдсон байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/,  

8.Гэтэл шүүгдэгч Р.А- нь 2010 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр төгсөөгүй, дээд боловсролгүй атлаа Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд томилогдохын тулд  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуулийг 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан, Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байгаа нь эргэлзээгүй тогтоогджээ.

9.Харин улсын яллагч нь шүүгдэгч Р.А-ыг 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэж ялласан боловч иргэний нэхэмжлэгч А.Н- мөрдөн байцаалтын шатанд:”...Р.А-ыг 2013 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл иргэний танхимын зохицуулагчаар ажиллах үед ямар нэгэн шалгуур үзүүлэлт тавиагүй бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Р.А-ын Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг үндэслэн ажилд томилсон” гэж мэдүүлсэн байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Н-, ажилтан Р.А- нарын хооронд 2013 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл хугацаагаар байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нээс үзэхэд Р.А-ыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажилд томилохдоо ажил олгогчийн зүгээс шүүгдэгч Р.А-т “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй” байх тусгай шаардлага тавьсан эсэх, шүүгдэгч Р.А- нь иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо маргаан бүхий D201001121 дугаартай хуурамч дипломыг ашигласан эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 53-55, 90-91 дэх тал/,

10.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар улсын яллагчийн яллах дүгнэлтээс Р.А-ыг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Г.Хууль зүйн дүгнэлт:

1.Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Р.А-ыг “Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд томилогдохын тулд  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх, D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан, Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байгаа” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

2.Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

3.Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгох бөгөөд боловсролын диплом нь их, дээд буюу тусгай мэргэжлийн сургууль төгссөн ба холбогдох мэргэжил олгосон, түүнчлэн эрдмийн зэрэг хүртээсэн тухай албан ёсны баримт бичиг гэх ойлголтод хамаарахаар байна.

4.Шүүгдэгч Р.А-ын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо ашигласан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх, D201001121 дугаартай бакалаврын диплом нь боловсролын салбарын мэдээллийн системд Р- овогтой А-ын нэр дээр биш, Б- овогтой А- гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон тул уг боловсролын дипломыг хуурамч баримт бичиг гэж үзнэ.

5.“Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

6. Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

7. Шүүгдэгч Р.А- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, одоо хүртэл тасралтгүй ажиллаж цалин авч, хууль бус үйлдлээ хэрэгжүүлсээр байгаа тул түүнийг удааширсан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

8. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.А- нь дээд боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж 2016 оны 9 дүгээр сараас хойш Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа ашиглаж, улмаар тухайн гэмт үйлдлийн үр дагавар нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт үйлдэл төгсөөгүй гэж үзнэ.

9. Шүүгдэгч Р.А- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Иймд шүүгдэгч Р.А-ын  Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх, D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллахдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Р.А-ыг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Д. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

2. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Р.А- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан иргэний танхимын зохицуулагчаар томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Иргэний танхимын зохицуулагчаар, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай “Хавсран ажиллуулах тухай” тогтоолоор иргэний танхимын зохицуулагч Р.А-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлж байгаад, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Р.А-ыг дахин Баян-Өлгий Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тэрээр өнөөдрийг хүртэл тухайн ажлыг эрхэлж байгаа болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 47-50, 148 дахь тал/

3.Прокуророос Р.А-т яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Р.А-ыг 2013 оны 6 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал иргэний танхимын зохицуулагч болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж, төрөөс хууль бусаар цалин хөлс авч, улсад 62.266.519 төгрөгийг хохирол учруулсан гэж ялласан байна.

4.Шүүхээс шүүгдэгч С.А-ыг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ түүнийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажиллахдаа 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан нь тогтоогдоогүй гэж үзэж, яллах дүгнэлтээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Р.А-ын дээрх хугацаанд авсан цалин хөлсийг хууль бусаар улсад хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

5.Харин Р.А- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай “Хавсран ажиллуулах тухай” тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байгаад, Баян-Өлгий Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор мөн өдрөөс эхлэн  Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахдаа D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан, гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний хууль бус үйлдлийн улмаас дээрх хугацаанд  олсон ашгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Р.А-ын улсад учруулсан гэх 62.266.519 төгрөгийн хохирлоос түүний Иргэний танхимын зохицуулагчаар  2013 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 39 сар ажиллахдаа авч байсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл 39х275.000=10.725.000 төгрөг (хавтаст хэргийн 213 дахь тал), Иргэний танхимын зохицуулагчаар ажиллахдаа 2017 оны 2 дугаар сард авсан цалин  240.000, 3 дугаар сард авсан цалин 240.000 төгрөг, 4 дүгээр сард авсан цалин 235.500 төгрөг, 5 дугаар сард авсан цалин 240.000 төгрөг, 6 дугаар сард авсан цалин 240.000 төгрөг, 7 дугаар сард авсан цалин 240.000 төгрөг, 8 дугаар сард авсан цалин 240.000 төгрөг, 9 дүгээр сард авсан цалин 240.000 төгрөг (хавтаст хэргийн 31-38 дахь тал), нийт 12.640.500 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Р.А-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг 49.626.019 (дөчин есөн сая зургаан зуун хорин зургаан мянга арван ес) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. (Шүүгдэгч Р.А-ын 2017 оны 4  дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байхдаа авч байсан нэмэгдэл цалинг, хохирлоос хасаж тооцоогүй болно.)   

7. Шүүгдэгч Р.А- нь гэмт хэргийн улмаас 49.626.019 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

             8.Шүүгдэгч Р.А-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч Р.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 49.626.019 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэв.

             9. Шүүгдэгч Р.А- нь хуурамч диплом ашиглан өнөөдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь тогтоогдсон боловч улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн хохирол, хор уршгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мэдүүлэг, түүний гаргасан тооцоо зэрэгт үндэслэн 2013 оны 6 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал тооцон, 62.266.519 төгрөгөөр тогтоож ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Р.А- нь 2022 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл гэмт үйлдлээ үргэлжлүүлэн төрд ажиллахдаа төрөөс хэдэн төгрөгийн цалин, хөлс авсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.А-ын улсад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

             10.Түүнчлэн шүүгдэгч Р.А- нь 2022 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл хууль бусаар төрд ажиллаж, гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа нь нотлогдож байна.

             11.Гэвч шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралд оролцохгүй” талаараа мэдэгдсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- нь Р.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас 2022 оны 6 дугаар сараас анхан шатны шүүх хуралдаан хүртэл улсад учирсан байж болзошгүй хохирлыг Р.А-аас иргэний журмаар нэхэмжлэх эсэхээ илэрхийлээгүй, талуудаас энэ талаар шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

             12. Иймд шүүхээс хохирогчийн цаашид гарах хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас хандаж, шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:“...Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Р.А-т Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий, Буянт, Толбо, Дэлүүн сумын нутгаас гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэхийг санал болгож байна. Энэхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарын талаар санал гаргахдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Дэлүүн сум хүртэл явахдаа дайрч өнгөрөх сумуудыг харгалзсан болно” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Р.А-ын өмгөөлөгч Я.С- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”...Шүүгдэгч Р.А-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож өгнө үү. Хувийн байдлын хувьд тэрээр хөгшин ээж болон эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд улсын яллагчаас Р.А-т зорчих эрхийг хязгаарлах ял санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нь шүүгдэгч Р.А-аас 50 гаруй сая төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монгол Улсын аль ч газарт очиж ажил хийж болно. Хэрэв шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бол шүүгдэгч гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөх боломжгүй болно. Мөн түүний ар гэрийн амьдрал бас байгаа. Ар гэрээ тэжээн тэтгэх нь өрхийг толгойлогчийн үүрэг. Шүүхээс шийдвэр гарсны дараа ажилгүй үлдэх нь тодорхой болсон хүн ажил хөдөлмөр хийхийн тулд хаашаа ч явах магадлалтай. Тиймээс шүүгдэгчид шүүхээс гэм буруутайд тооцсон зүйл ангид заасан торгуулийн ялыг доод хэмжээг оногдуулахыг хүсэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3.Шүүгдэгч Р.А- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг төлж барагдуулах болно. Тиймээс надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэх хүсэлтийг гаргасан болно.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

6. Шүүхээс шүүгдэгч Р.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

7.Учир нь шүүгдэгч Р.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 133 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх боловч шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдэж, гэмт үйлдлээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх үндэслэлгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг түүний хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байна.

8. Түүнчлэн Р.А- нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй бөгөөд шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлснийг “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох боломжгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлүүд тогтоогдоогүй гэж үзлээ.

9.Иймд шүүхээс шүүгдэгч Р.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Р.А-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

11.Шүүхээс шүүгдэгч Р.А-аас гэмт хэргийн хор уршигт 49.626.019 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь шүүгдэгчийн цаашид ажил хөдөлмөр эрхэлж, цалин, орлого олж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд саад учруулж болзошгүй гэж шүүх үзсэн тул гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Р.А-ын өмгөөлөгч Я.С-ийн саналыг хүлээн авч, торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D201001121 дугаартай, 1 ширхэг  бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ын өмчлөлийн эд хөрөнгө болох, 2001 онд Герман Улсад үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, BMW X5 маркийн, 88-03 БӨҮ улсын дугаартай, 8.800.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг шүүгдэгч Р.А-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг 49.626.019 төгрөг болон шүүхээс түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Шүүгдэгч Р.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар улсын яллагчийн яллах дүгнэлтээс Р.А-ыг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Ж.х овогт Р-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Р.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ын өмчлөлийн, 2001 онд Герман Улсад үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, BMW X5 маркийн, 88-03 БӨҮ улсын дугаартай, 8.800.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг шүүгдэгч Р.А-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг 49.626.019 төгрөг болон шүүхээс түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Р.А-ын нэр бүхий, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 49.626.019 /дөчин есөн сая зургаан зуун хорин зургаан мянга арван ес/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

10. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч Р.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА