Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0589/З |
Дугаар | 221/МА2024/0315 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0315
Б.И, Б.У, Б.Онарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Б.И, гуравдагч этгээд Н.Н
Нэхэмжлэгч: Б.И, Б.У, Б.О
Хариуцагч: Оюуны өмчийн газар
Гуравдагч этгээд: Б.Д, Н.Н, С.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот тушаалын 3852, 3853 тоот ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.И, Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, Б.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Гуравдагч этгээд Н.Н
Гуравдагч этгээд С.Б-гийн өмгөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0589/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.И, Б.У, Б.О нараас хариуцагч Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот тушаалын 3852, 3853 тоот ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр: “...1. Патентийн тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-3852, 20-2018-3853 тоот ашигтай загварт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар /180 хоног/-аар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-3852, 20-2018-3853 тоот ашигтай загварт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...маргалдагч талууд томьёоллын хувьд ялгаагүй ижил гэсэн үндэслэлээр маргаагүй, гуравдагч этгээд нарт ашигтай загварын гэрчилгээ олгосон захиргааны акт илт хууль бус гэж маргасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдүүдэд олгосон маргаан бүхий ашигтай загварууд нь хэдийнээ нийтэд илэрхий болсон, ашиглагдсаар ирсэн, мөн Монгол Улсад буюу олон улсад хэвлэн нийтлэгдсэн, судлагдсан талаарх баримтуудыг гаргаж өгч, шүүх хуралдааны явцад хангалттай, бүрэн шинжлэн судлуулсан. Мөн шинэ гэх маргаан бүхий ашигтай загвар нь техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь тогтоогдоогүй буюу үгүйсгэгддэг талаар шүүх хуралдааны явцад үзлэг хийх замаар нотолж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.
3.2. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л ажиллагааг хийх ёстой билээ. Тодруулбал, талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хэрхэн яаж үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлэх боломжгүй болсон талаар шийдвэртээ тусгах учиртай. Гэвч энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэсэн дүгнэлт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн нотлох баримтууд болон үзлэгээр захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа юм.
3.3. Шүүхийн хариуцагч байгууллагаар дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн ажиллагааг хийлгэхээр нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Салбарын бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргасан боловч шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 655 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай эсэхийг шүүхээс шалган тогтооход шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдахааргүй байна” хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шинжээч томилох шаардлагагүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн өмнө нь дүгнэсэн атлаа хариуцагчаас бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны үндсэн дээр дахин шинэ акт гаргуулах шаардлагатай хэмээн хэргийг шийдвэрлэж буй нь ойлгомжгүйн дээр үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...2006 оны Патентын тухай хуулийг УИХ-аас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Патентын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болгосон , мөн шинэчлэн найруулсан Патентын тухай хуулийг УИХ-аас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Энэ хуулийг буцааж хэрэглэхгүй" гэжээ. 2006 оны Патентын тухай хуулийн 3.1.5, 6.1-д зааснаар ашигтай загварын гэрчилгээ олгодог байсан, харин 2021 онд шинэчлэн найруулсан Патентын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлийн дагуу гэрчилгээ биш патент олгодог болсон. 2006 оны Патентын тухай хуулийн 3.1.3, 6.1-д зааснаар “арга”-д ашигтай загварын гэрчилгээ олгодог байсан. Гэтэл 2021 онд шинэчлэн найруулсан Патентын тухай хуулийн 3.1.3, 10.1.1-д зааснаар арга, ажиллагаанд ашигтай загварын патент олгохгүй гэж хуульчилсан. Мөн 2021 оны Патентын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент олгох”, 39.2-д “Ашигтай загвар нь энэ хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тухай мөн чанарын шүүлтийн дүгнэлтэд үндэслэн ашигтай загварын патент олгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан шүүхийн шийдвэрийг заавал хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх боломжгүй буюу Оюуны өмчийн байгууллага нь ашигтай загварын хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Патентын тухай хуулиар арга, ажиллагаанд шүүлт хийх, дүгнэлт гаргах, патент олгох эсэх шийдвэр гаргах боломжгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...асуудлуудыг бүрэлдэхүүнтэй, салбарын мэргэжлийн шинжээчдийг оролцуулан дүгнэлт гаргуулах, тодруулах тухай дүгнэлтээ үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн атлаа тогтоох хэсэгтээ тус шинжээчийн дүгнэлт болон шинэ актыг гаргахдаа 2006, 2021 оны хуулийн зарчмын зөрүүтэй зохицуулалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх арга, журмыг дурдаагүй нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт ...шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохино”, 3.4.1-д “тогтоох хэсэгт шийдвэрийг биелүүлэх арга, журам, хугацааг зөвхөн шаардлагатай тохиолдолд заана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэгч нь “Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-3852, 20-2018-3852 тоот ашигтай загварт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн хэрэгт хамаардаг ба түүний хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон болохыг www.shuukh.mn дэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс харагддаг. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь үндсэндээ тогтоогдсон байх ч хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр тухайн акт хууль ёсны байж болохуйц байх бөгөөд тэрхүү өөр бусад үндэслэлийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй, мөн хууль бус эсхүл илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар бүхий дараах үйл баримтад дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.
4.4. Маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгчийн дээрх патент, ашигтай загварын эрх огт үүсээгүй байсан. Маргаан бүхий ашигтай загваруудын анхдагч огноо 2018 он, харин нэхэмжлэгчийн анхдагч огноо 2 жилийн хойно буюу 2020 он гэсэн үйл баримтуудад дүгнэлт хийх боломжтой байсан. Хэрэв патентын анхдагч огнооноос хойших хугацаа (ирээдүйн)-ны шийдэлд шүүлт хийж патент олгох ёстой мэтээр хууль тогтоомжийг тайлбарлавал дахин хэзээ ч патент олгох боломжгүй болж, улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг ноцтой зөрчихөд хүрч, улмаар үндэсний болон олон улсын патент, инновацын тогтолцоог гажуудна.
4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо” гэдгийг нэхэмжлэгч нь 2020 оны анхдагч огноотой 3173 тоот ашигтай загвар, 5078 шинэ бүтээлийн патентын эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон. Гэтэл Патентын тухай хууль (2006)-ийн 7 дугаар зүйлийн 7.3.2, 7.5-д зааснаар нэхэмжлэгчийн эрхийн хамгаалалт буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 3173 ашигтай загвар, 5078 шинэ бүтээлийн томьёоллын хүрээгээр тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн/зөрчигдсөн гэх патент, ашигтай загварын томьёололд дурдсан натрийн силкат, шүлтэд тэсвэртэй протеза Фермент, шоргоолжны хүчил гэсэн орц найрлагыг маргаан бүхий актын томьёололд огтоос ашиглаагүй. Мөн хугацаа, температур болон бусад шинж чанаруудын эрс ялгаатай, өөр шийдлүүд болохыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.
4.6. Дээр дурдсан анхдагч огноо & томьёоллын хүрээний дагуу маргаан бүхий 2018 оны захиргааны акт нь нэхэмжлэгчийн 2020 оны анхдагч огноотой 3173 тоот ашигтай загвар, 5078 шинэ бүтээлийн патент буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ны өдрийн 128/ШШ2024/0181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/82 тоот тушаалаар 20-0003173 дугаартай ашигтай загварыг эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/85 тоот тушаалаар 10-0005078 дугаартай шинэ бүтээлийн онцгой эрхийн патент эзэмшигч нэхэмжлэгч Б.И, Б.У, Б.О нараас Оюуны өмчийн газарт холбогдуулан “20-2018-3852, 20-2018-3853 мэдүүлгийн дугаартай иргэн Н.Н, С.Б, Б.Д нарт ашигтай загварыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
2.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “...маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Патентын хуульд зааснаас үзвэл хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүд нь хариуцагч захиргааны байгууллагаас бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны үндсэн дээр асуудлыг тодруулах шаардлагатай” гэж дүгнээд маргаан бүхий актын холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар /180 хоног/-аар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.3. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан. Захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” гэж онолын хувьд үздэг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн зүйл заалтыг илт буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.4. Өөрөөр хэлбэл, илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох тул анхан шатны шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахаар маргаан бүхий актыг түдгэлүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй нэгэнт 2006 оны Патентын тухай хууль хүчингүй болсон энэ тохиолдолд бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.
2.5. Хэдийгээр маргаан бүхий акт болох Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаартай тушаалд баримталсан хуулийн нэр тодорхой бус буруу бичигдсэний улмаас хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байх боловч үүнийг техникийн алдаа гэж үзэж болохоор тул шууд илт хууль бус гэж дүгнэх боломжгүй төдийгүй энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2.6. Түүнчлэн гуравдагч этгээд Н.Н, С.Б, Б.Д нарын хувьд эерэг нөлөөлөл бүхий тус актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан таван жилийн хугацаа өнгөрсөн төдийгүй нэхэмжлэгч нарт шинэ бүтээлийн эрх, ашигтай загварын гэрчилгээ олгохоос өмнө нь буюу 2018 онд Н.Н, С.Б, Б.Д нарт эрх олгогдсон захиргааны актыг илт хууль бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн хувьд үндэслэлгүй.
2.7. Патентын тухай хууль /2006 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “анхдагч огноо” гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад анх хүлээн авсан он, сар, өдрийг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлд ашигтай загварын гэрчилгээ олгох зүйл болон шалгуурыг, 12 дугаар зүйлд ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийж, дүгнэлт гаргах талаар, харин 14 дүгээр зүйлд ашигтай загварын гэрчилгээ олгох талаар тус тус тодорхойлон хуульчилсан байна.
2.8. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.Н нарын ашигтай загварын гэрчилгээ нь шинжлэх ухаанд харш, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулж байсан арга технологид суурилсан, 1970-аад оноос дэлхий дахинд хэрэглэж ирсэн уламжлалт буюу хэвшмэл, шинэ биш технологи... гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь холбогдох судалгаа шинжилгээний үндсэн дээр шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож, улмаар процесс үйл ажиллагаа бүрэн хийгдэж, дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж эрх бүхий этгээдээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээд нарт ашигтай загварыг эзэмших эрх олгосон байгаа энэ тохиолдолд хариуцагчаас Н.Н, С.Б, Б.Д нарт ашигтай загварын гэрчилгээ олгосныг илт хууль бус гэж үзэх боломжгүй.
2.9. Хэрэв гуравдагч этгээд Н.Н, С.Б, Б.Д нарын ашигтай загвар нь дээрх шинжүүдийг агуулж байгаа бол шинэ санаа, дэвшилтэд техник технологи ашиглаж, эрэлттэй загвар бий болгох замаар хуучин уламжлалт аргыг халах боломжтой болохоос биш гуравдагч этгээд нарт эрхийн гэрчилгээ олгосон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ашигтай загварыг нэвтрүүлэх боломжтой гэх үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусд тооцох үндэслэлгүй.
2.10. Нэхэмжлэгч Д.Урнаагийн хувьд гуравдагч этгээд нартай маргаан бүхий ашигтай загварыг бий болгоход хамтран судалгаа шинжилгээ хийж байсан гэх боловч тэрээр 2018 онд гуравдагч этгээд нарт олгосон ашигтай загварын гэрчилгээнд нэрээ оруулах буюу хамтран эзэмших ёстой байсан талаар маргаагүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.И, Б.О нараас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газарт гомдол гаргасны дагуу тус газрын улсын ахлах байцаагч Г.Бат-Оргилоос зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 дугаартай тогтоолоор Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Б.И-ийн өмгөөлөгч Э.М-оос Нийслэлийн Прокурорын газарт гаргасан гомдлын дагуу уг зөрчлийн хэргийг хянаад прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 874 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд П.Н-ын нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Патентын тухай хуулийн /2006 он/ 3 дугаар зүйлийн 3.1.7, 6, 12, 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.И, Д.Урнаа, Б.О нараас гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-3852, 20-2018-3853 тоот ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.И, гуравдагч этгээд Н.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА