Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 610

 

 О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч О.Эын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогч Ж.Солонгын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,

хохирогч Д.Өлзийбаяр, Т.Баярсайхан,

хохирогч “ITZONE” ХХК-ний төлөөлөгч Б.Насандэлгэр,

           иргэний нэхэмжлэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч А.Туул,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1172 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай эсэргүүцлээр О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2014250002529 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ...................., 1983 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хэрэгт холбогдох үедээ “Политикал Экономи Социаль Технологи” ХХК-д ерөнхий захирал ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 96 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.......................5/;

            2. ..........................., 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Политикал Экономи Социаль Технологи” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын Энхтайваны өргөн чөлөө гудамж, Эко 26 дугаар байрны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

            3. ....................., 1983 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Политикал Экономи Социаль Технологи” ХХК-д санхүү эрхэлсэн захирал ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын Энхтайваны өргөн чөлөө гудамж, 69 дүгээр байрны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................;

            4. ............................. 1986 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Политикал Экономи Социаль Технологи” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Талх чихэр 11 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Ч................................/;

 

            О.Э нь ганцаараа:

1. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт иргэн Д.Оюунтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Оюунтуяа, П.Энхтайван нарын эзэмшлийн “Лексус-570” маркийн автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт иргэн Т.Дуулгаар дамжуулан Мизу ХХК-ний А.Бадрахын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 80.467.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт Б.Баяраагийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 ам.долларын үнэ бүхий “Лексус-570” маркийн автомашиныг 10.000 ам.доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг А.Өлзийжаргалд барьцаалан 47.000 ам.долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, "Хар усан тохой" нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бямбацогтын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 ам.долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 212.236.128 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханаас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. 2012 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Ч.Гантөмөрт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд-Круйзер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гантулгаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000. 000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Раднаабазарт “Мизү” ХХК-ний “Ланд-200” маркийн автомашиныг барьцаалан 30.000.000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Болдын эзэмшлийн 99-93 УНН улсын дугаартай “Ландровер-Рэнж-ровер” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч, 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Э нь бусадтай бүлэглэн:

1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Жтэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз-Жи-500”  маркийн 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б.Жавхлантөр, Ц.Т нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренж-Ровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Ланд-Круйзер-200” маркийн 120.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 ам.доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд- Круйзер-200” маркийн 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-ний захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон“ ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлийн үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл-инвест” ХХК-ний захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 2 удаагийн үйлдлээр 50.000 ам.доллар шилжүүлэн авч, 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бат-Энхтэй бүлэглэн "Этүгэн" дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 ам.доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 145.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-ний холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, самсунг галакси эс 4 утас 142 ширхэг, ай фоне 5 утас 374 ширхэг, “Блекбери” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утсыг залилан авсан гэмт хэрэгт,

 

Д.Ж нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз-Жи-500” маркийн 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 34.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Ланд- Круйзер -200” маркийн автомашиныг авна гэж 10.000 ам.доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 2 ширхэг автомашиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 240.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Э, Ц.Т нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренж-Ровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар- Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Б.Б нь:

1. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр О.Этай бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-ний захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлийн үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 46.967.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвэст ХХК-ний захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр О.Этай бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн, гаалийн бичигтэй “Ланд-Круйзер-200 маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 ам.доллар өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 145.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. О.Этай  бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-ний холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, самсунг галакси эс 4 утас 142 ширхэг, ай фоне 5 утас 374 ширхэг, блекбери загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утсыг залилан авсан гэмт хэрэгт,

 

Ц.Т нь:

О.Э, Д.Ж нартай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ““Ренж-Ровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Э, Б.Б, Д.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 01 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хохирогч, шүүгдэгч нараас дахин шинээр байцаалт авч,  мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хохирол төлбөрийн тооцоог тооцох болон хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүрч байх тул хохирогч тус бүрээр болон хэргийн холбогдогч нараас мэдүүлэг авч түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй байна. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Гантөмөр “...би итгэж өөрийн унаж байсан “Ланд- 200” маркийн машиныг 45 сая төгрөгийн барьцаанд тавьж, мөнгөө бүгдийг нь О.Эт өгсөн, ...2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний компани миний машиныг 120 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн бэлнээр 72 сая төгрөг ба нийт 192 сая төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд түүнийгээ нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /7хх187-192/ байх боловч түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хаана барьцаанд тавьсан зэргийг тодруулж нотлох баримтыг хэрэгт авах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Отгон-Эрдэнийн Эрхэмбаяр, Гэрсэнз хунтайж овогт Дугарсүрэнгийн Жавхлантөр, Боржигон овогт Басбүрнээбаатарын Бат-Энх нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Алаг адуун овогт Цэрэндоржийн Тарваа нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2014250002529 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт  буцааж, хэргийг прокурорт очтол О.Э, Д.Ж, Б.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт “Лексус-570” маркийн 00-80 УНЛ улсын дугаартай автомашиныг ТС-1 авто тээврийн хэрэгслийг саатуулах хашаанд битүүмжилснийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Сиди, Плас-Сиди төслийн танилцуулга, төсөл 3 материал, битүүмжилсэн автомашины FCCID:HYQ14AAB IC:1551А-14AAB DENSO гэсэн бичигтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн гэрийн хамт татварын ТА№1008270 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн №01559486 дугаар гэрчилгээг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Э, Д.Ж нар нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Солонго, гэрч Ж.Мөнхтулга, Н.Энхбат нарын мэдүүлэг болон бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч О.Э, Д.Ж нарыг иргэн Ж.Солонгын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. О.Э нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханаас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Мөн хохирлын тал дээр хоорондоо маргадаггүй болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүдээр нь тодорхой байна. О.Э нь 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл инвэст” ХХК-ний захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 50.000 ам.доллар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан хэргийн хувьд хохирогч Д.Энэбишийн О.Э, Б.Б нарын мэдүүлгээр О.Э, Б.Б нар нь бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдож байна. О.Э нь Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Мобиком корпараци” ХХК-ний холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гap утас худалдан авах" гэрээ байгуулж, самсунг галакси эс 4 утас 142 ширхэг, ай фоне 5 утас 374 ширхэг, блекбери загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан хэргийн хувьд Ж.Солонгыг холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжид дурдагдсан мөрдөн шалгах ажиллагаа нь урьд хийгдсэн, дахин хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар тогтоох боломжтой ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Илтгэгч шүүгчтэй санал нэг байна. Хохирлыг бүрэн тооцоогүй. Хохирогч Ж.Солонгыг 6.000.000 төгрөгөөр залилсан гэх хэрэгт прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайн хэргийг иргэний хэрэг гэж үзэж байна. Мөн хохирогч Ц.Даваажаргал, Б.Оргил нар хохирогч мөн эсэх, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хавтас хэрэгт байхгүй. Д.Энэбишээс 50.000 ам.доллар авч хохирол учруулсан үйлдэлд ханшийн лавлагаа аваагүй. “Мобиком корпораци” ХХК-ний гэмт хэрэгт Ж.Солонгын оролцоог дахин шалгах шаардлагатай. Мөн О.Эыг Т.Дуулгаар дамжуулан А.Бадрахын эзэмшлийн автомашиныг шилжүүлэн авч, 80.467.200 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт автомашины үнийн дүнг шинжээчдийн дүгнэлтээр 80.000.000 төгрөг, 105.600.000 төгрөг гэж хоёр өөрөөр тогтоосныг дахин шинжээч томилж тогтоох нь зүйтэй. “ПЭСТ”  ХХК-ний тайлан, гэрээ бүхий материалуудаас хамгийн чухал баримт байхгүй болсон. Энэ талаар прокурор ажиллагаа хийгээгүй. Эдгээрийг нэмж шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч А.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхбаяр гэх хүний нэр дээр битүүмжлэлийг хуучин Эрүүгийн хуулийг баримтлан гаргасан. Энэ зөрчлийн алдааг арилгуулахаар прокурор Алтансүхэд хүсэлт гаргасан. Д.Цолмонг хамгийн сүүлийн хохирогч болох тухай хэлж байсан. Мөн худалдаж авсан хүмүүс нь тусдаа байгаа. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуусан. Хэрэг мөрдөн байцаалтад буцахад мөрдөн байцаагч нар ажлаа хийхгүй байна. Д.Цолмонгоос байцаалт авах тухай хүсэлт гаргахад Д.Цолмон гэх хүний нэр шүүхийн даалгаварт байхгүй байгаа учраас байцаалт авах боломжгүй гэж хэлсэн бөгөөд байцаалт аваагүй байж байгаад хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Мөн хохирлын тооцоог дутуу хийсэн.” гэв.

 

            Хохирогч Ж.Солонгын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Солонго “ПЭСТ” ХХК-ний төслийн ахлах удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Нийтдээ 3 удаагийн зээлээр 84.000.000 төгрөгийн зээл өөрийн нэр дээрээс О.Эт гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрээр Ж.Солонгыг 131.940.442 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх мөнгөнөөс компанид 100.000.000 төгрөгийг өгч, бусдыг хассан байсан. Хэргийг заавал прокурорт буцаах шаардлагагүйгээр дээрх хохирлыг тооцох боломжтой.” гэв.

 

            Хохирогчийн төлөөлөгч Б.Насандэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шатанд хохирлыг тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

            Хохирогч Д.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

            Хохирогч Т.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, шүүгдэгч нараас дахин шинээр байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй шүүхэд шилжүүлсэн нь хохирол төлбөрийн тооцоог тооцох болон хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүрч байх тул хохирогч тус бүрээс болон хэргийн холбогдогч нараас мэдүүлэг авч, түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Гантөмөр “...би итгэж өөрийн унаж байсан “Ланд-200” маркийн машиныг 45 сая төгрөгийн барьцаанд тавьж, мөнгөө бүгдийг нь О.Эт өгсөн. ...2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний компани миний машиныг 120 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн бэлнээр 72 сая төгрөг ба нийт 192 сая төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд түүнийгээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7хх187-192/ байх боловч түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хаана барьцаанд тавьсан зэргийг тодруулах, нотлох баримтыг хэрэгт цуглуулах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Учир нь, хавтас хэрэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг, тайлбар авсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтад тал бүрээс бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шаардлагатай гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, уг асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд прокурор нь шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзсэн гэрч, хохирогч нарыг оролцуулах хүсэлтээ шүүхэд гаргаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байгааг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5-д “Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана.”, 5.3-т “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” гэж тус тус заажээ.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд прокурор яллах дүгнэлтдээ хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг нарийвчлан тооцож, эцсийн байдлаар яллах дүгнэлтэд тодорхой байдлаар тусгаагүй байх бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хохирлын талаархи мэдээллийг анхан шатны шүүхэд гаргаж өгөхийг прокурорт хариуцуулж, мэдээллийг маш тодорхой, ойлгомжтой байдлаар шинэчлэн хийлгүүлсний эцэст хэргийг шийдвэрлэвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ