Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1093

 

 

 

 

 

 

 

 

         2022         09          07                                    2022/ШЦТ/1093

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.08.01--ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1995 оны 7 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК хөнгөн блокийн үйлдвэрт оператор ажилтай, ам бүл-4, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 0 дугаар баг Баатархайрхан 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн 00-00 тоотод түр оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Эны Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Доллар нэртэй дэн буудлын хүлэн авагч ажилтай Н.Нийн толгой луу нь гар утсаараа цохиж, түүний бие махбодод хөнгөн зэргийн учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Н.Нийн: “2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Доллар нэртэй дэн буудалд ажлаа хийгээд байж байтал 20 цаг 30 минутын үед гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Уг залуу нь манай 204 тоот өрөөг авсан бөгөөд төлбөрөө бэлнээр өгсөн. Тэгсэн миний өөдөөс нэг намхан залуу нь хэрэлдсэн ба том биетэй залуу нь буцаад ороод ирсэн ба “шаардлага биелүүлэхгүй бол цагдаад мэдэгдэнэ” гэхэд дахиад  миний өөдөөс хэрэлдсэн. Тэгээд үүд хэсэгт ирээд миний дух хэсэг рүү тэр намхан залуу гар утсаараа цохиж улмаар миний толгойноос цус гарч хажууд байсан. Бямбасүрэн нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-10/,

- Гэрч Б.Тийн: “2022 оны 6 дугаар сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад миний өөрийн найз Э.Д гэх залуутай уулзаж Доллар гэх нэртэй дэн буудалд хамтдаа пиво уусан. Улмаар пиво ууж байгаад бид 2 тоглоомоор жаахан чанга ярьчихсан юм. Гэтэл буудлын өрөөний угтагч эгч өрөөнд орж ирээд улмаар хүмүүс унтаж амарч байхад чанга ярилаа гэх шалтгаанаар орж ирээд маргалдсан. Улмаар манай найз Э.Дтай нэлээн маргаан өрнүүлсэн. Тэгээд би Э.Дыг салгаад буудлаас гарах гэтэл үүдний хэсэг дээр дахин маргалдаж гартаа байсан гар утсаараа буудлын эгчийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-19/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 9245 дугаартай “Н.Нийн биед духанд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл  байна. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-21-22/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Д нь танхайн, шууд санаатайгаар гар утсыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.Дыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Н нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Э.Д нь эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх-10/ ба хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь хохирогчийн эрх хэмжээний асуудал ба хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүхээс шийдвэр гаргах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Д нь урьд Сум дундын 25 дугаар  шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98  дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон, хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, мөрдөгчийн даалгавар /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-35/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.Д нь 2013 онд шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна. Иймд түүний урьд шүүхээр шийтгүүлж байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг, шүүгдэгчээс “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон Э.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд гурав хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-гийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Э-гийн Дд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Дд оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Д нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Нт дансаар 1 сая төгрөг шилжүүлсэн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э.Дд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ