Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, Ж.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Л.Ч” ХХК-нд холбогдох бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, иргэдийн төлөөлөгч Н.Э нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Улаан-Өндөр гэх газар нутаглаж байна. Манай баруун доор “Л.Т ” гэх хятадын уурхай 12 жил болж байна. Өмнө нь 2014 онд Л.Т  гэх хятадын уурхайн нохой хонинд халдаж 2 хонь барьж байсан удаа бий. Тухайн үед хохирол барагдуулсан боловч арга хэмжээ аваагүйн улмаас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд “Л.Т ” гэх хятадын уурхайн 2 хар нохой хонинд орж 5 хонь барьсан. Түүнээс 3 хонь үхэж, 2 хонь нь маш гүнзгий соёо орсон. “Л.Т ” гэх хятадын уурхайд хэлсэн боловч бидэнд хамаагүй, нохойгоо буу авчирч бууд гэж хэлсэн. Мөн цагдаад очиж хэл гэсэн. Цагдаад мэдэгдсэн боловч манайд хамаарахаа больсон хууль шинэчлэгдсэн гэж мэдэгдсэн. Иргэний маргааныг засаг дарга шийдэх болно гэсэн хариулт өгсөн. Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Би нэг хонио 150.000 төгрөгөөр үнэлнэ. Иймд “Л.Т ” гэх хятадын уурхайгаас 5 хонины хохирол 750.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч М.А 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тайлбартаа “Хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй байна. 2018.03.14-ний өдөр 9 дүгээр ангийн 14 настай хүү Б.Б хонинд явж байсан. “Л.Т ” компани манай бэлчээрийн газартай ойр байдаг. Эргэн тойрон бичил уурхайнууд байдаг. Манайх хонио хариулгагүй, эзэнгүй явуулдаггүй, байнга хүнтэй явуулдаг. Тухайн өдөр хонио хариулж явахад “Л.Т ” компанийн хашаанаас 2 нохой гарч ирж хонинд орж 5 хонь барьсан. “Л.Т ” компанийн нохой хашаандаа пайзгүй байдаг. Бор-Өндөр суманд нохой устгал явагдснаас хөдөөгүүр нохой дайжиж гарч ирсэн нь үндэслэлгүй. 2018.03.26-аас 03.18-нд нохой устгал явуулах захирамж гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч “Л.Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2018 оны 03-р сарын 14-ний үдээс хойш малчин М.А гэх залуу ирж танай уурхайн нохой хонь барилаа гэж харуулын ахлагчийг ирж загнасан. Манай уурхайд тэжээвэр нохой байхгүй өөрийн гэсэн нэг ч нохой байдаггүй. Энэ хүний нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан зургийг үзвэл хонийг нь нохой барьж байгаа зураг байхгүй, манай уурхайн гадаа ирж нэг нохойны зураг авсан байна. “Л.Т ” компанийн нохой гэсэн таних тэмдэг, пайз байхгүй байна. Манай компани харуул хамгаалалтын албатай учир нохой тэжээх нохойгоор мануулах юм байхгүй. Энэ хавиар золбин нохой их явдаг. Бид Засаг даргын захирамжийн дагуу нохой устгах үеэр гадуур байгаа нохойг устгуулдаг. Тэр үед Бор-Өндөр суманд нохой устгаж байсан болохоор төвийн нохой хөдөөгүүр дайжиж нохой их явсан байх. Малчид малаа хариулгагүй явуулдаг, аль айлынх нь мэдэхгүй хонь болон үхэр уурхайд орж ирдэг манай харуулын ажилчид туугаад гаргадаг. Энэ хавийн малчид гөлөг төөрүүлж уурхайн үүдэнд авчирч тавьсан тохиолдол их бий. Манай компаниас гадна эргэн тойрон олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. Урьд жилд хонь урлаа гэхэд бид хонины төлбөр гээд өгч байсан. 2018 оны 04-р сарын 09-нд 6-р багийн засаг дарга С.Э, байгаль хамгаалагчтайгаа явж байсан хээрийн зэрлэгшсэн нохой их явж байгаа бас айлын хоттой хонинд орсон байна гээд бид хамтарч ажиллая ахиад хүн хүч гаргаж тэр хавийн нохойг устгая гээд өдөр товлоод байгаа. Бид энэ ажлыг хийгээд албан ёсоор дүрсжүүлээд холбогдох газар өгнө. Энэ хүний нэхэмжлэлд 5 хонины мөнгө 750.000 төгрөг төлүүлнэ гэсэн байна. Бид төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч М.А нь “Л.Т ” ХХК-нд холбогдуулан нохойд бариулсан 5 хонины үнэ 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч манай компани нохой тэжээдэггүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.А-ын 4 тооны хонь нохойд бариулж түүнд эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. /хх-н 7-8 хуу/

Хариуцагч талаас нотлох баримтаар “Л.Т ” ХХК-ийн уурхай дээр байсан 10 тооны золбин нохойг Бор-Өндөр сумын 4, 6 дугаар багийн засаг дарга нар нь нохой устгагчтай  хамтран устгасан талаарх 6 дугаар багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, /хх-н 17 хуу/ “Л.Т ” ХХК нь хамгаалалтад нохой ашигладаггүй, тус уурхайн нь тэжээвэр нохойгүй талаарх Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 05/303 дугаартай албан бичиг, /хх-н 18 хуу/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч М.А нь “Л.Т ” компанийн хоёр нохой манай таван хонийг барьсан гэж тайлбарыг ирүүлж байх боловч хонь барьсан гэх хоёр нохой “Л.Т ” компанийн өмчлөл, эзэмшлийн нохой мөн эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч “Л.Т ” ХХК нь хоёр нохойтой байсан, тэдгээр нь нэхэмжлэгчийн хонийг барьсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Зохигчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч зохигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэг зааснаар хэргийг зохигч талуудын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч “Л.Т ” ХХК-иас гэм хорын хохирол 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5671, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              

                          ДАРГАЛАГЧ                                  М.ЭНХМАНДАХ                                

                           ШҮҮГЧИД                                     Р.БАТБАЯР

                                                                                Ж.БОЛДБААТАР