| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/1099/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1099 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Оргилболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Оргилболд (томилолтоор), шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000**** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овгийн Д-гийн М, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа байсан иргэн Б.Ан эзэмшлийн “Trinx М500 Blue” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн хохирол,
-2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 10 дугаар орцны 5 давхраас иргэн Т.Батсайханы эзэмшлийн “Forever” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,440,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, Д овгийн Д-гийн М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * дугаар байрны гадаа байсан иргэн Б.Ан эзэмшлийн “Trinx М500 Blue” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн хохирол,
-2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 10 дугаар орцны 5 давхраас иргэн Т.Батсайханы эзэмшлийн “Forever” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,440,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал), хохирогч Б.А-н " ...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа унадаг дугуйгаа хашаанд нь, зориулалтын дугуйны цоожоор түгжээд орхисон. Тэгээд 17 цагт ажлаа тараад дугуйгаа шалгахад алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Тэнцвэр эстимэйт ХХК-ий: “Trinx М500 Blue” маркийн унадаг дугуй-680,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-42 дахь тал), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 43-44 дэх тал), хохирогч Т.Б-ны "... Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-р байрны 10-р орцны 345 тоотод амьдардаг. Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 5 давхрын паарнаас түгжээд орхисон "Forever" гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн, 29 инчийн унадаг дугуйгаа алдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий: “Forever загварын унадаг дугуй-1,440,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед “... 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны орц руу ороод 2 давхарт гарахад шатны төмрөөс цэнхэр өнгийн унадаг дугуйг холбоод уячихсан байсан. Би холбоосыг нь төмрөөр таслаад дугайг аваад явсан ...Мөн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байр луу унтах зорилгоор орсон. 5 давхарт гарахад хана түшүүлээд унадаг дугуй тавьчихсан байхаар нь аваад гарсан. Дугуйг тэр даруй нэг танихгүй хүнд 80,000 төгрөгөөр зарсан” гэж (хавтаст хэргийн 32-33, 76-77 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох “Trinx M500 Blue” маркийн унадаг дугуйг 680,000 төгрөгөөр, “Forever” маркийн унадаг дугуйг 1,440,000 төгрөгөөр тус тус үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 2,120,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.М-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар түүнээс нийт 2,120,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Батсайханд 1,440,000 төгрөг, хохирогч Б.Ад 680,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасах, эд мөрийн баримтаар хураагдсан сд хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаангүй, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжтой. Улсын яллагчийн гаргасан саналаас татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлын 8 цагийг цагдан хоригдсон хоногийн 1 хоногоор тооцон хасаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Мад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 102-104 дэх тал), цагдан хорих тухай шүүгчийн 239 дугаар захирамж (хавтаст хэргийн 131-132 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 400-248=152 цагаар биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоов.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Д овгийн Д-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мад сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 248 (хоёр зуун дөчин найм) цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 152 (нэг зуун тавин хоёр) цагаар тогтоосугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 2,120,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Батсайханд 1,440,000 төгрөг, хохирогч Б.Ад 680,000 төгрөг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.Б