Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1049

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал (томилолтоор), шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч А.Билгүүн, С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овгийн Н-ын Т, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

- Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны 00 цаг 01 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баруун салаа, Зээлийн шинэ замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Toyota Prius” маркийн **УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Аийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтын зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ж овгийн Н-ын Т нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны 00 цаг 01 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баруун салаа, Зээлийн шинэ замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Toyota Prius” маркийн **УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Аийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

-мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтын зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Тухайлбал, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн: “Асфальт, шулуун тэгш, хуурай, суурины доторх, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зорчих хэсэг байв” гэсэн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-14 дэх тал),

-Хууль ёсны төлөөлөгч В.Хын “2022 оны 05 сарын 06-ны өдөр талийгаач,  Н, О нартай Чингэлтэй дүүрэгт М гэдэг айлд очиж хоол цай идээд, 0.75 литрийн экс архи хувааж уусан. Орой 17 цагийн орчимд гэр лүүгээ харих гээд гарсан... Уг шөнө талийгаач гэртээ ирээгүй, өглөө нь цагдаагаас осолд орсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52 дах тал),

-Гэрч Б.Т-ы “2022 оны 05 дугаар сарын 06-ны орой ...зээлийн замаар баруун салаа руу хүн буулгах гээд явж байтал миний эсрэг талын урсгалд нэг согтуу хүн хойшоогоо хараад сууж байсан. Би тэр хүний хажуугаар зөрөөд явах үед хойноосоо ирж явсан машин тэр хүнийг мөргөөд хүчтэй чимээ гарсан. Манай эхнэр болон хамт явж байсан хүн “хүн мөргөчихлөө шүү дээ” гэж хэлэхээр нь би машинаа зогсоогоод буцаж эргээд тэр хүн дээр очтол засмал зам дээр нэг гутал нь тайлагдсан, гэдэс нь ил гарсан эрэгтэй хүн цус нь урссан хэвтэж байсан. ... Тэр мөргөсөн машин зогсолгүй шууд урагшаагаа чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 121 дүгээр хуудас),

-Гэрч А.М-ын “2022 оны 05 дугаар сарын 06-ны орой... зээлийн замаар ороод урдаасаа хойшоогоо Баруун салаа руу явж байтал эсрэг урсгалд нэг согтуу, эрэгтэй, бараан хувцастай хүн хойшоогоо хараад сууж байсан. Бид тэр хүний хажуугаар яг өнгөрөх үед, хойноосоо урагшаагаа чиглэлтэй явж байсан цайвар өнгийн тод гэрэлтэй Тоёота Приүс-20 маркийн машин тэр хүнийг дайраад зогсоогүй чигээрээ явсан. Бид нар буцаж эргээд нөгөө хүн дээр очоод Д эгч бид хоёр машинаасаа буусан. Тэр хүн их цус гарсан, эрүү нь зүсэгдээд ил гарсан байдалтай газар хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал),

-Гэрч Б.Д-гийн “... 124-р сургуулийн зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй явж байтал, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй эсрэг урсгалын цагаан өнгийн Тоёота Приүс 20 маркийн улсын дугаарыг нь анзаарч хараагүй автомашин (жолоочийн эсрэг талын хажуу талын бөөрөндөө цагаан, улаан өнгийн хосолсон канттай) хажуугаар өнгөрөөд түс тас хийх чимээ гараад тухайн автомашин зогсолгүйгээр шууд яваад өгсөн. Бид нар буцаж эргээд ослын газарт очиход автомашины урд кирло замынхаа баруун гар талд уначихсан, 30-40 орчим насны эрэгтэй хүн толгойноосоо их хэмжээний цус гарчихсан, эгц дээшээ харсан байдалтай, эрүүний яс нь ил гарсан байсан. Тэр хүн бараан өнгийн хувцастай, асфальтан зам дээр хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал),

-Гэрч Б.Д-ын “... тухайн үед Т Тоёота Приүс маркийн, өөрийнхөө машиныг унаад би жолоочийн арын суудалд суугаад, зүүн хойд талд нь Ө, урд талд нь М суугаад барууны замаар ертөнцийн зүгээрээ хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд нэг тээврийн хэрэгсэл зөрөх үед гэрлийн гялбаанд ороод гялбаанаас гартал зорчих хэсгийн замын голд хойноосоо урагшаа явах чиглэлд нэг хүн өөдөөс хараад сууж байсан. Т тоормос гишгээд эсрэг урсгал руугаа жолоогоо дарах гэтэл эсрэг урсгалд машин зөрж таарсан тул баруун тал руугаа дараад тухайн хүнийг машины зүүн талын хэсгээр мөргөөд, цааш жоохон явж байгаад машинаа зогсоосон. Өсөхбаяр юу болов гээд машинаас буутал Т шууд машинаа хөдөлгөөд явчихсан... Тэгээд өглөө 7 цагийн үед Говь-Алтай аймгаас ирсэн ангийнхаа охиныг Жуковоос аваад Орбитын тэмцээн болох заал руугаа явж байтал замд цагдаа драйгер багажаар үлээлгээд машины под кирло чинь байхгүй байна гээд жолоочийг барьж аваад цагдаагийн машинд суулгасан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал),

-Гэрч Г.Ө-ын “..Баруун салааны орчим байх, харанхуй шөнө байсан болохоор яг хаана яваад байгаагаа мэдэхгүй байсан. Тэгтэл эсрэг урсгалын замаар өөдөөс нэг жижиг машин зөрөөд өнгөрөөд гартал яг зам дээр хөлөө жийгээд суучихсан хар бараан хувцастай эрэгтэй хүн зам голлоод сууж байсан. Т зогсоох арга хэмжээ авах гээд тулчихсан байсан болохоор зогсохгүй, замын голд сууж байсан хар хувцастай хүнийг мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Тэр хүнийг мөргөхөд машины урд хэсэгт мөргүүлж байгаа чимээ сонсогдоод дээгүүр нь гараад цаана нь очоод зогссон. Мөргөсөн хүнээс 3-4 метрийн зайтай яваад зогссон байсан. Би хойд талын зүүн захад суусан болохоор машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр гүйгээд очтол замын гол хэсэгт дээшээ харсан байдалтай “ёо ёо” гэх авиа чимээ гаргаад хэвтэж байсан. Гэтэл машинд сууж байсан манай гурван найз хөдлөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135- 136 дахь тал),

-Гэрч Ц.М-ын “... бид 4 баруун салаанд байдаг Т-ын гэр рүү явцгаасан. Зорчих хэсгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гэрэлтүүлэггүй газраар явж байтал эсрэг урсгалд явж байсан машины гэрлийн гялбаанд ороод гэрлийн гялбаанаас гартал зорчих хэсэг дээр нэг хүн сууж байсан. Тэгээд тоормос гишгэснийг мэдэхгүй байна тэр хүнийг машиныхаа урд талын хэсгээр мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Шууд машинаа зогсоогоод манай Өсөхбаяр машинаас буугаад очиж харчхаад буцаж ирсэн. Ирээд юу гэж хэлснийг нь санахгүй байна, би тухайн үед шокт орчихсон байсан. Тэгээд бид 4 цаашаагаа Тын гэр рүү очоод хувцсыг нь аваад Яармагт байдаг бэлтгэлийн заал руу очиж тэнд бид 4 хоночхоод өглөө Говь-Алтай аймгаас ирсэн ангийнхаа эмэгтэй хүүхдийг аваад Орбитод байдаг спортын заал руу тэмцээндээ орох гээд явж байтал цагдаа нартай таараад бид нарыг шалгаад жолоочийг машинтай нь авч үлдээд бид нарыг яв гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139 дэх тал),

-Гэрч Н.Б-ын “2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн 00 цаг 03 минутын орчим ...Сонгинохайрхан дүүргийн зээлийн замаар хойноосоо урагшаагаа явж байтал урагшаагаа явдаг зам дээр нэг хүний малгай болон машины под крило байсан. Би уг под крилог тойроод гарах үед урагшаагаа явдаг зам дээр нэг бараан хувцастай эрэгтэй хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал),

-Гэрч Н.Л-ийн “2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө ... гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн зүүн замд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал зам дээр хүний малгай надад харагдахаар нь малгайг өнгөрөөд явж байтал хар өнгийн автомашины кирло зам дээр байхаар нь өнгөрөөд явж байтал зам дээр дээшээ харчихсан 30-40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Дэлгүүрийн үүдэн дээр буцаж эргээд автомашины зам дээр үлдээчхээд ослын газарт очтол мөргүүлсэн хүн амьсгаатай, толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст 145 дахь тал),

-Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн “Талийгаач нь гавлын суурийн хөндлөн, дагзны хоёр талын хайрст хэсгийн шугаман хугарал, тархины гүүр бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан бөгөөд энэ тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах ямар ч боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйдаа нас барсан байна. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь босоо буюу зогсож байх үед мөн хагас суугаа цээж хэсгээрээ босоо байрлалд байх үед тээврийн хэрэгсэлд мөргөгдөж унах үед үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал),

-Н.Т-ын гэрчээр өгсөн: “2022 оны 05 сарын 06-ны орой ... Баянхошууны тойргоор баруун салаа руу ...гэр хорооллын замаар эргээд дахин жаахан явж байтал махир эргэлт дайрахаар нь эргээд явж байтал урдаас автомашин ирэхээр нь гэрлээ ойр дээрээ шилжүүлээд жаахан явж байтал гэнэт зам дээр бараандуу хувцастай, ямар гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан малгайтай хүн байсан. Уг хүнийг би огцом тулаад харсан учраас тойроод гарах гэтэл эсрэг урсгалд автомашин явж байсан, мөн тулаад харсан учир тоормос гишгэж амжаагүй, хүнийг автомашиныхаа урд хэсгээр мөргөж, шүргэх шиг болсон. Тэгээд би жаахан явж байгаад автомашинаа зогсоогоод автомашинаасаа бүгдээрээ буугаад дайрсан хүнээ харсан чинь зам дээр байхгүй байхаар нь буцаж автомашиндаа суугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1343 дугаартай “Амь хохирогч Б.А-ийн цогцост гавлын суурийн хөндлөн, дагзны хоёр талын хайрст хэсгийн шугаман хугарал тархины гүүр, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу зүүн чамархайн булчингийн цус хуралт, эрүү ясны ил хугарал, хамар далд хугарал, эрүү хоншоор, уруулд шарх, баруун, зүүн үүдэн шүдний хугарал, цус хуралт, дух хамар баруун хацар, зүүн хацар, цээж, хэвлий, баруун тохой, шуу шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед босоо байрлалд автомашинд мөргөгдөх үед, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.А нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис илрээгүй байна.” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 161-169 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1724 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius” маркийн **УНО улсын дугаартай автомашины урд салхины шил цуурсан, капот хонхойсон гэмтлүүдтэй байна. ...Хэргийн газраас хураан авсан хар өнгийн хуванцар нь Toyota Prius маркийн **УНО улсын дугаартай автомашины зүүн урд дугуйн шавар усны хаалт мөн байна.” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 174-186 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1725 дугаартай “Хар хөх өнгийн цамц, цагаан саарал цамц, саарал оруулгатай хар дотоож, хар өнгийн өмд, цагаан саарал оймсонд урагдалт, ханзралт, халцралт, гогодолт түлэгдэлт үүссэн байна. Ханзралт, урагдалт, гогодолт, халцралт шинээр, түлэгдэлт хуучин эдэлгээний явцад үүссэн байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 199-204 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2650 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Т гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 218-220 дахь тал),

-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 999284 дугаартай “...Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэл зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил цуурсан, үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн rap талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 21800 cd, баруун rap талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 36800cd, зүүн rap талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd /стандарт 10000-225000cd/ байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн осол болохоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой...’’ гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 225-232 дахь тал),

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 30-44 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Т нь яллагдагчаар: “...эргээд явж байтал, тухайн үед зам орчны байдал харанхуй байсан, өөдөөс машин харагдахаар нь би гэрлээ ойр дээрээ шилжүүлээд зүүн эргээд чигээрээ явж байтал эсрэг урсгалд явж байгаа машины гэрлийн гялбаанд ороод, гялбаанаас дөнгөж гэрлээс гараад гэрлээ хол дээр нь шилжүүлэх хооронд зорчих хэсэг дээр нэг хүн сууж байх шиг харагдаад, тухайн хүнийг машиныхаа урд талаар мөргөөд дээгүүр нь гарчихсан. Би тулж харсан болохоор машинаа зогсоох боломж байгаагүй. ...Би сандраад явчихсан юм...” гэж (2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаанд: “...Тухайн үед санамсар, болгоомжгүйгээс болж хэрэг үйлдсэн, үнэхээр гэмшиж байгаа. Айж сандраад шокт орсон байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд биелэн оролцохдоо өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлж, мөн төлбөрийн чадваргүй гэдгээ дурдсан байх тул шүүх эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар Монголын Хуульчдын холбооны Нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх хороонд хандаж, үнэ төлбөргүйгээр өмгөөлөгчөөр хангах боломжтой эсэх талаар албан бичиг илгээсэн. Уг хороо зөвшөөрсөн хариу өгсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биечлэн уулзаагүй, товлосон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.А-ийн цогцост гавлын суурийн хөндлөн, дагзны хоёр талын хайрст хэсгийн шугаман хугарал тархины гүүр, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу зүүн чамархайн булчингийн цус хуралт, эрүү ясны ил хугарал, хамар далд хугарал, эрүү хоншоор, уруулд шарх, баруун, зүүн үүдэн шүдний хугарал, цус хуралт, дух хамар баруун хацар, зүүн хацар, цээж, хэвлий, баруун тохой, шуу шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирсан байх бөгөөд гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Т-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний явган зорчигч мөргөсөн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт, харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрөө хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрт тус бүр тооцно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т-ын хувьд уг заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосоншинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Т нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Т-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х нь “хохиролд нийт 16,550,000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй” гэж бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрөөг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

            Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх саналтай, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна..” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Билгүүн: “Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд их дээд сургуульд сурах боломжгүйн улмаас сургуулиа дундаасаа орхиод гэр бүлээ тэжээж байгаа.  Иймд улсын яллагчийн саналын дагуу ялыг оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга: “Үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, тодорхой хэмжээнд хор уршиг арилсан нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна. Хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр гаргасан тайлбар байна. Энэ бүгдээс харахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө шүүхийн шатанд төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Иймд улсын яллагчаас гаргаж байгаа 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан  гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн оюутан дүүтэй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг боловч эцэг эх нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүл мэндийн шалтгаантай зэргийг харгалзаад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, нэмж нэгтгээд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бичгээр гаргасан хүсэлтдээ: “нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэжээ.

           2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),  иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал), зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 31-34, 40 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал), хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал),  оршин суугаа газрын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийг 59 дэх тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 60-69 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрлээгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхээс талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан нэг төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг хоёр жил гурван сараар тогтоолоо. Түүнчлэн, шүүгдэгч Н.Т нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр хоёр хоног баривчлагдсан байх тул  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг дээрх хугацаанд оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь үр нөлөөтэй байна.

            2.3.     Бусад асуудлын талаар

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй. Харин энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ж овгийн Н- Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг хоёр жил гурван сараар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ын баривчлагдсан 2 (хоёр) хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг хоёр жил гурван сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

6.Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Т-д сануулсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Х насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрөөг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.БАТАА