Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч М.О

Хариуцагч Р.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан нэхэмжлэгч М.О-гийн нэхэмжлэлтэй хариуцагч  Р.Б-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.О нь нөхөр Р.Б той 2009 онд танилцаж, түүнээс хойш 2018 оны 02 сар хүртэл хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 сарын 03-ны өдөр хүү Б.А, 2016 оны 07 сарын 25-ны өдөр охин Б.А нар төрсөн. Хүү Б.А 6 настай, охин Б.А 2 нас хүрч байгаа. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй харилцаа болон Р.Б ийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болоод 2018 оны 02 сараас хойш тусдаа амьдарч байна. Өмнө нь Р.Б оос салаад тусдаа амьдарч байсан. Р.Б  нь хамтран амьдрах хугацаанд намайг элдвээр харааж, хэрүүл маргаан хийж, зодож, нялх биетэй байхад гэр орноос хөөдөг болсон. 2018 оны 02 сарын 12-ны өдөр намайг зодохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж Зөрчлийн тухай хуулиар 14 хоног баривчлагдсан. Р.Б ийн хүчирхийлэл нь сүүлдээ бие махбодь, сэтгэл санааны төдийгүй эдийн засгийн хэлбэрээр үйлдэгдэх болсон. Учир нь бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох автомашинуудыг надад ашиглуулахгүй байнга харамлаж өөрөө ашиглах, түрийвчинд байсан мөнгийг бүгдийг нь авах, тусдаа амьдарснаас хойш бидэнд мөнгөний тусламж үзүүлэхгүйн улмаас хүүгээ цэцэрлэгээс нь гаргасан. Цаашид энэ хүнтэй хамтран амьдарвал миний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул хүү Б.А, охин Б.Анарыг миний асрамжид үлдээж, эцэг Р.Б оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Р.Б  бид хоёр тохиролцож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох авто машинуудаас Estima маркийн автомашиныг би авч, Raum маркийн автомашиныг Р.Б  авахаар болсон. Иймд бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Р.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.Б  нь эхнэр М.О 2009 онд танилцаж, түүнээс хойш 2018 оны 02 сар хүртэл хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 сарын 03-ны өдөр хүү Б.А, 2016 оны 07 сарын 25-ны өдөр охин Б.Анар төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Хүү Б.А, охин Б.А нарыг эх М.О асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Би хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид хоёр тохиролцож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автамашинуудаас ...улсын дугаартайEstima маркийн автомашиныг М.О өгч, би 2700000 төгрөг авсан. ... улсын дугаартай Raum маркийн автомашиныг би авахаар болсон. Иймд бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид М.О хамтран амьдрах боломжгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Р.Б-д холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Р.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч М.О хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.О нь хариуцагч Р.Б той 2009 онд танилцаж, гэр бүл болж, 2009 оноос 2018 оны 02 сар хүртэл хамтран амьдарч байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 08 сарын 03-ны өдөр хүү Б.А, 2016 оны 07 сарын 25-ны өдөр охин Б.А нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж, хүмүүжиж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэгийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.О, хариуцагч Р.Б  нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, хэрүүл маргаантай байдаг, Р.Б  нь М.О-г зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, зохигчид нь өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь тусдаа амьдрах, цаашид хамтран амьдрах боломжгүй шалтгаан үүссэн байна.

Нэхэмжлэгч М.О, хариуцагч Р.Б  нарыг цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь зохигчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.

Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Р.Б  нь М.О г зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байна.

Зохигчид нь 2012 оны 08 сарын 03-ны өдөр хүү Б.А, 2016 оны 07 сарын 25-ны өдөр охин Б.А нарыг эх М.О асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Б.А, охин Б.А нарыг эх М.О асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.А, охин Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Р.Б оос гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.О нь хүү Б.А, охин Б.А нартай нэг гэрт хамт амьдарч байгаа, хүүхдийн нас зэргийг харгалзан одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч М.О , хариуцагч Р.Б  нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Р.Б оос хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч М.О хариуцагч Р.Б-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Р.Б оос улсын тэмдэгтийн хураамж 118558 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч М.О олгож, хариуцагч Р.Б оос хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамж 48358 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Р.Б ийн эзэмшлийн ... улсын дугаартай Raum маркийн суудлын автомашины №01041174 дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 272 дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

ДАРГАЛАГЧ                                 М.ЭНХМАНДАХ