Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 500

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан  (Н сумын Засаг дарга К.Х, утас 99997204)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Аын Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.У, хариуцагч А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, хүүгийн хамт 4977600 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж Н сумын Засаг дарга К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.А нь 81 сарын өмнө сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг сар үр төлөх ёстой ч төлөөгүй А.Ад зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоо хүртэл төлөөгүй байгаа болно. Иймд түүний сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан 5 сая төгрөгөөс 2014 оны 7 дугаар сарын 25-ны хүртэл нийт төлөх 5450000 төгрөг, үүнээс үндсэн зээлийн хүү болох 150000 төгрөг, 2013 оны 3 сарын 15-ны өдөр 500000 төгрөг тус тус төлж нийтдээ 650000 төгрөг төлсөн ба хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 4800000 төгрөг байна. Гэрээний дагуу алданги тооцоход 177600 төгрөг нэмэгдэж нийтдээ 4977600 төгрөг болсон. Уг мөнгийг удаа дараа шаардсан боловч хугацаанд төлөөгүй байгаа тул Н сумын Сум хөгжүүлэх сангийн 020855401 тоот дансанд төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ. 

Хариуцагч А.А шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөг авсан юм. Түүнээс үндсэн зээлээс 500000 төгрөг,  мөн 150000 төгрөг хийсэн болно. Уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сумын жилийн 3 хувийн хүүтэй гэрээг сунгуулсан болно. Одоогоор гэрээний хугацаа дуусаагүй байгаа юм. Гэрээний хугацаа дуусмагц зээлийг хүүтэйгээ хамт эргэн төлөх болно гэжээ

Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийг иргэн төсөл бичиж, тэр үед надаар дамжуулаад авах ёстой байтал А.А нь сумын Засаг даргаар шууд дамжуулаад авсан. Уг сум хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ 2500000 төгрөг байх ёстой байхад 5000000 төгрөгийг зээлээр авч журам зөрчсөн байсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж  чацаргана тарьсан гэж  хариуцагч А.А хэлдэг боловч тэрийг нь бидэнд үзүүлээгүй бид мэдэхгүй. Засгийн газрын 2011 оны 134 дүгээр  тогтоолд сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээг сунгах талаар заагаагүй, бүтэн жил хэрэглээд, дараа жилээс нь сар бүр төлөх ёстой. Одоо 5 жил өнгөрсөн. Сунгуулах журам байхгүй байхад сунгуулсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна, хариуцагчаас зээл, хүүгийн хамт 4977600 төгрөгийг гаргуулж Н сумын Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.А шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Миний бие 2011 онд Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийн зээл авсан маань үнэн. Гэрээнд чацаргана тарина гэж авсан, гэхдээ  эхний 2, 3 жил чацарган ургаагүй. Тэгээд тухайн үед зээлийг хариуцсан Көксеген гэж хүнд учир байдлаа хэлж, улмаар Засаг даргад хандаж зээлийн гэрээний хугацааг сунгуулан, зээл хүүтэй хамт төлөхөөр болсон. Зээлээ гэрээний хугацаанд төлж барагдуулах болно гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагч А.А нь Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас суманд жижиг дунд үйлдвэрийг шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх сэргээх шинээр ажлын байр бий болгох зорилгоор 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5000000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлээр авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0029 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” болон энэ гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ногооннуур сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №47 дугаартай “Зээл олгох” тухай захирамж, 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “ЖДҮ-ийг дэмжих сангийн төсөл шалгаруулах комиссын хурлын тэмдэглэл, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн талаар дахин авч хэлэлцсэн хурлын протокол, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Зээл төлөх хүмүүсийн жагсаалт”, хариуцагч А.А 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлд 500000 төгрөг төлсөн тухай 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Төрийн сангийн “Орлогын дансны хуулга” зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. 

Нэхэмжлэгч талаас хариуцагч А.Ад зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.(Энэ мэдэгдэх хуудсанд А.Аы эхнэр Ваня гарын үсэг зурсан гэдэгт талууд маргаагүй болно)

Улмаар “Сум хөгжүүлэх сангаас олгох өөрчлөлт нэмэлтийн сунгалтын зээлийн гэрээ”-гээр талуудын урьд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0029 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд өөрчлөлт оруулж сангаас олгох 4400000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, гэрээний хугацааг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна.

Зээлдүүлэгч дээрх гэрээнүүдийн 3.3-д “авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлөх бусад арга хэмжээ авна” мөн  3.4-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, зээл хүүгийн төлөлтөд хяналт тавина” гэсэн боловч нэхэмжлэгч эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримт байхгүй байна.

Мөн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлаагүй, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах  Иргэний хуулийн 208.3; 219.2; 221.3; 225.2 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-д үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч хэзээ үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь тодорхой бус тул хоногийг тоолох боломжгүй,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болохыг тогтоосон баримт байхгүй,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ гэж заасан байхад  урьдчилан сануулсан эсэхийг нотлох баримт байхгүй байна.

 Иймээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохоор хуучилсан байдаг тул хуульд заасан эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч А.Ааас “зээл, хүүгийн хамт 4977600 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                               

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-ийг тус тус баримтлан хариуцагч Ш овогт Аын Ааас “зээл, хүүгийн хамт 4977600 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНГИЛИК