Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 15

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: “Б” ХХК

             Хариуцагч: ОАТХ-т холбогдох

“НӨАТ-аас чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гэрч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б” ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: “НӨАТ-аас чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2021 оны 03-р сарын 09-ний өдрийн № НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Манай компани 2019, 2020 оны орлого 50.0 саяд хүрээгүй байгаа тул 2020, 2021 онд НӨАТ төлөхөөс чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээ хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Монгол улсын НӨАТ-ын тухай хуулийн 2-р бүлэг 5-р зүйл 5.2-д “Үйл

ажилллагааны борлуулалтын орлогын хэмжэээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: “5.2.1. Монгол Улсын Нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн: 5.2.2. бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан: 5.2.3. бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан” заалт 2019, 2020 онд хангагдахгүй байгаа тул ОАТХ НӨАТ төлөгчөөс хасч гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ёстой.

Иймд “Б” ХХК-тай НӨАТ-аас чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2020 онд, 2021 онд “Б” ХХК тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр НӨАТ-ын бүртгэлээс хасаж гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн бичгийг ТХ-т өгсөн. Энэ бичгийг намайг шүүхэд нэхэмжлэл өгтөл НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгоогүй байсан. Үүний дараа удаа дараа тайлбар, бичгүүд өгсөн. Нэхэмжилж байгаа зүйл нь НӨАТ-аас чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр юм уу, дотоод бичиг өгсөн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлээс хасах ёстой. Энэ цаг хугацаанд хасаагүй учраас энэ маргаан үүссэн. Энэ хугацаанд бичиг өгсөн хугацааг хасахаа болчих юм бол 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах боломжгүй. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 4.2.2-д баримт бичгийг шийдвэрлэж хугацаа нь шууд шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоногт, бусад асуудлыг 10 хоногийн дотор гэсэн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж заасан. Манай компани 2019, 2020 онд дээрхи хуулийн заалтыг хангахгүй болсон. Хангахгүй байгаа тул “Б” ХХК-ийн НӨАТ-ын гэрчилгээг манай компанийн хүсэлт гаргасан 11 тоот албан бичгийн дагуу буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эсхүл 2 тоот албан бичгийн дагуу буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан. Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт татвар төлөгчдөд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах гэж заасны дагуу ОАТХ шуурхай үйлчилгээ үзүүлээгүй. 2019 онд манай компани үйл ажиллагаа явуулаагүй ээлжит тайлан гаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно гэснийг ОАТХ гүйцэтгээгүй. 2019, 2020 онуудад 2 удаа бичиг өгсөн. Тус компанийн орлого нь зөвхөн төрийн сангаас МСҮТ-д байр түрээсэлсний орлого байгааг Голомт банкны баримтаар 2019 онд 6.063.400 төгрөг 2020 оны 39.000.000 төгрөг, 2021 онд 6.500.000 төгрөг байгаа нь 2019, 2020 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хангахгүй байгаа нь харагдаж байна. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин албан бичгээр ОАТХ-т хандаж хүлээн авсан байцаагч Б.Х-ы утсыг өөрийнх нь гараар бичүүлж авч, олон дахин шаардсан. Б.Х болон манай компанийг хариуцсан байцаагч нарын надад өгсөн хариултаас үзэхэд ОАТХ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу ОАТХ өөрсдөө бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэхгүй байсан. Ц.Ц ТУБ 2019, 2020 оны тайланг шалгасан материал авч ирүүлж 2021 оны 01 дүгээр сарын үйл ажиллагаанд шалгалт хийж акт үйлдсэн. 2021 оны 01 дүгээр сарын НӨАТ тайлан явуулсныгаа нягтландаа хэлээд буцаа, 2019, 2020 оныхыг нь шалгачихаад хүчингүй болгоод өгчих юм байна гээд буцаан олголт дээр нь тавиулсан. Гэсэн ч үүн дээр акт бичсэн байсан. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаартай “Б” ХХК-ийн НӨАТ-ын төлөгчөөс хасч, гэрчилгээг хүчингүй болгосон тушаалыг нөхөн гаргасан нь өөрсдийн буруугаа хүлээгээд байна. Учир нь би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 04 тоот албан бичиг өгсөн мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариу өгөхдөө манай компанийн НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоогүй байсан ба бичигтээ дурдаагүй, тушаалаа өгөөгүй. Сар тутам тайлангаа гаргаж байдаг учраас зогсоох ёстой. Манай компани шүүхэд хандсаны дараа тушаалаа нөхөн гаргуулж шүүхийн материалд хавсаргуулсан байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна.” гэв.

            Хариуцагч ОАТХ-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“ ...Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй. Нэхэмжлэгч компани Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэл нь тухайн аж ахуйн нэгжийн татварын тайлангаар тогтоогдвол чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа борлуулсан, ажил үйлчилгээ эрхэлж орлого олсон болохоо хуульд заасан хугацаанд татварын тайландаа тусгаж илгээх нь зүйтэй юм.

            Дээрхи хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно.” гэж заасан. Мөн ТЕГ-ын 2020 оны А/02 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журамд заасны дагуу “Б” ХХК-ийн суутган төлөгчөөс хасагдах хүсэлтийг үндэслэн Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, тус нэгжээс татвар төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлэн тус нэгж татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №НА-20210000012 дугаартай акт үйлдсэн. Ийнхүү ОАТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасаж шийдвэрлэсэн.

            Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан бөгөөд гардан авсан тэмдэглэлд тус актыг хүлээн зөвшөөрсөн хэсэгт мөн гарын үсэг зурсан.

            Тус хуулийн 43 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. Эндээс харахад нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна.

            Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

            Гэрч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед наадмаас өмнө өргөдлийг нь хүлээж авсанаа санаж байна. Би бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэлийн байцаагч хийдэг. НӨАТ төлөгч гэдэг нь зүгээр нэг ААН НӨАТ төлөгч болдоггүй, 50.000.000 төгрөгийн босгоо төлж байж эсхүл шаардлагатай сайн дураар бүртгүүлэх гэж байгаа бол бүх баримтаа ирүүлж шийдвэрлүүлнэ. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан НӨАТ төлөгчийн болзол хангасан газар. Хүсэлтийг аваад ойрын хугацаанд нь нийт хүсэлт өгсөн газруудаа ТЕГ-ын эрсдэлийн удирдлагын газарт хүсэлтийг тооцуулахаар явуулдаг. Эрсдэлийн удирдлагын газарт эрсдэл тооцуулж ирсний дараа өндөр болон дунд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалт оруулдаг. Эрсдэлийн удирдлагын газар нь тодорхой тийм хугацаанд шалгана гэсэн зүйл байхгүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК ОАТХ-т холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэг: “Б” ХХК-ийг албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 0053813 дугаартай гэрчилгээг ОАТХ-ээс олгосон байна.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно.” гэж  зохицуулжээ.

“Б” ХХК 2020 оны 07 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ хариуцагч байгууллага болох ОАТХ-т гаргасан болох нь гэрч Б.Х-ы мэдүүлэг болон, ОАТХ-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/391 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

ОАТХ нь ТЕГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ыг баталсан ба журмын “Зургаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах” гэсэн заалтын 6.1, 6.2, 6.2.1, 6.2.2 6.2.3-д тус тус заасны дагуу үйл ажиллагааг  явуулж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасах тухай” тушаал гарган “Б” ХХК-ийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн “Б” ХХК-ийг албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: “2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

ТЕГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу ОАТХ-ийн ТУБ нар “Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах хүсэлтээр хэсэгчилсэн шалгалтыг хийж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 590.909.09 төгрөгийн нөхөн татвар, 236.363.63 төгрөгийн торгууль, 6.760 төгрөгийн алданги, нийт 834.032.72 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбараар тус тус  нотлогдож байна.

Иймд ОАТХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”, “Б” ХХК-ийн 2020, 2021 онуудын НӨАТ-ын тайлангуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.  

Нэхэмжлэгч “Б”  ХХК-ийг  нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаагүйгээс 2020, 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг гаргасан учраас “нөхөн ногдуулалтын акт” гарсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар дээрхи НӨАТ-ын тайланг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “Б” ХХК-ийн “2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.  

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын 0053813 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА