Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч Л.Б

Хариуцагч Б.Г нарыг оролцуулан нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие Б.Г-той 1998 онд танилцаж гэр бүл болсон. Түүнээс хойш хамтран амьдарч байгаад албан ёсоор 2006 оны 08 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хүү Г.Ж 2005 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн. Хүү Г.Ж  өөрийн төрсөн дүү Л.М өргөж авсан. Хүүгээ өргөж аваад Б.Г овоглосон. Б.Г  хамтран амьдарч байгаад 2007 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 гаран жил тусдаа амьдарч байна. Миний бие 3 хүүхэд төрүүлсэн. Одоо 3 хүүхдийн хамт мөн өргөж авсан хүү Г.Ж   нарын хамт 4 хүүхэдтэй, өрх толгойлон амьдарч байна. Б.Г надаас салсанаас хойш хүү Г.Ж  тай нэг ч удаа уулзаагүй. Хүү Г.Ж   одоо миний асрамжид амьдарч байна. Б.Г хүүгээ танихгүй. Б.Г нь зодож нүддэг, архи ууж, агсан согтуу тавьж их зовоодог байсан. Хүүхэд өргөж аваад амьдрал сайхан болох байх гэтэл мөн л хэцүү байсан болохоор салахаар шийдсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь Б.Г бид хоёр тусдаа амьдраад 10 гаран жил болсон, тус тусдаа гэр бүл болсон нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн суманд очиж энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байна. Учир нь миний бие 3-13 настай бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Б.Г  хамтран амьдрах боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие Б.Г гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ж өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Г нь Л.Б 1998 онд танилцаж гэр бүл болсон. 2006 оны 08 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хүү Г.Ж  2005 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн. Хүү Г.Ж  01 ойтой байхад нь бид хоёр өргөж авсан. Хүүгээ өргөж аваад би өөрөөрөө овоглосон. Л.Б той хамтран амьдарч байгаад 2007 оноос тусдаа амьдарч байна. 10 гаран жил тусдаа амьдарч байна. Салсанаас хойш хүү Г.Ж  тай нэг ч удаа уулзаагүй. Хүү Г.Ж  эх Л.Б ын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Мөн гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Би зодож нүддэг, архи ууж, агсан согтуу тавьдаг байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь бид хоёр тусдаа амьдраад 10 гаран жил болсон. Одоо Л.Б той хамтран амьдрах боломжгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Б.Г гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн суманд очиж энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байна. Учир нь миний бие 3-13 настай бага насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгтНэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болногэж заасан байх тул нэхэмжлэгч Л.Б ын нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Б.Г  1998 онд танилцаж, гэр бүл болж, 2006 оны 08 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж 2007 оны 03 сар хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2005 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Ж  үрчлэн авсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Б.Г нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, хэрүүл маргаантай байдаг, Б.Г нь Л.Б ыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2007 оны 03 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байна.

Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.

Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, Б.Г нь Л.Б ыг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, 2007 оны 03 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байна.

Гэрлэгчид нь 2005 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн хүү /үрчлэн авсан/ Г.Ж  эх Л.Б ынасрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Г.Ж  эх Л.Б ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийгойлгоно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь үрчлэн авсан хүү Г.Ж  тай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Б.Г хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Б.Г нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Б ын хариуцагч Б.Г гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Ж эх Л.Б-ын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Л.Б  нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б од олгосугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

8.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            М.ЭНХМАНДАХ