Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Ч.Г 45.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: БНХАУ-ын иргэн Р.Д-гийн хариуцагчаас 40.300.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Б.М  нэхэмжлэгч Ч.Г аас 44.224.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ц.Ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Н.С нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэн Б.М  эксковаторыг нэг сарын 10.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, улмаар иргэн Б.М  .................. тоот данс руу түрээсийн мөнгөө шилжүүл гэснийх нь дагуу 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн ..................... тоот данснаас 33.640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй Б.М  нь эксковатороо түрээслэхээ больсон тул миний бие түрээсийн үлдэгдэл мөнгөө буцаан авахаар болж тооцоо нийлсэн бичвэр үйлдэж аль аль нь гарын үсгээ зурсан, мөн мөнгөө 2014 оны 10 дугаар сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл Б.М  нь нэг ч төгрөгийг надад буцааж өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн Б.М ээс түрээсийн мөнгө /түрээслээгүй буюу эксковатор ашиглаагүй хугацааны түрээс/ 45.400.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2014 оны 5 сарын 13-ны өдөр Б.М ийн өөрийн данс болох  ................... данс руу 33.640 ам долларыг шилжүүлсэн. Б.М ийн эксковатор нь 2014 оны 5 сарын 18-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Б.М ийн эксковатор хоёр сар хүрэхгүй хугацаанд ажиллаад 2014 оны 8 сарын 20-ны өдөр ХАС банк Б.М ийг төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар эксковаторыг ачиж авч явсан. 2014 оны 09 сарын 06-ны өдөр Мөнгөнсүх бид хоёр гар бичвэр үйлдэж тооцоо нийлж гаргасан зардлаа тооцож 45.400.000 төгрөгийн өртэй гарч ирсэн. Тооцоо нийлсэн бичвэр дээр ДЕМО-300 загварын молтокийг барьцаанд үлдээсэн. Тооцоог 1 сарын хугацаанд дуусгавар болгоно гэж хоёр талаасаа харилцан тохиролцсон. Үүнээс хойш нэг сар битгий хэл нэг ч төлбөр өгөөгүй явж байна ...Миний хувьд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М ийг төлбөрөө гүйцэд дуусгасан үед молтокийг эргүүлж өгөхөд бүрэн бэлэн байна” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Д нь Ч.Г  Б.М ээс нэхэмжлээд байгаа эксковаторын түрээсийн төлбөрт 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг би нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Б.М ээс түрээслэж байсан Хас банкны лизингээр авсан эксковаотрын түрээсийн төлбөр Ч.Г  данснаас шилжүүлсэн 33.240 ам.долларын 23.000 ам.долларыг Р.Д би төлсөн юм. Ингэхдээ Ч.Г  ..................... тоот данс руу өөрийн .................. тоот данснаас 2014.05.13-ны өдөр шилжүүлсэн юм. Мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай аудитын дүгнэлтээр эксковаторын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40.300.200 төгрөг нь Б.М ээс миний авах ёстой авлага гэж үзсэн. Б.М ээс Ч.Г  нэхэмжлээд байгаа 45.400.000 төлбөрийг түүний молдокийг ашигласан хугацаанд оруулан бид 3 тооцоо нийлсэн. Ч.Г  нэхэмжлэлтэй Б.М эд холбогдох иргэний хэргийн шийдвэр нь Р.Д миний эрх ашгийг хөндөхөөр байх тул миний бие, бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Ч.Г  Б.М ээс эксковаторын түрээсийн төлбөр 45.400.000 төгрөг нэхэмжилж байгаатай холбогдуулаад энэ нэхэмжлэл Р.Д эрх ашгийг хөндөхөөр байна гэж үзээд бие даасан шаардлага гаргасан. Бие шаардлага гаргасан гол агуулга Ганцацрал Б.М ээс нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс  40.300.720 төгрөгийг Р.Д нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир Б.М ээс түрээсэлж байсан Хас банкны лизингийн эксковаторын түрээсийн төлбөр нь  Ч.Г  данснаас шилжүүлсэн 33.240 ам доллараас 23 ам долларыг 2014 оны 5 сарын 12-ны өдөр Ч.Г  данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Тийм учраас Б.М ээс авах ёстой авлага гэж үзэж байна. Ч.Г  нэхэмжлээд байгаа 45.400.000 төгрөгөөс 40.300.720 төгрөгийг Б.М ээс гаргуулж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байна” гэв.  

Хариуцагч Б.М  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Б.М  нь Ч.Г  нэхэмжлэлтэй ашиглаагүй түрээсийн төлбөр 45.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд миний эзэмшлийн DMB-300 загварын 44.224.500 төгрөгийн үнэтэй молдокны үнийг Ч.Г аас нэхэмжилж байна. Эксковатор ашиглаагүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45.400.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний DMB-300 молтокийг Ч.Г  барьцаанд авсан, ингэхдээ барьцааны зүйлийг ашигласан гэж үзэж байна. Гэрээг анх байгуулсан Р.Д, Ч.Г  нартай үлдэгдэл төлбөрт молдокоо өгөхөөр харилцан тохиролцсон байсан юм. Иймд Ч.Г аас DMB-300 маркийн молдокны үнэ болох 44.224.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ч.Г  ярьж байгаа худлаа. Уурхай нөхөрлөлийн журмаар ажиллаж байсан. Тухайн үед уурхай ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байсан. Харин эксковатор молток ажиллахгүй гэсэн шалтгаанаар зогсоогүй. Анхнаасаа Ч.Г  бид хоёрын ярьсан зүйл биш. Р.Д бид гурав цуг ярилцаж тохиролцсон. Энэ 33.640 ам доллараар эксковаторын төлөгдөөгүй төлбөрөө төлөөд эксковаторыг хямдхан түрээслэнэ гэж тохиролцсон. Анхнаасаа би хэлж байгаа, Ч.Г  бид хоёрын яриа биш. Гуравдагч этгээдийн шаардлага дээр ч мөн адил ашигласан молтокоор тооцож хаасан. Тооцоог бид гурав хийсэн. Манай гэрийн гадаа Ганцацрал ирээд гарын үсэг зурсан ийм тооцоо бий. Өмнөх тооцоо бичгээр хийгдээгүй ч гэсэн энэ нь хамтран ажиллах гэрээ байсан. Ерөнхийдөө энэ гэрээ биелэгдсэн. Уурхай зогссон болон эксковатор зогссон нь аль аль талаасаа болсон. Үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байна. Молтокоор хаая гэж бид гурав тохирсон зүйл байгаа. Би хавтаст хэргийн 14-р талд байгаа молтокоор хаая гэсэн тайлбар бичсэн. Мөн хх-ийн 122-р талд аудитын газар надаас тайлбар авсан. Түүнд дээрээ ч гэсэн ийм, ийм учиртай төлбөрийг молтокоор хаая гэж тайлбар гаргасан” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Ч.Г  нь хариуцагч Б.М ээс 45.400.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д нь хариуцагч Б.М ээс 40.300.720 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хариуцагч Б.М  нь дээрх төлбөрийг төлөх боломжгүй тул барьцаанд тавьсан молтокоор хаах хүсэлтэй байна гэжээ. Мөн хариуцагч Б.М  нь барьцаанд тавьсан молтокийг ашиглаж эвдэлсэн тул молтокны үнэ 44.224.500 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Ч.Г  түрээсийн төлбөрийн үлдэгдлийг төлсөн тохиолдолд молтокийг эргүүлж өгөхөд бэлэн байна гэсэн тайлбарыг гаргаж байна.

            Шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн талаар:

            Ч.Г , Р.Д нар нь 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарыг дуустал хамтран Дундговь аймгийн Хулд сумын нутгаас жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан ба энэхүү үйл ажиллагаанд зориулан Б.М  эзэмшлийн экскаваторыг нэг сарын 10.000.000 төгрөгөөр нийт 6 сар түрээслэхээр харилцан тохиролцож Б.М  ..................... тоот данс руу Ч.Г  нь  2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 33.640 ам.долларыг шилжүүлсэн байна. /1-р хх-н 5 хуу/ Үүнээс нэг өдрийн өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д нь нэхэмжлэгч Ч.Г  ..................... тоот дансруу 23.000 ам.долларыг шилжүүлжээ. /1-р хх-н 42 хуу/

            Ч.Г  нь дээрх ам.долларыг Р.Д нь ачаа ачилтын хөлс гэж шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2-р хавтаст хэргийн 94-133 хуудсанд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт зэрэг нь  2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох баримтууд байна. Иймд Р.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г , хариуцагч Б.М  нарын Р.Д нь эксковатор түрээслэх зорилгоор Б.М , Ч.Г  нартай харилцан тохиролцож Ч.Г  данс руу 23.000 ам.доллар шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д нь 40.300.720 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Р.Д нь Ч.Г тай хамтран эксковатор түрээслэсэн гэх боловч хариуцагчид шилжүүлсэн 33.640 ам.доллараас зардлаа хэрхэн хасаж тооцсон, ямар тооцоо үндэслэлээр 40.300.720 төгрөг гэж бодож гаргасан тодорхой бус байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г  нь дээрх мөнгийг аудитын дүгнэлтийг үндэслэн нэхэмжилж байгаа гэх боловч аудитын дүгнэлтэд энэ талаар задаргааг тусгаагүй байна.

            Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч мөн зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд...” гэж зааснаас үзвэл талуудын амаар байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж дүгнэх боломжгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээд уг эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Иймд буцаан өгөх ёстой түрээсийн төлбөрийн хэмжээгээр /45.400.000/ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэсэлэлтэй байна.

            Зохигч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45.400.000 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй болно. Иймд Ч.Г  болон Р.Д нарын эксковатор түрээслэхэд оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл 33.640 ам.долларын 23.000 ам.доллар нь 68.3 хувь болж байна. (23.000х100/33.640=68.3) Иймд 45.400.000 төгрөгийн 68.3 хувь болох 31.008.200 төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Рэн Дэвэн-д, 14.391.800 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г д  тус тус олгохоор шийдвэрлэв.

               Сөрөг нэхэмжлэлийн тухайд

            Хариуцагч Б.М нь барьцаанд тавьсан молтокийг ашиглаж эвдсэн учраас молтокны үнэ 44.224.500 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Энэхүү молтокийг ашиглаж эвдсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдох боломжгүй, тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэгдэх маргаан байх тул эдгээрийг хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г ТО О Х нь:

 

1.     Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М ээс 45.400.000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан 31.008.200 /гучин нэгэн сая найман мянга хоёр зуу/ төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д-д, 14.391.800 /арван дөрвөн сая гурван зуун ерөн нэгэн мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г  нарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Б.М  нэхмжлэгч Ч.Г аас 44.224.500 /дөчин дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга ьаван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.000 /гурван зуун наян таван мянга/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.453 /гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.072 /гурван зуун далан есөн мянга далан хоёр/ төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлээж, хариуцагч Б.М ээс 312.991 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээд Р.Д-д, 229.909 /хоёр зуун хорин есөн мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г  нарт тус тус олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР