Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.А-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б , хариуцагч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.А тай анх 2004 онд танилцаж хамт амьдарсан. 2005 оны 09 дүгээр сарын 27-нд хүү Т  минь Бор-Өндөрт төрсөн. П.А  нь амьдарч байх хугацаандаа хүнтэй явалдаж, архи ууж ааш зан нь эвдэрч амьдрах аргагүй болж салсан. 2009 онд салаад олон жил тусдаа амьдарч байгаа. П.А  нь одоо тусдаа эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг гэсэн. Миний хувьд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг, хүү Т  минь надтай хамт амьдардаг. Салаад 9 жил болсон тул П.А тай гэрлэлтээ цуцлуулж хүү Т дээ тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй байхгүй” гэжээ.

Хариуцагч П.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Чойжоо овогтой Баярмаагаас гэр бүлийн батлахаа салгахад ямар нэгэн асуудалгүй болно. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч П.А т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгч Ч.Б , хариуцагч П.А  нар нь 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж /хх-н 3 хуу/, тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Т  төрснийг эх Ч.Б гаар овоглон төрсний гэрчилгээ авчээ. /хх-н 4 хуу/ Энэхүү шалтгаанаа зохигч тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү Т г эхээр нь овоглосон гэж тайлбарлах ба хариуцагч П.А  нь хүү Т гийн эцэг мөн гэж хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 Зохигч нь тусдаа амьдраад 9 жил өнгөрсөн, хэн аль нь хамтын амьдралтай болсон, эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-н 9 хуу/

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Т гийн асрамжийн талаар зохигч маргаагүй, хариуцагч П.А  нь хүү Б.Т г эх Ч.Б  асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул Б.Т г эх Ч.Б  асрамжид үлдээж  шийдвэрлэлээ.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Т г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  П.А аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахзэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь П.А аас хүү Б.Т д төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн, мөн эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх үнийн дүнгээр тодорхойлогдох тул (198.600x12=2.383.200) улсын тэмдэгтийн хураамж болох 53.081+70.200=123.281төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  П.А,  Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Т г эх Ч.Б  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Т г 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.А аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123.281 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР