Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1081

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л, улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, З овгийн Лгийн А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Биг грийн лайт” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, Ногоочин 4 дүгээр гудамжны **тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.А нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутагт дэвсгэрт, Зүүн салаа, * дүгээр буудлын замд М.Өын эзэмшлийн “Nissan” маркийн “Vannete” загварын **УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай, эрэгтэй Д.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч, З овгийн Л-гийн А нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутагт дэвсгэрт, Зүүн салаа, 1 дүгээр буудлын замд М.Ө-ын эзэмшлийн "Nissan" маркийн "Vannete" загварын **УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай, Д.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь “зүүн тавхайн эрхий хурууны угийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал” хүндэвтэр гэмтэл учруулсан,

-мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан ...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

-Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...Л.А нь согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дахь тал),

- Насанд хүрээгүй хохирогч Д.Э-ын "... явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд явж байтал нэг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би газар унаад босоод иртэл жолооч нь намайг гайгүй юу гэж асуучхаад явчихсан. Ээжтэйгээ хамт эмнэлэгт үзүүлсний дараа ослын газарт очиж хэмжилт хийлгэсэн. Би тухайн машиныг ирж байхыг харсан, зогсох байх гэж бодсон. Ослын улмаас зүүн хөлийн эрхий хуруу хугарч, цуурсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн “ … ажил дээрээ байж байтал хүү Э айчихсан байдалтай ирээд “намайг машин мөргөчихсөн” гэж хэлсэн. Э-ын биед ослын улмаас зүүн хөлийн эрхий хуруу хугарсан. Би хүүхдийнхээ эмчилгээнд зориулж эм тариа авсан, хохирлыг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Ө-ын  “ … Ниссан Ванете маркийн **УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Ослын улмаас машинд учирсан эвдрэл байхгүй, үнэлгээ хийлгэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 29 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8979 дугаартай: “ …Д.Э-ын биед зүүн тавхайн эрхий хурууны угийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

            - Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн“…уг авто тээврийн хэрэгслийн баруун хойд кузовын булан хэсэгт дотогшоо чихэгдэж хонхойсон, хойд хаалганы будаг нь халцарсан, хойд буфер нь бүгд хэсгээрээ будаг нь халцарсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн дээрх эвдрэл гэмтлүүд нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. ... урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн ба баруун хол, ойрын гэрэл, тусгалын чадал, дугуйн хээний гүн, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг стандартын шаардлага хангаж байна ... " гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-53, 54-55 дахь тал)

 - 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн “…Явган зорчигч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. "Nissan Vannete" маркийн **УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна ...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр сэргээн дүрслэгдэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “би хүүгээ ажил дээр хүрээд ир гээд дуудчихсан байсан, ажил гэр хоёрын хооронд 10 минут орчим л явдаг байтал удаад байсан. Удаж байгаад орж ирээд “машинд мөргүүлчихлээ, хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг орох гэж байтал цагдаагаас залгасан. Манай хүү танихгүй 2 эгч таны болон миний утасны дугаарыг авсан гэж хэлсэн, тэдгээр хүмүүс цагдаад хэлсэн байх. Гэмтэл тухайн үедээ гардаггүй, хойшдоо гардаг юм байна лээ. Иймд хүүхдийнхээ цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй байхыг хүсэж байна.” гэв.

Түүнчлэн, шүүгдэгч Л.А нь яллагдагчаар " ... явган хүний гарц дээр 1 хүүхэд зогсож байхаар нь зам гарахгүй юм байна гэж бодоод явж байтал гэнэт машин руу харалгүй зам руу алхаад ирэхээр нь би тоормосоо гишгэсэн. Машин зогсох үед хүүхдийг мөргөөд, хүүхэд газар уначихсан. Биеийн байдлыг нь асуутал зүгээр гэхээр нь би явчихсан. Осол болох үед түгжрэл бөглөрөл байхгүй харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. Хохиролд 300,000 төгрөг төлсөн байгаа, цаашид гарах хохирол төлнө ...” гэж (хавтаст хэргийн 72 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “... ажлаа тараад явж байтал нэг чихэвч зүүсэн хүүхэд зогсож байсан, тэр хүүхэд зам руу харахгүй шууд ороод ирсэн. Би тоормос гишгэсэн боловч хүүхдийг мөргөсөн. Буугаад “зүгээр үү, чихэвчээ авахгүй яасан юм бэ” гэхэд тэр хүүхэд “зүгээр” гэхээр нь би явчихсан юм. Хүүхдийг эмнэлэгт үзүүлээгүй нь миний буруу болсон. Эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8979 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Эын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсаншинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.А-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт, харин гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл тул гэм буруугийн санаатай хэлбэрт тус бүр тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.А-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 103,200 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Л.А сайн дураар 300,000 төгрөг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, насанд хүрээгүй хохирогч Д.Э-ын цаашид гарах эмчилгээний талаарх хууль ёсны баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Л.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 800 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хохирогчийн цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч: “хэлэх саналгүй” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Л.А нь сонсголын бэрхшээлтэй болох нь шүүх хуралдаанаар тодорхой болсон бөгөөд явган хүний гарц дээр хүүхэд мөргөн эрүүл мэндэд нь хохирол учруулж, улмаар хэргийн газрын орхиж зугтаасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд шүүх шүүгдэгч Л.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг найман зуун цагаар тогтоолоо.

Шүүгдэгч Л.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Л.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.З овгийн Л-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг найман зуун цагаар тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ат сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Л.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Д.Э эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА