Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1059

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овгийн Э-ын Ц, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүү” ХК-д ачигчаар ажилладаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

 

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын ** тоот хашааны гадна байсан хохирогч Б.Нгийн эзэмшлийн Тoyota corolla маркийн ** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун урд хаалганы шил, хойд салхины шилийг, хохирогч Б.Мын эзэмшлийн Toyota Рrius 30 маркийн **УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун хойд гурвалжин, багажийн хаалганы том шил, баруун хойд гэрэл, баруун урд хаалганы шил зэргийг шалтгаангүйгээр үргэлжилсэн үйлдлээр чулуугаар цохин хагалж гэмтээсний улмаас бусдад нийт 920,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, О овгийн Э-ын Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын ** тоот хашааны гадна байсан хохирогч Б.Н-гийн эзэмшлийн Тoyota corolla маркийн ** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун урд хаалганы шил, хойд салхины шилийг, хохирогч Б.М-ын эзэмшлийн Toyota Рrius 30 маркийн **УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун хойд гурвалжин, багажийн хаалганы том шил, баруун хойд гэрэл, баруун урд хаалганы шил зэргийг шалтгаангүйгээр үргэлжилсэн үйлдлээр чулуугаар цохин хагалж гэмтээсний улмаас бусдад нийт 920,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

            Тухайлбал, Б.Н-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...** УНО улсын дугаартай саарал өнгийн Тоёото королла маркийн автомашин байх ба уг автомашины гадна талд үзлэг хийхэд урд талын салхины шил хагарч дотор тал руугаа шилний хагархай унасан, баруун талын урд хаалганы салхины шил хагарч дотор тал руугаа шилний хагархай унасан, хойд талын салхины шил хагарч дотор тал руугаа шилний хагархай унасан байдалтай байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. **УНҮ улсын дугаартай саарал өнгийн Тоёото приус 30 маркийн автомашины гадна талд үзлэг хийхэд урд талын салхины шил хагарч, хагархай дотор тал руугаа унасан, баруун хойд талын жижиг гурвалжин жил хагарч хагархай дотор тал руугаа унасан, хойд талын салхины шил хагарч, хагархай дотор тал руугаа унасан, хойд талын баруун бөгсний гэрэл хагарсан байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал), хохирогч Б.Н-гийн "...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүрээ хороо, Баруун баян уулын 2-** тоотод ирсэн. Манайх хашаандаа төмөр хашаа хураагаад барьсан, машин орох зайгүй байгаа тул өөрийнхөө автомашиныг хашааны гадаа тавьж хонуулаад байгаа. Шөнө 01 цагийн үед хашааны гадаа чимээ гараад байхаар нь хашаанд хамт, тусдаа амьдардаг Б.М-ыг дуудаад хамт гартал үл таних 30 орчим насны хар өнгийн юүдэнтэй куртиктэй, доогуураа хар өнгийн пүүзтэй, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн миний ** УНО улсын дугаартай Toyota corolla маркийн автомашины урд, хойд, баруун урд хаалганы салхины шилнүүдийг чулуугаар цохиж хагалсан, Б.М-ын **УНҮ улсын дугаартай Toyota Рrius 30 маркийн авто машины урд, хойд, баруун, хойд талын жижиг гурвалжин салхины шил, баруун хойд талын бөгсний их гэрлийг чулуугаар цохиж хагалсан байдалтай зогсож байхаар нь М очиж тэр хүнийг барьж аваад би цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал), хохирогч Б.М-ын "...Б.Н-г гэрээс нь дуудаад хамт гартал үл таних 30 орчим насны хар өнгийн юүдэнтэй куртиктэй, доогуураа хар өнгийн пүүзтэй, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн миний **УНҮ улсын дугаартай машины урд, хойд, баруун,  хойд талын жижиг гурвалжин салхины шил, баруун хойд талын бөгсний их гэрлийг чулуугаар цохиж хагалсан. Мөн Б.Н-гийн ** УНО улсын дугаартай автомашины урд, хойд, баруун урд хаалганы салхины шилнүүдийг чулуугаар цохиж хагалсан байдалтай зогсож байхаар нь би тэр хүнийг барьж авсан...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24 дэх тал), Мастер үнэлгээ ХХК-ий “... Toyota Corolla машины урд салхины шил солих 120,000 төгрөг, баруун урд хаалганы шил 20,000 төгрөг, хойд хаалганы шил 100,000 төгрөг, шууд зардал 240,000 төгрөг” гэсэн авто машин техникийн эвдрэл, хохирлын тайлан (хавтаст хэргийн 35 дахь тал), Мастер үнэлгээ ХХК-ий: “... Toyota Prius 30 машины урд салхины шил солих 220,000 төгрөг, баруун хойд гурвалжин шил 70,000 төгрөг, багажийн хаалганы том шил 200,000 төгрөг, баруун хойд гэрэл 160,000 төгрөг, баруун урд хаалганы шил 30,000 төгрөг, шууд зардал 680,000 төгрөг” гэсэн авто машин техникийн эвдрэл, хохирлын тайлан (хавтаст хэргийн 39 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

           Шүүгдэгч Э.Ц нь яллагдагчаар “... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийн үнэлгээ болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, бусдад учирсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэж (хавтаст хэргийн 107 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн нь хохирогч нарын мэдүүлэг, авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 361 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч Б.Н, Б.М нарын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг солих шууд зардлыг нийт 920,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 920,000 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ц-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Н, Б.М нарын тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ц-г эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Н, Б.М нар нь “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Э.Ц-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Ц нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), Хаан, Хас банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 62-74 дэх тал), Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 75-94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал), шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хавтаст хэргийн 46-49 дэх тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.О овгийн Э-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ц-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА