Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 479

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У овогт И-ийн Нн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Жы Ет холбогдох холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Н, хариуцагч Ж.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдан авахад дутуу 5м2 талбайд илүү төлсөн 6250000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжэлгч И.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ж.Еийн барьж буй 24 айлын орон сууцнаас байр захиалж урьдчилгаа болох 22500000 төгрөгийг авч байр авахаар тохиролцож нийт 75000000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Анх иргэн Ж.Е нь чанартай байр барьж ашиглалтад оруулан гэж худлаа хэлж оршин суугч нарыг хууран мэхэлж худалдан худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг байр нь чанаргүй баригдсан болон өрөөнүүд нь заасан м.кв хүрэхгүй дутуу байгаа талаар мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нотлогдож байна. Тухайн үед иргэн Ж.Е барьж ашиглалтад оруулсан 24 айлын 8 тоотод мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэж үзэхэд 60 м2 хүрэхгүй 55 м2 болж 5 м2 дутуу гарч ирсэн нэг м2-ыг 1250000 төгрөгөөр тооцон нийт 6250000 төгрөгийг Ж.Еээс гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 1) Миний бие 2013 онд өөрийнхөө эзэмшлийн 3 өрөө байрыг иргэн И.Нтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байсан юм.Тухайн үед гэрээ байгуулахдаа гэрээний чөлөөт байдлыг зарчмын үүднээс гэрээг чөлөөтэй байгуулж, миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3 өрөө байрыг худалдан авагчид бүрэн шилжүүлж өгч байсан юм. Харин худалдан авагч И.Н нь гэрээгээр хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсан тул шүүхэд хандаж Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлүүлж байсан юм. Тухайн шийдвэрээр бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчинтэйд тооцож худалдагч намайг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тогтоож худалдан авагч И.Нгаас төлбөрийг төлүүлж шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл урьд өмнө энэхүү худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар шүүхээс дахин тогтоох боломжгүй. 2) И.Н  нь 3 өрөө байрыг шилжүүлэн авах үед ямар нэгэн доголдолтой эсэхийг шалгаж тогтоох бүрэн боломжтой байсан. Би И.Нг хууран мэхэлж байраа худалдаагүй. Миний байрыг байгаа байдлаар нь үзэж танилцсаны үндсэн дээр үнэ төлбөрт нь тохиролцож улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох эд хөрөнгөө худалдан авагчид бүрэн шилжүүлж өгсөн юм. Хэрэв биет байдлын доголдолтой /тогтоосон тоо, ширхгээс бага/ байсан бол тухай бүрд нь хэлж надаас хэлэлцэн тохирсон үнийг буруулахыг шаардах ёстой байсан ч 5 жилийн дараа ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. 3) Мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэсэн “РусНур” ХХК хэмжсэн гэсэн байна. “РусНур” ХХК нь хэмжилт хийх тухай зөвшөөрөлгүй юм. /Зөвшөөрлийн хугацаа нь дууссан/. “РусНур” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй мөртлөө худал хэмжилт хийж бусдыг хохироож байгаад их гомдолтой байна. Түүнээс биш биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдаагүй. 4) Нөгөөтээгүүр энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний анх 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ж.Еийн 24 айлын орон сууцнаас байр захиална урьдчилгаа  болох  22.500,000 төгрөгийг өгч 75 сая төгрөгийн худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед Ж.Е 1 м.кв үнийг 1250000 төгрөг авахаар тохиролцсон. Иргэн Ж.Етэй  2013 оны 08-ны он Игилик бид 2  байр худалдан авах сонирхлоор  уулзаж, “би дөнгөж байрны суурь цутгаж эхэлж байгаа”, та нар надад урьдчилгаа мөнгө өгвөл бусдаас давуу талтай хаалга цонх, дотор засал чимэглэлийн өндөр чанартай өндөр түвшинд хийж өгнө гэж  урьдчилгаа  22500000 төгрөг авсан. 2014 оны 02 дугаар сард ашиглалтад  орохдоо бидэнд өгсөн байр нь  бидний санаад тараагүй тул байраа буцааж өгч, мөнгөө авах талаар асуусан боловч бүтээгүй. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25 –ний өдрийн 353 дугаар шийдвэр бол энэ маргаанд огт хамааралгүй. Тэр бол төлбөрийн маргаантай. Хариуцагч Е надад байрыг худалдахдаа 60 м.кв байр гэж танилцуулсан. Худалдах худалдан авах гэрээ хийсэн болно. Түүний бичиг баримтад итгэж худалдах худалдана авах гэрээ хийсэн. Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 43.1-т “Худалдагч биет байдлын  доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. ”243.2-т “Худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн бүрэн байдлыг худалдан авагчид бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй.“ гэж үзсэн. Гэтэл  худалдагч Ж. Е нь худалдах энэ үүргээ  биелүүлээгүй гэж үзэж байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн  75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой  гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул шаардах эрхийн хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Тухайн үед хэмжилт хийлгэх тусгай зөвшөөрөлтэй компани олдохгүй  байсан ба саяхан 2018 оны 03 дугаар сарын сүүлээр тусгай зөвшөөрөлтэй “РусНур” ХХК-иар хэмжилт хийлгэсэн. Би урьд нь м.кв дутуу гэдгийг мэдээгүй явж байсан. 60 м.кв хүрээгүй, 55 м.кв болж дүгнэлт гаргасан тул дутуу 5м.кв-ын нэг м.кв-ыг 1250000 төгрөгөөр бодож нийт 6250000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Төлбөр төлөх асуудал дээр маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэрээ бол  2013 оны 08-сард байгуулагдаад үүрийн гүйцэтгэл яваандаа  би болж  дуусгавар болж байна. Тухайн барилгын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Өөрийнхөө эзэмшиж байгаа үл хөдлөх  эд хөрөнгө  барилгыг  худалдах худалдан авах гэрээний дагуу Нд шилжүүлж өгсөн. 60 м.кв бүхий 3 өрөө байрыг 75.000.000 төгрөгөөр тохиролцож зарсан. Үүнээс хойш 5 дахь жил болж байна. Ямар ч шаардлага гаргахгүйгээр одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн барилгын худалдах үед барилгын зургийг Нд өгч бичиг баримтыг нь хамт Улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээр нь буулгаж өгч,  гэрчилгээгээ авсан. Еийн хувьд нуун далдах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Барилгын зурагт заасан 3 өрөө байшинг 75.000.000 төгрөгөөр  зарна гэсэн асуудал байгаа. Худалдсан гэдэг нь өмнө нь шүүхээс тогтоосон үйл баримт байгаа. 2015 оны маргаан дээр 3 өрөө байрыг 75.000.000 төгрөгөөр худалдан худалдсан гэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхээс урьд нь тогтоосон  үйл баримт байна. Тэр үед ч гэсэн Н байрны худалдан авах гэрээний үнийг төлөөгүй тул шүүхэд хандах бүрэн боломжтой байсан, шүүхээс м.кв биш 3 өрөө байрыг 75.000.000 төгрөг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж  ерөнхийд нь  л дараа нь 60 м.кв гаргасан гэж байгаа нь асуудал нь байж боломгүй,  урьд нь шүүхээс тогтоосон  баримт байгаа. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Худалдах  худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Доголдолтой холбоотой гэрээнд тодорхой заасан. Худалдах худалдах ямар нэгэн баталгаа тогтоогоогүй бол 6 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацааны  асуудал тодорхой  байна. 6 сарын дотор хөөн хэлэлцэх хугацааны дотор  Н нь таны авсан байр өгсөн бичиг баримтад заасан  м.кв хүрэхгүй байна гэж гомдол гаргах байсан ч гаргаагүй. Н тухайн үед өрөө хэмжиж  авах бүрэн боломжтой байсан. Тухайн байранд амьдарсан, гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байна гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний хүссэн барилга биш байна гээд хэмжилт хийгээгүй тухайн үед шалгаж авах ёстой байсан. Шалгаж авах зөрчлөө илрүүлэх  нөхцөл байдлаа алдсан, тухайн доголдолтой холбоотой  Иргэний хуулийн 254.6-т заасан хуулийн хугацаагаа хэтрүүлсэн. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан 3 жилийн хугацаагаа өнгөрүүлсэн,  5 жил болсон. Эд хөрөнгө шилжүүлж авснаасаа хойш  6 сарыг  хэлж байгаа. Эд хөрөнгийг шилжүүлж авснаасаа хойш 5 жил болсон. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа. “РусНур” ХХКомпани бол хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй,  архитектурын зураг төсөл боловсруулах тухай тусгай зөвшөөрөлтэй  компани  байгаа. Орон сууцны барилгын зураг төсөл хэрэгт авагдсан байгаа ба барилгын зураг төсөл болон И.Нн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 60м.кв 3 өөрөө байр гэж тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч И.Н, хариуцагч Ж.Е нар 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу дараах байдлаар байгуулсан байна. Үүнд:

-Нэхэмжлэгч И.Н  нь хариуцагч Ж.Етэй 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт Н орон сууцны зүүн талд байрлах 60 м2, 3 өрөө бүхий орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд ашиглалтад оруулж шилжүүлнэ. Худалдагч талын шилжүүлэх орон сууцны чанар, бусад хүчин зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн шаардлагад нийцсэн. Орон сууцыг худалдан авагчид 75000000 төгрөгөөр худалдах, худалдан авагч урьдчилгаа 30% болох 22500000 төгрөгийн 20000000 одоо, үлдсэн 2500000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, үлдсэн 52500000 төгрөгийг ашиглалтад орсон өдөр бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож “Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

 “Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр хариуцагч Ж.Е нь биет байдлын доголдолгүй сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй. Энэхүү гэрээний төлбөр төлөх асуудалтай холбоотой хуулийн хүчин төгөлдөр  Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар Шийдвэр гарч байсан байна.

            Хариуцагч Ж.Е тухайн барилгын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн, барилгын зураг төсөл болон И.Нн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 60м2 гэж бичигдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч хариуцагч Ж.Е худалдан авагчийн өмчлөлд гэрээгээр тохирсон 60м2 хэмжээнээс бага 55м2 хэмжээтэй буюу доголдолтой сууц шилжүүлсэн гэдэг нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “РусНур” ХХК-ний маргаан бүхий “Өлгий сумын 5-р баг Н орон сууцны 8 тоотын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-ээр нотлогдож байна. Энэхүү “РусНур” ХХК-ний маргаан бүхий сууцны талбайн хэмжээг тооцсон дүгнэлтэд:

Сууцны зориулалттай талбай

1.Зочны өрөөний талбай-S1=18.95м2;

2.Унтлагын өрөөний талбай-S2=11.28м2;

3.Хүүдийн өрөөний талбай-S3=10.206м2;

Сууцны бус зориулалттай талбай

4.Хонгилын талбай-S4=5.79+0.97=6.77м2;

5.Ариун цэврийн өрөөний талбай-S5=4.016м2;

6.Ханын шүүгээний талбай-S6=1.329м2;

7.Ханын шүүгээний талбай-S7=1.347м2;

Сууцны бус зориулалттай туслах талбай

8.Тагтны талбай-Sт=2.88х0.3=0.86м2;

            Сууцны талбайн хэмжээ: Sс нийт = S1+ S2+S3+ S4+ S5+ S6+ S7+ Sт=54.76м2

                                    Дүгнэлт:  

Sс нийт =19+11.3+10.21+6.8+4.02+1.33+1.35+0.9=54.91;

Сууцны нийт талбай 55м2 болохыг тодорхойлов гэсэн байна. 

Иймд нэхэмжлэгч И.Нн худалдаж авсан орон сууцны талбайн тоо, хэмжээ нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрээгүй буюу хариуцагч Ж.Еийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээгээр тохирсон сууцны талбайн хэмжээнээс дутуу м.кв (м2)-ын талаар хариуцагч Ж.Еээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нь байна.

Хариуцагч тал “РусНур” ХХК нь хэмжилт хийх тухай зөвшөөрөлгүй  гэж маргааж байгаа боловч “РусНур” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон Дугаар ЗТ42-508/18 дугаартай Тусгай зөвшөөрөлтэй болно нь нотлогдож байна.

Худалдаж авсан эд хөрөнгийн талбайн хэмжилтийг мэргэжлийн “РусНур” ХХК-иар хийлгэсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уг эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар буюу мөн өдөр нэхэмжлэгч И.Н нь орон сууцныхаа талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдсэн гэсэн байна.

Гэхдээ нэхэмжлэгч И.Н худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой байхад хүлээн авч, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.

Иймд нэгэнт талууд гэрээндээ худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэгч И.Нн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114950  төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан  хариуцагч Ш овогт Жы Еээс орон сууц худалдан авахад дутуу 5м2 талбайд илүү төлсөн 6250000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч У овогт И-ийн Нн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч И.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114950 /нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК