Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1058

 

                             

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, хохирогч Х.Ц, шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн Бийн З, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл долоо, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын **-** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ** тоотын гадна байрлах сагсны талбай дээр сагс тоглож байх үедээ Х.Ц-ийг бөмбөг авах гэж байгаад санамсаргүй өөрийг нь цохих үед уурлаж, улмаар Х.Ц-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “доод уруулын язарсан шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, буйлны голомтлог цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р, 3-р /соёо/ шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д овгийн Бийн З нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ** тоотын гадна байрлах сагсны талбай дээр сагс тоглож байх үедээ Х.Цийг бөмбөг авах гэж байгаад санамсаргүй өөрийг нь цохих үед уурлаж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас бие махбодод нь "доод уруулын язарсан шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, буйлны голомтлог цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р, 3-р /coёo/ шүдний сулрал гэмтэл" бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Хохирогч шүүх хуралдаанд: “06 дугаар сарын 12-ны өдөр нууран дээр тоглож байгаад цохиулсан. Тэгээд тэрнээс болоод хүнд харагдахад хэцүү, ажлаа ч хийж чадаагүй. Өчигдөр Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг шүдний эмнэлэг дээр очоод шүдээ үзүүлэхэд эмчилгээний төлбөр 2,500,000 төгрөг болно гэж хэлсэн, үүнийг нэхэмжилж байна...” гэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Х.Ц-ийн “ …2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нуурын эрэг дээр сагс тоглож байгаад бөмбөг авах гээд үсрэхдээ хамт тоглож байсан хүний толгойг санамсаргүй цохичихсон. Тухайн үед уучлалт гуйгаад эргэж харахад миний нүүрэн хэсэгт      2, 3 цохисон, миний амнаас цус гараад тонгойход миний нүүр лүү өшиглөсөн, ардаас толгойн хойд дагз хэсэг руу цохисон. Миний уруул сэтэрч, шүд маань унасан, толгой жаахан өвдөлттэй байна. Шүд унасан болохоор гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), гэрч А.Мийн “ … 19 цагийн үед найз залуу З бид хоёр манай гэрээс буюу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо нуурын 1-17 тоотоос гараад гэрийн хажууд байдаг сагсны шийдэн дээр ирээд байж байтал үл таних хар өнгийн цамцтай өндөр залуу 2 найзтайгаа хамт сагс тоглохоор ирээд бид баг болоод тоглож байсан. Тэр өндөр залуу сагсны шийдийн самбараас бөмбөг авах гэж дээшээ үсрэхдээ Зийн нүүр рүү тохойгоороо цохичихсон. З нүүрээ дарж сууж байгаад гэнэт дээшээ босоод тэр өндөр залуугийн нүүр рүү нь гараараа саваад цохисон, тэр залуу амаа дараад яваад өгсөн. Зийн нүүр нь улайсан, гар нь шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8546 дугаартай: “Х.Цийн биед доод уруулын язарсан шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, буйлны голомтлог цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р, 3-р /соёо/ шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.З нь яллагдагчаар: “ ... 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчим найз охин Мийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны шийдэн дээр ирээд сагс тоглож байтал нэг үл таних залуу найзуудтайгаа хүрч ирээд хамт тоглосон. Бид нар багаараа тоглож байтал тэр залуу буюу надад шүдээ цохиулсан залуу хожигдоод яваад өгсөн. Тэгээд дахин ирэхдээ архи уучихсан, “дахиад тоглоё” гэхээр нь тоглож байтал бөмбөг авах гэж байгаад миний баруун нүд рүү тохойгоороо цохичихсон. Миний нүд харанхуйлаад байхаар нь би доошоо хараад нүдээ дараад сууж байгаад уур хүрээд босож ирээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа хүчтэй саваад цохитол шүд рүү нь цохичихсон...шүдэнд нь би өөрийнхөө баруун гараа гэмтээж шалбалсан. Тэр залуугийн уруул нь сэтрээд амнаас нь цус гараад байсан. Бас шүд нь унасан байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гомдол санал байхгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэж (хавтаст хэргийн 66-67 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З нь дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8546 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.З-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.Цийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.З-ийн хохирогчийн нүүр хэсэгт цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан доод уруулын язарсан шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, буйлны голомтлог цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р, 3-р /соёо/ шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.З-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Ц нь түр хийлгэх хиймэл шүдэнд 300,000 төгрөг, эм тарианд 200,000 төгрөг, амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх болон шүдгүйдлийг имплант тулгуурт шүдэлбэрээр сэргээхэд 2,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилснээс хиймэл шүдний болон эм тарианы төлбөр нь баримтгүй байх тул энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “Этикс” шүд эрүү нүүрний эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Б.Зээс 2,500,000 төгрөгийг 6 сарын дотор гаргуулан хохирогч Х.Цд олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.З нь хохирол төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авсан боловч төлж барагдуулсан хохиролгүй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч нар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэцгээв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 27-29 дэх тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх албан тоот (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 38-53 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 55-57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Знь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д овгийн Бийн З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д гурван зуун хорин цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан гурван зуун хорин цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай. 

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.З-ээс 2,500,000 төгрөгийг зургаан сарын дотор гаргуулан хохирогч Х.Ц-д олгож, хохирогч Х.Ц нь эмчилгээний талаарх бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА