| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0076/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Б.А, Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Э.Т нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, ... харгалзсан, Б.А /РД: .../
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...-ний өдөр Баянхонгор аймгийн ... төрсөн, ... настай, ..., халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... хамт Баянхонгор аймгийн ... оршин суух бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн ... тоотод хадам аав Ө-ын хашаанд оршин суух, ... хянан харгалзсан, Э.Т /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А, Э.Т нар нь бүлэглэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, ... хашаан дахь өөрсдийн ажиллаж байсан барилгаас 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд 385,000 төгрөгийн үнэлгээ бүхий кен загварын цохилттой дрилл, тасдагч, 50 метрийн урттай цахилгааны уртасгагч залгуур зэрэг багаж хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Т ах бид хоёр хоорондоо ярилцаж байгаад цахилгаан дрилл, жижиг цахилгаан тастагч хоёрыг эзэндээ хэлэлгүй авсан. Тэгээд буцааж өгсөн. Тухайн үед архи уусан байсан, цалин хөлс, хоол унд өгөхгүй болохоор нь барилга дотор байсан эд зүйлийг авсан. Хууль бус зүйл хийснээ мэдэж байгаа, авсан эд зүйлээ тоо ёсоор нь буцаан өгсөн. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 55-56/
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 7 сарын 29-нд миний өрлөгийн ажил дууссан. Дарга нараас цалингаа авъя гэтэл мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би за за гэж хэлээд явсан. Тэгээд Т ахтай ярилцаж байгаад багажуудыг авсан. Цалин өгөхөөр нь буцааж өгөх зорилгоор авсан. Тэр багажуудыг барьцаанд тавьж дэлгүүрээс буудлын мөнгө, идэх уух зүйл авсан. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Авсан эд зүйлээ бүгдийг буцаан өгсөн, дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Замын-Үүд суманд 2022 оны 07 сарын 21-ний өдөр барилгын ажил хийхээр ирсэн. 2022 оны 07 сарын 24-ний өдөр Хэнтий аймгаас ирсэн гээд урьдын танил залуу болох Б.А-той ажил хийж дуусаад барилгын эзнээс хийсэн ажлынхаа хөлсийг нэхсэн чинь “мөнгө байхгүй болоогүй” гээд уурласан. Тэгээд бид нар хоорондоо жаахан маргасан чинь “хоол унд өгөхгүй” гээд эзэн маань уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад цахилгаан дрилл, жижиг цахилгаан тасдагч хоёрыг нь эзэндээ хэлэлгүй авсан. Цалин өгвөл буцааж өгнө гэсэн. Манай эзэн гэх залуу “мөнгө алга байна та хоёр ажлаа хий” гэхээр нь “энэ нөхөр ер нь чи бид хоёрыг баахан ажил хийлгэчхээд цалин хөлс өгөхгүй луу унжих нөхөр байна” гэж бодоод ядаж хоосон үлдсэнээс багажийг нь аваад явъя гээд аваад явсан. Тэгсэн чинь бөөн цагдаа шүүх болсон байсан. Би тухайн үед архи уусан байсан уурандаа ажил хийлгэчхээд мөнгө өгөхгүй гээд архи уучихсан байсан. Цахилгаан дрилл, жижиг цахилгаан тасдагч хоёрыг нь барьж байсан барилга дотроос Б.А-ын хамтаар аваад гарсан. Би авсан эд зүйлээ тоо ёсоор нь барагдуулсан байгаа. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 88-89/
Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цалин мөнгө өгөхгүй болохоор нь багаж авсан. Тэгээд барьцаанд тавьсан. Хийсэн хэргээ хүлээж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Авсан эд зүйлээ бүгдийг буцаан өгсөн гэв.
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би “...” ХХК-ийг 2019 онд үүсгэн байгуулж одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2022 оны 07 сарын 21-нээс Замын-Үүд сумын 2-р баг Шалганы 3 дугаар гудманд баригдаж буй сумын тагнуулын газрын хашаанд тухайн байгууллагын шинэ өргөтгөл дээр засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэж байгаа юм. 2022 оны 07 сарын 30-ны өглөө барилга дээр ирэхэд хотоос саяхан худалдан авсан тасдагч, цохилттой дрилл, 50 метр уртасгагч залгуур зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би ажилчдаасаа асуухад мэдэх хүн байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 2022 оны 07 сард цохилттой дрилл 280,000 төгрөг, тасдагч 130,000 төгрөг, уртасгагч залгуур 120,000 төгрөг нийт 530,000 төгрөгөөр худалдан авсан. /хх-ийн 27-28/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 29-ний өдөр өөрийн танил А, түүний хамт ажилладаг Т нарын хамт архи уусан. Орой 21 цагийн орчимд Т, А нар ажиллаж байгаа барилгын хашаа руу орж барилгаас тасдагч, цохилттой дрилл, цахилгааны уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг авч гарч ирсэн. Тэгээд бид урд гудманд байдаг Арвайхээр дэлгүүрт тэдгээр багажийг барьцаанд тавьж хоол, хүнс, бэлнээр 40,000 төгрөгийг Т авсан. Тэр орой нь Т бид хоёр Хөвсгөл зочид буудалд хонож, маргааш өглөө нь А “гудамжинд тасраад унтчихсан байна” гээд буудалд ирсэн. Тэгээд 2022 оны 07 сарын 31-ний өдөр А, Т нар нь өөрсдийн ажиллаж байгаа барилгаас тухайн зүйлсийг хулгайлсан талаар мэдсэн. Тэр хоёр өмнө нь надад өөрсдийн багаж, эд зүйлс байгаа юм гэж хэлсэн болохоор тухайн үед хулгай хийсэн талаар мэдээгүй байсан гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Замын-Үүд дэх тагнуулын газарт шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтнаар ажилладаг. 2022 оны 07 сарын 29-ний 08 цагаас 30-ны өдрийн 08 цагийн хооронд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан. Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 07 сарын 29-ний 21 цаг 23 минутын орчимд хашаанд манай байгууллагын шинээр баригдаж байгаа барилгад ажиллаж байгаа барилгын ажилчид болох бүтэн нэрийн мэдэхгүй А, Т гээд 2 залуу орж ирээд засварынхаа багаж хэрэгслийг аваад гарсан. Маргааш нь тухайн хоёр залуу өөрсдийнхөө барилгын бригадын багаж хэрэгслийг хулгайлсан болохыг мэдсэн. Миний хувьд барилгын ажил эхэлснээс хойш барилгын ажилчдыг ашиглахад өөрсдийн багаж хэрэгслээ орой буухдаа авч яваад, хувиараа засвар, засал чимэглэл зэрэг ажил хийж байгаа талаар өөрсдөөс нь сонсож байсан. Мөн манай тагнуулын байгууллагын эзэмшлийн багаж хэрэгсэл, эд хөрөнгө биш болохоор шалгах шаардлага байгаагүй. Тухайн хоёр залууг өөрсдийнхөө багаж хэрэгслийг аваад гарч байна гэж ойлгосон. Цохилттой дрилл, тасдагч, уртасгагч зэрэг багаж авч гарахыг харсан. Өөр авч гарсан зүйл ажиглагдаагүй гэжээ. /хх-ийн 18-19/
Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 29-ний орой Замын-Үүд сум Шалганы 1-1 тоотод байрлах Арвайхээр нэртэй дэлгүүртээ ажиллаж байтал 22 цагийн орчимд зүс таних М гэх залуу үл таних хүнтэй орж ирсэн. Тэгээд М хамт явж байсан залуу цохилттой дрилл, тасдагч, цахилгааны уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг барьцаанд тавиад хоол хүнсний зүйл авъя гэхээр нь М таньдаг учраас 60,0 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Маргааш нь хулгайн эд зүйл байсныг мэдсэн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Багаж хэрэгслийг барьцаанд тавьсан Т гэх хүн миний хохирлыг барагдуулсан гэжээ. /хх-ийн 22-23/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 30-32/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 38-41/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-44/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 45-49, 80-82/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 62-79, 95, 98-115/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 145-146/
Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 148-149/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын 34 дугаартай тогтоол /хх-ийн 150-152/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-ийн 153-154/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.А, Э.Т нар нь бүлэглэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Шалганы 3 дугаар гудамж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын хашаан дахь өөрийн ажиллаж байсан барилгаас 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд 385,000 төгрөгийн үнэлгээ бүхий кен загварын цохилттой дрилл, тасдагч, 50 метрийн урттай цахилгааны уртасгагч залгуур зэрэг багаж хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь хохирогч С.Б /хх-ийн 27-28/, гэрч А.М /хх-ийн 14-15/, гэрч Э.Ө /хх-ийн 18-19/, гэрч П.Ц /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 30-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 38-41/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-44/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Э.Т нь “Тэгээд бид нар хоорондоо жаахан маргасан чинь “хоол унд өгөхгүй” гээд эзэн маань уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад цахилгаан дрилл, жижиг цахилгаан тасдагч хоёрыг нь эзэндээ хэлэлгүй авсан. Цалин өгвөл буцааж өгнө гэсэн.” гэж мэдүүлж байсан боловч гэрч П.Ц-ын “...Тэгээд М-тэй хамт явж байсан залуу цохилттой дрилл, тасдагч, цахилгааны уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг барьцаанд тавиад хоол хүнсний зүйл авъя гэхээр нь М-г таньдаг учраас 60,0 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Маргааш нь хулгайд эд зүйл байсныг мэдсэн юм.” гэх мэдүүлгээр шүүгдэгч нарын санаа зорилго үгүйсгэгдэж байна. Түүнчлэн шүүгдэгч нар нь хулгайн үйлдлийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч Э.Ө-ын “...2022 оны 07 сарын 29-ний 21 цаг 23 минутын орчимд хашаанд манай байгууллагын шинээр баригдаж байгаа барилгад ажиллаж байгаа барилгын ажилчид болох бүтэн нэрийн мэдэхгүй А, Т гээд 2 залуу орж ирээд засварынхаа багаж хэрэгслийг аваад гарсан. Маргааш нь тухайн хоёр залуу өөрсдийнхөө барилгын бригадын багаж хэрэгслийг хулгайлсан болохыг мэдсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.А, Э.Т нар нь эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн барагдуулж авсан нь эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-44/, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.А, Э.Т нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгч нар нь 2022 оны 08 сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохиролгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Т нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Т нар нь оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Т нарын цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Э.Т нар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б