| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/1087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1080 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Б-ын Э, *** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, гурван дүүгийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 10 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сард “Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна” гэсэн хуурамч зарыг цахим хэрэгсэл ашиглан фейсбүүкт байршуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн хашаанд иргэн Г.Хийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлэн 400,000 төгрөг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б-ын Э нь "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна" гэсэн хуурамч зарыг фейсбүүкт байршуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн хашаанд иргэн Г.Хийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлэн 400,000 төгрөг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Г.Хийн: "... 2022 оны 03 дугаар сард фейсбүүк дээр "багтай хүн" гэсэн хаягаас "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна" гэсэн зар тавьсан байхыг хараад 96979756 дугаарын утсаар нь холбогдоход "14-21 хоногийн дотор ангилал дарж өгнө. Нийт 750,000 төгрөг болно, урьдчилгаанд 400,000 төгрөг өгчих" гэсэн. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо "нэг цэгийн үйлчилгээ"-ний хашаан дотор уулзахаар болоод яваад очтол надтай утсаар ярьсан эмэгтэй 37-02 УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй, ганцаараа ирээд бэлнээр 400,000 төгрөг аваад "14 хоногтоо гаргаад өгнө" гэж хэлээд явсан. 14 хоногийн дараа залгасан чинь гар утас нь холбогдохгүй болчихсон. Дахиад "багтай хүн" гэх хаягаас зар тавьж, 86586854 гэх дугаар тавьсан байхаар нь ярьсан тэр эмэгтэй мөн байсан. Асуухад "удахгүй гарна, цаашаа явуулчихсан байгаа" гэж хэлсэн. Налайх дүүрэгт таньдаг хүн байгаа, тэр хүндээ бичиг баримтыг чинь өгөөд гаргана, асуудалгүй” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Э яллагдагчаар: “...Би өмнө нь хамтран амьдардаг байсан Отгонтэнгэрийн фейсбүүк хаяг болох “багтай хүн” гэсэн хаягаас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр "жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарна" гэсэн зар тавьж өөрийн гар утасны дугаар болох **** гэсэн дугаараа тавьсан. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 10-ны 11 цагийн орчимд Отгонтэнгэрийн чат руу Г.Хэ гэх хүн холбогдоод “ангилал даруулах гэсэн юм” гэхээр нь би холбогдоод Баянхошуунд байх нэг цэгийн үйлчилгээний төвийн хашаанд уулзахаар ... очоод Хэ гэх хүнээс бэлнээр 400,000 төгрөг аваад, “ангилал 14-20 хоногийн дотор гарна” гэж хэлээд явсан. 400,000 төгрөгийг өөрийн хэрэглээндээ хэрэглээд дууссан. Хохирлын 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэж (хавтаст хэргийн 56-57 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “... мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэсэн болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э ийг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Х нь “хохирлын мөнгө болох 400,000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “…шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй… ” гэв.
Шүүгдэгч: “ … торгуулийн ял оногдуулж өгнө үү…” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 13 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 17 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 21-24 дэх тал), урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй талаарх албан тоотууд (хавтаст хэргийн 37-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Эт тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэснээр түүнийг нийгэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг тогтоолоор сануулав.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Б-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-т тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-т дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Эт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА