Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 376

 

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                                     Нэхэмжлэгч: Өмнөговь  аймаг  Даланзадгад  сум,  1-р  баг

 ..............................тоотод оршин

суух,   *******   овогт   Б.А

                             /РД:.................../ 

       Хариуцагч:   Өмнөговь  аймгийн Даланзадгад сум, 1-р баг

.............................. тоотод оршин

суух,  ******* овогт  Д.Ц

                              /РД:....................../

 

            Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , хариуцагч Д.Ц , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ц тай  2006 оны 06 сард танилцаж, 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Ц , 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин Н  нар төрсөн. Одоо хүү 10 настай, охин 4 настай. Д.Ц тай амьдарсан 11 жилийн хугацаанд би үргэлж бие болон сэтгэл санаа, санхүүгийн болон бэлгийн дарамтад байсаар ирсэн. Анхны хүүхдээ төрүүлэх гээд 5 сартай жирэмсэн байхад анх удаа цохиж авснаас хойш үргэлж гар хүрдэг болчихсон. Архи ямагт уудгаас нь болж “ууж болохгүй битгий уугаач” гэсэн гэргий хүний ёсоор шаардлага тавихад чиний мөнгөөр уугаагүй чи муу дуугүй бай гэх зэргээр миний амыг тагладаг байв. Энэ хүнд үг хэлэхгүй бол өөрөө ухамсраараа больчих болов уу гээд зодуур доромжлолын үгс, санхүүгийн хяналт шахалт, бэлгийн гаж дарамтыг нь чимээгүй өнгөрүүлэн ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө ч нуусаар ирсэн нь намайг өнөөдрийн энэ байдалд хүргээд байна. Д.Ц  нь одоогоор Цагаан хад – Ганц модны боомтод шаланзны жолооч ажил эрхэлдэг. Олсон орлогоо зөвхөн өөрийнхөө хүслээр захиран зарцуулдаг. Мөн миний ажил хийж олсон цөөхөн хэдэн төгрөгийг ч мөн хянан шалгаж зарцуулдаг. Архи уухдаа доод тал нь 15-17 хоног, дээд тал нь 1-2 сар үргэлжлүүлэн уудаг. Сүүлийн жилүүдэд архи уусан үедээ үргэлж гар хүрснийхээ дараа гаж секс хийхийг шаарддаг болсон. Татгалзвал дахин хэрүүл маргаан үүсгэж зодож байгаад санасандаа хүрдэг. Дараа нь эрүүл болсон үедээ хийсэн үйлдлийнхээ төлөө хэзээ ч гэмшиж, уучлалт гуйж байгаагүй. 2 хүүхэд ааваасаа үргэлж айж, согтуу ирсэн үед нь огт дуугардаггүй, унтсан дүр үзүүлэн хэдэн цагаар ч хамаагүй хэвтдэг. Хэрүүл зодооны үеэр хаашаа ч хамаагүй гарч зугтаадаг. Ийм гэр бүлийн олон төрлийн хүчирхийлэлд автан сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулан Д.Ц аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Д.Ц  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2007 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 0001313 дугаартай гэрлэлтийг цуцалж хүү Ц , охин Н  нарт тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн одоогоор Д.Ц  нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө намайг зодож байхдаа хөнгөн гэмтэл учруулан одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул эвлэрүүлэн зуучлах хугацаанаас өмнө шүүхийн хүрээнд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Б.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх хүсэлт байхгүй. Ер нь гэр бүлд тайван аз жаргалтай орчин бүрдэхгүй байсан. Архи уудаг, уусан үедээ зан авирын байдал нь тогтворгүй, 2 хүүхэд маань шилжилтийн насан дээрээ явж байгаа, буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа учраас хүүхдүүдээ иймэрхүү тайван бус орчинд өсгөж хүмүүжүүлэх хүсэлгүй байгаа учраас уг нэхэмжлэлийг гаргасан. 2007 оны 01 дүгээр сарын 5-нд гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний биед гар хүрсэн. Би нотлох баримт болгож зурагнуудыг хавсаргаж өгсөн . Архи уусан үедээ надад гар хүрдэг. Алдаагаа засаж залруулдаггүй. Эд хөрөнгийг хүн алдсан ч гэсэн эргүүлж авч болдог харин сэтгэл санааны хохирлыг бол хүн эргүүлж төлүүлж чадахгүй шүү дээ гэв.

Хариуцагч Д.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Болоож овогтой Анхтуяагийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах тухай хэрэгт хариуцагч миний бие хүү Ц , охин Н   нарт тэтгэмж тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Өөрөө өнчин өссөн учраас хүүхдүүдээ өнчин өсгөх бодолгүй байна. Би архины эмчилгээнд яваад элэг бүтэн сайхан амьдарна гэж эхнэртээ хэлсэн. Би салмааргүй байна. 11 жил болоход энэ хүнийг би нэг ч удаа ажил хийлгэж байгаагүй, хашаандаа дэлгүүр гаргаж, машин авч өгч байсан. Миний алдаа бол архи хэтрүүлэн уудаг. 2 удаа архины эмчилгээнд явсан боловч амжилттай болоогүй учраас одоо Орос уруу эмчилгээнд явах гэж байгаа. Архи уугаад тасарчхаараа хэнд юу хэлж, юу хийснээ мэддэггүй. Хэтэрхий нэг талыг барихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн ярьсан зүйл бүгд үнэн. Би алдаагаа ухамсарлаад эмчилгээнд явж ирээд 2 хүүхдэдээ эцэг шиг эцэг, ханьдаа хань шиг нь байж элэг бүтэн сайхан амьдармаар байна. Архинаас болж амьдралаа алдаж байгаагаа би мэдэж байна. Тавантолгойд том машин барьдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  нь Д.Ц д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хариуцагч Д.Ц  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргаж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.А , Д.Ц  нар нь 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Ц.Ц , 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин Ц.Н  нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчдийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагч Д.Ц ы шүүх хуралдаанд гаргасан “...Би гар хүрч байсан. Миний буруу. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гарынхаа араар алгадаж, нэг өшиглөсөн. Миний алдаа бол архи хэтрүүлэн уудаг. Архи уугаад тасарчхаараа хэнд юу хэлж, юу хийснээ мэддэггүй. Нэхэмжлэгчийн ярьсан зүйл бүгд үнэн...” гэх тайлбараар нотлогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2008 оны 10 дугаар сарын 01-ний төрсөн хүү Ц.Ц , 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.Н  нарын эцэг Д.Ц  болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон Ц.Ц , Ц.Н  нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.А  нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад 62 816 төгрөг, нийт 133016 төгрөг төлөхөөс 70 200 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч Д.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 62 816 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д тус тус олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт Болоожийн Анхтуяа, ******* овогт Д.Ц  нарын гэрлэлтийг цуцалсугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц аас хүү Ц.Ц , охин Ц.Н  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 62 816 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д тус тус олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ