Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1095

 

                             

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч Ц.Н, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д-гийн О, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зураач сийлбэрч мэргэжилтэй, хувиараа “Ялгуун эгшиглэн” урланг ажиллуулдаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Дорноговь аймгийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 11 cap 23 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 08 сарын 28-ны өдөр 1 жил 06 cap 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хонг-Конг зочид буудлын В1 давхарт байрлах Саун массажны газарт Ц.Нийг “ресейпшн эмэгтэйг өмөөрлөө” гэх шалтгаанаар толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд “тархи доргилт, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д-гийн О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хонг-Конг зочид буудлын В1 давхарт байрлах Саун массажны газарт Ц.Нийг “ресейпшн эмэгтэйг өмөөрлөө” гэх шалтгаанаар толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж бие махбодод “тархи доргилт, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Ц.Нийн “...2022 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонг Конг нэртэй зочид буудлын В1 давхарт байх саун массажны газар үйлчлүүлж байхад шөнийн 01 цагийн үед үүдний ресейпшн хийдэг бололтой эмэгтэй орилоод байхаар нь очтол рок маягийн хувцастай туранхай залуу ресейпшнийг хараагаад толгой руу нь гараараа цохиод байхаар нь би "чи болиоч, яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм" гэж хэлсэн чинь тэр залуу эргэж хараад гараа атгаж байгаад намайг хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), гэрч Б.Сгийн " ... би Хонг Конг сауны ресейпшнээр ажилладаг. 2022 оны 06 дугаар сарын 07-08-ыг шилжих шөнийн 01 цагийн орчимд 4 залуу орж ирээд 3 нь үйлчилгээ авахаар орсон. Нэг залуу нь хувцсаа тайлж үлдсэн. Гэнэт тэр залуу намайг хятадын янхан гичий зэргээр хараагаад байхаар нь би дотогшоо орсон 3 залууд нь очоод “манайх та нарт үйлчлэхгүй, хүнээ аваад гар, энэ хүн чинь намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд текен дээрээ байж байтал намайг хараагаад байсан залуу миний толгой хэсэг рүү цохиод текний ойр хавьд байсан юмыг над руу шидэлж эхэлсэн. Намайг цохиод байхаар нь гараараа толгойгоо хамгаалсан. Намайг орилоход үйлчлүүлж байсан нэг ах ирээд намайг өмөөрөхөд тэр хүний нүүрэн тус газар мөн олон удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 17, 18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8320 дугаартай “... Ц.Нийн биед тархи доргилт, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36, 37 дахь тал), Д.О-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-34 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт бүхий 1 ширхэг СД (хавтаст хэргийн 93,95-99 дахь тал), хохирогчийн эмчилгээний баримт (хавтаст хэргийн 94 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Хохирогч шүүх хуралдаанд: “2022 оны 06 дугаар сарын 08-ны орой би тэр саунд орсон. Саунаас гараад иртэл эмэгтэй хүн орилохоор нь яваад очсон. Шүүгдэгч залуу тэр охин луу дайраад байхаар нь шаардлага тавьтал үгийн зөрүүгүй намайг цохиод авсан. Шүүгдэгч эрүүл байсан, маргалдсан зүйл байгаагүй. Миний хувьд үйлдвэр эрхэлдэг, энэ хэргээс болж маш алдагдалтай ажилласан. Өнгөрсөн сарын 15-нд докторын хамгаалалттай байсан боловч мөн чадаагүй, их хохирсон. Баримттай нэхэмжилж буй зүйл гэвэл эмнэлэгт хэвтсэн зардал байна” гэв.

Түүнчлэн, шүүгдэгч Д.О нь яллагдагчаар: “...Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 87-88 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр би Тулгаа гэх ахтай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, 5 ханатай гэр хийхээр болсон юм. Тэгээд хоол идээд мөн хөдөөгөөс ах нар ирсэн байсан тул архи уухаар болцгоосон. Би эхнэртэйгээ явж байсан. Ах нар массажинд орчихмоор байна гээд байхаар нь 1 дүгээр хорооллын Хонг конг гэх зочид буудалд орсон. Тулгаа, Тэмүүжин нарыг оруулж өгчхөөд гарах гэж байтал ресейпшн охин Тулгаа ахыг гуталтай орлоо гээд түлхтэл нойтон шалан дээр халтираад унасан. Тэгэхээр нь би хүн түлхэж унагаалаа гэж хэлээд цааш явж байснаа “эвгүй харьцчихлаа, уучлаарай” гэж хэлээд гар барих гэтэл гар барихгүй байсан. Тэгэхээр нь уурлаад тэр охины нүүр лүү нь түлхүүрийн сав аваад шидчихсэн. Тэгээд байж байтал хохирогч гарч ирэхээр нь хамгаалдаг хүн нь юм байх гэж бодоод цохисон...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8320 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Нийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.О-ын хохирогчийн толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж зодсон үйлдэл болон хохирогч Ц.Н-ийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

            Хохирогч Ц.Н нь эмчилгээний төлбөрт баримтаар 1,320,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.О шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, энэ хугацаанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...торгуулийн ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 43-61, 64-67, шинээр гаргаж өгсөн), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 68 дахь тал)  оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 76 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 78-81 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч Д.От оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

            Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д-гийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.От сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА