Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 499

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банкны салбар-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н овогт Мийн Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2117627 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22913 төгрөг, бүгд 2140541 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х банкны салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.С нь өөрийн ээж болох Р.Хын итгэмжлэлээр Х банкны салбарын харьяа Алтанцөгц тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 1177850 төгрөг дээр нэмж 2059700 төгрөг нийт 3237550 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 18-хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлдэгч М.С нь зээлийн барьцаанд өөрийн ээж болох Р.Хын тэтгэврийн санхүүжилтийг барьцаанд тавьсан боловч ээж нь нас барж тэтгэврийн санхүүжилт зогссоны улмаас зээлээ хугацаанд төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсгийг үндэслэн М.Сээс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:  үндсэн зээлийн үлдэгдэл 2117627 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22913 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 2140541 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны салбараас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3237550 төгрөгийн зээл авсан юм. Уг зээлийг өнгөрсөн хугацаанд боломжоор төлж байсан. Ээж Х маань 2014 оны 10 дугаар сард нас барсан тул уг зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон юм. Одоо М.С надад ямар нэгэн эд хөрөнгө байхгүй тул уг зээлийг төлөх ямар нэгэн боломжгүй гэж үзэж байна. Миний бие ямар нэгэн ажил эрхлэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 Нэхэмжлэгч Х банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч С өөрийн эх болох  Х Алтанцөгц сумын тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 20 –ний  өдөр өмнөх төрийн зээлийн үлдэгдэл болох 1.177.850 төгрөг дээр нэмж 2.509.700 нийт 3.237.550 төгрөгийг 18 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлдэгч С  зээлийн барьцаанд өөрийн эх  болох Хийн  тэтгэврийн санхүүжилтийг  барьцаалсан боловч, ээж нь нас барж төрийн санхүүжилт зогсож зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зүгээс зээлээ төлөх тухай удаа дараа шаардсан боловч, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд банкны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Сээс 2018 оны 04 дүгээр сарын 23 –ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 2.117.627 төгрөг   зээлийн хүүгийн төлбөр 22.913 төгрөгийг  тэтгэврийн зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэсэн заалтын дагуу нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.С шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний ээж өвчтэй байсан болохоор тухайн үед зээлийг  авсан. Зээлийг авсны дараа 7 хонгийн дараа ээж маань нас барсан.  Тухайн үед ар гэрийн асуудлыг зохицуулах мөнгөгүй байсан учраас  тэр зээлээр авсан мөнгийг хэрэглэсэн байгаа. Тухайн жилийн 5 дугаар сард би нөхөрт гараад, гэр бүл болсон. Тэр мөнгийг төлөх ямар ч боломжгүй болсон. Энэ жил 1 дүгээр сард хүүхэдтэй болсон төрөөс олгож байгаа цалинтай ээж хөтөлбөрийн 50000 төгрөгийг банканд очиж суутгаж аваарай гэж хэлсэн. Хэрвээ боломжтой бол нэг жил юм уу, нэг жил, хагас жилийн  хугацаанд төлж өгөх боломжтой болгож өгөхийг хүсэж байна. Одоо бол 2 дахь хүүхдээ жирэмсэн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны салбарын  нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Учир нь, зээлдэгч М.С нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны Баян-Өлгий аймаг салбарын Алтанцөгц сумын тооцооны төвөөс зээлийн үлдэгдэлд 1177850 төгрөг 18 мөнгөнд нэмж 2059700 төгрөг авч нийтдээ 3237550 төгрөг 18 мөнгө тэтгэврийн зээлийн гэрээ хийж жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан болох нь Тэтгэврийн зээлийн гэрээ болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн РД:БЗ61111202 Р.Хаас өндөр насны тэтгэврийг сар бүр болон зээлээр авч байхыг РД:БЗ92052601 М.Сд 3 жил хугацаатай олгосон “Итгэмжлэл”,2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Тэтгэврийн зээлийг итгэмжлэлээр олгох зөвшөөрөл   зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч М.С нийт 3237550 төгрөг 18 мөнгө тэтгэврийн зээлээс хугацаанд төлж чадаагүй, хугацаа хэтэрүүлсэн зээлийн үлдэгдэл 2117627 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22913 төгрөг, бүгд 2140541 төгрөг байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээний зээлдэгчийн эрх, үүргийн 3.2.1-д: “Зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй”, Банкны эрх, үүргийн 4.1.1-д:…“гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардах” эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.Сийн эх Х нас барснаар тэтгэвэр зогссон асуудал нь тэтгэврийн зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул  хариуцагч М.Сээс зээлийн үлдэгдэл 2117627 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22913 төгрөг, бүгд 2140541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны салбарт олгож, мөн нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сээс 49199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-ийг баримтлан хариуцагч Н овогт Мийн Сээс зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн хамт бүгд 2140541 (хоёр сая нэг зуун дөчин мянга таван зуун дөчин нэгэн) төгрөгийг гаргуулж Х банкны салбарт олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сээс 49199 (дөчин есөн мянга нэг зуун ерөн есөн) төгрөгийг гаргуулан Х банкны салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                 Б.МАНГИЛИК