Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2021/0019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

             Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны дарга,  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны Тооллогын комиссын дарга нарт холбогдох “Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилсан Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгох, Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Ч.Жг олонхийн санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгуулах тухай”,  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай, Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг сонгох дахин сонгууль явуулахыг Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагчид даалгах тухай” шаардлага бүхий иргэн Ч.Жадамбын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ж /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч Д.Д /онлайн/, гуравдагч этгээд Н.Б-/онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Чойдогбавуугийн Жадамба нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөрийн биеэр оролцож, тус багийнхаа Засаг даргад нэр дэвшиж олонхийн саналыг нутгийн иргэдээсээ авсан билээ. Гэтэл тооллогын комисс дарга Д.Н, гишүүд Г.Нансалдулам, Э.Батхуяг, Б.Отгонбаяр, Д.Энхтуяа, Б.Бямбаням, Л.Гантөмөр, А.Мөнхтайван, Л.Оюунцэцэг нар нь миний  нэр дээр тоологдсон 2 саналын хуудсыг хүчингүй болгож, санаатайгаар саналын хуудсанд засвар хийсний улмаас Монгол Улсын Үндсэн хуулинд заасан миний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэж байна. Иргэд Нийтийн Хурлын хуралдаанд нутгийн нийт 329 иргэний саналаас намайг 164 хүний санал авснаар тоолсон тооллогын комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй алдаа юм. Мөн миний 2 саналын хуудсыг хүчингүй тооцсон мөртлөө нэр дэвшигч Н.Бы нэр дээр тоологдсон 9-н засвартай саналын хуудсыг нийт авсан саналд нь оруулж тоолсноор нийт 165 иргэний санал авсан билээ. Нэр дэвшигч Н.Б-нь Нарийн багийн иргэд Нийтийн Хурлын хуралдаанаас нийт ирсэн 329 сонгогчийн 156 иргэний санал авсан. Нэр дэвшигч Ч.Ж миний бие нийт 329 сонгогчийн 164 иргэний санал авч олонхийн саналаар Нарийн багийн Засаг дарга болсон байтал иргэд Нийтийн Хурлын дарга Д.Д нь Нарийн багийн иргэд Нийтийн Хурлын хуралдааны 06 дугаар тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Ч.Жг олонхын санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Д.Дд даалгаж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Ч.Ж нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн хуралдаанаас Ч.Жг олонхийн санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах тухай шаардлага гаргасан. Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг дарга сонгох сонгуулийн тооллогын комисс нь миний нэр дээр тоологдсон 2 саналын хуудсыг хүчингүй болгож, мөн хүчинтэй хуудсыг санаатайгаар засварлаж хүчингүй болгосон. Би тухайн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооллогын комисс нь саналын хуудсыг дээрх байдлаар тоолж, хууль зөрчиж шударга бусаар сонгогдсон Нарийн багийн Засаг даргыг батламжилсан Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай захирамж мөн хуульд нийцээгүй юм. Тухайн сонгууль болон багийн Засаг даргыг батламжилсан үйлдэл нь хууль бус болсон тул дахин сонгууль явуулах шаардлагатай байна.

            Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

1.Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгох,  

2. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилсан Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгох,

3. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг сонгох дахин сонгууль явуулахыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч бид хоёр хариу тайлбартай танилцсан. Ерөнхийдөө Ч.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр суурьтай байсан. Гэхдээ тооллогын комиссын тогтоолыг үндэслэж Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга тогтоол үйлдэж байгаа. иргэдийн Нийтийн Хурлын даргын тогтоолыг үндэслэж сумын Засаг дарга захирамж гаргасан. Гол асуудал хамгийн анхны тогтоол болох тооллогын комиссын тогтоолоос үүдэлтэй. Гуравдагч этгээд 9 хүн гарын үсэг зурж баталгаажсан тул хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байна. Тэдгээр хүмүүс тоон дээр засвар хийсэн. Тооллогын комиссын үүрэг нь үнэн зөв тоолж, ард түмний төлөөлөл болж байгаа хүнийг сонгох үүрэг хүлээж байгаа. Засвартай цаасыг үндэслэж үйлдсэн тогтоолыг  иргэдийн Нийтийн Хурлын даргад гардуулж өгсөн. Гэхдээ тогтоолоо батлаагүй байсан. Мөн иргэдийн Нийтийн Хурлын 06 дугаар тогтоолыг хэзээ хаана гаргасан, тухайн хуралдаанд нийт ирсэн иргэдэд танилцуулсан эсэх нь тодорхойгүй. Хуралд нийт 200 гаруй хүн ирсэн нэрсийн жагсаалт байсан. Тухайн хүмүүсийн олонхи буюу 331 хүн оролцлоо гэхэд 166 хүн тухайн хурлын тогтоол болон тооллогын комиссын тогтоолыг батлах, мөн иргэдийн Нийтийн Хурлын даргын гаргаж байгаа тогтоолыг батлах ажиллагаа явагдах ёстой. Энэ талаар гуравдагч этгээд, хариуцагч нар баталсан бичлэг, зураг зэрэг баримт хэрэгт байхгүй. Тогтоол нь анхнаасаа буруу гарч Ч.Жадамбын сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан юм. Иймд Ч.Жадамбыг олонхын санал авсанд тооцож, Нарийн багийн Засаг даргаар сонгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Төмөрбулаг сумын Нарийн багт дахин сонгууль явуулах, эдгээр шударга зүйлд төрийн байгууллага нь хяналт тавьж зохион байгуулах, шударгаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн хурал нь 2021 оны 3 дугаар сарын 3-нд зарлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 14-нд болсон. Тухайн хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргыг сонгохоор шийдвэрлэж нэр дэвшигчид иргэдтэйгээ уулзаж, хурлын зарыг тараасан. Хуралд нийтдээ 311 сонгогч оролцсон ба энэ нь багийн иргэдийн 70 хувийн ирц бүрдсэн учраас хурал хүчин төгөлдөр болсон. Тухайн хурлыг миний бие багийн иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн тул даргалсан. Тухайн хурлыг Ковид цар тахалын нөхцөл байдлын улмаас багийн дарга, хурлын даргын саналыг нэгэн зэрэг явуулсан. Тооллогын комиссд нэр дэвшигчид өөрсдийн итгэмжлэгдсэн хүнээ оруулж, нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комиссыг баталсан. Ч.Ж нь хяналтын тооллогыг дахин явуулья гэсэн саналыг гаргасан. Хурал даргалагч миний хувьд саналыг хүлээн авч дахин тоолуулах саналтай байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Эрдэнэбат нь одоо дахин тоолох асуудал байхгүй, үүнийг шүүх шийднэ гэснээр хуралдаан хаасан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

             Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга Г.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Засаг дарга ажилтай Г.Бямбасүрэн миний бие 2021 оны 4 сарын 21-ний өдөр Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 3 сарын 14-ний 06 тоот тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь заалтын дагуу мөн хуулийн 26.6-д заасан шалгуур үзүүлэлтийг нягтлан үзэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн дагуу Авилгатай тэмцэх газрын 2021 оны 4 сарын 6-ны өдрийн 05/4044 дугаар албан бичгийг үндэслэн Наранбаатарын Бямбачулууныг 2 дугаар багийн Засаг даргаар томилсон болно” гэжээ.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комиссын дарга Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалтыг хийж, тогтоолын дүн хууль тогтоомж зөрчөөгүй. Тооллогын комиссын тогтоолыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагч Д.Дд хүлээлгэн өгсөн” гэжээ.

   Гуравдагч этгээд Н.Б-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэн Наранбаатарын Н.Б-миний бие тус сумын Нарын багийн 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас хууль бусаар сонгогдсон гэж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б-миний бие Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тус багийн Засаг даргаар сонгогдсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь тухайн хуралдаанаас байгуулагдсан санал тооллогын комиссын 9 гишүүд нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтын санал тооллогыг явуулахдаа өөрийнх нь 2 ширхэг саналын хуудсыг хүчингүй болгож, миний нэр дээр 9 засвартай саналын хуудсыг хүчинтэйд тооцсон гэж гомдол гаргасан байна. Үүнийг ямар нотлох баримтаар тодорхойлж байгаа нь тодорхойгүй гэж үзэж байна. Учир нь санал тооллогын комиссын гишүүд уг санал хураалтыг холбогдох хууль тогтоомж, хуралдааны дэг, тухайн хуралдааны дотоод журмын дагуу зохион байгуулж, саналын хуудсыг нягтлан тоолж тооцсоны дараа санал тооллогын комиссын тогтоолыг баталгаажуулан хуралдаанд оролцогчдод танилцуулсан бөгөөд үүнийг үндэслэн тухайн анхдугаар хуралдааныг даргалагч Д.Д нь багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг танилцуулж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батлуулсан тул уг шийдвэрийг хуулийн хүчинтэй байна гэж үзэж байгаа.Тус хуралдааны үеэр багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилт, хуралдааны үйл ажиллагаатай танилцахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон хэв журмыг сахиулах, нийгмийн дэг, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор сумын Цагдаагийн хэсгийн дарга А.Энхбаяр нар ирж, тухайн хуралдааны холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг ажиглаж байсан. Тухайн өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Д.Дг “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолын төслийг уншиж танилцуулан иргэдээр батлуулж, иргэд хуралдааны танхимаас гарч дуусаж байтал, Ч.Ж нь гаднаас өөрийн ах дүү хамаатан садан болон хуралдааныг ажиглахаар ирсэн байсан тус багийн харьяаллын бус өөрийн гэр бүлийн ах дүү төрөл төрөгсөд, тэднийг дагалдан явсан төрийн байгууллагын нэр бүхий зарим удирдах ажилтан албан хаагчдын хамт гаднаас орж ирж саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн. Энэ үед нэгэнт санал тооллогын комиссын шийдвэр гарч түүнийг үндэслэн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг танилцуулж баталсан байсан мөн саналын хуудас дахин тоолохыг шаардлага тавьж байсан иргэд дэг журам алдагдуулж эмх замбараагүй байдал үүсгэх нөхцөл байдал үүссэн байсан учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Эрдэнэбат хуралдааны баримт бичиг материал, саналын хайрцагийг тухайн хуралдааны даргалагч Д.Дгаас авч, Ч.Ж болон түүний төлөөлөл нарын гаргасан санал гомдлыг хүлээн авах, холбогдох газарт гомдол гаргахад үнэн зөв нотлох баримтаар хангах зорилгоор маргаан бүхий нэр дэвшигчид, тэдний төлөөлөл, төрийн байгууллагын төлөөллийг байлцуулан маргааш өглөө энэ 2 нэр дэвшигчийн саналын хуудсанд хяналтын тооллого хийх асуудлыг танилцуулж, баримт материалыг авч явсан. Нэхэмжлэгч Ч.Жс саналын хуудсыг дахин тоольё гэж сумын удирдлагуудад болон Н.Б-надад тавьсан шаардлагыг нь би хүлээн зөвшөөрч хуралдаан болж өнгөрсний маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг байлцуулан Н.Б-миний бие нэхэмжлэгч Ч.Ж, түүний төрсөн ах Ч.Алтангэрэл, төрсөн дүү Ч.Мягмардорж нар байсан. Тухайн үед баримт бичгийг битүүмжилсэн хайрцагийг нээж, Ч.Ж, Ч.Алтангэрэл нар санал тооллогын комиссын тогтоол, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалттай танилцан тулгаж үзсэний дараа санлын хуудсыг тоолох болоход тухайн 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын хуудас байхгүй байсан. Үүнийг судалж, нягталж үзэхэд тухайн өдрийн хуралдааны үед багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчид хүлээлгэж өгөхгүйгээр нэр дэвшигч Ч.Жадамбыг төлөөлж санал тооллогын ажлын хэсэгт ажилласан Л.Гантөмөр авч явсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс 3 хоногийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ж нь тухайн өдрийн хуралдааныг даргалагч Д.Д /Ч.Жадамбын аавын төрсөн эгчийн хүү/ нар санлын хуудсыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд авчирсан. Энэ үед миний бие Ч.Жадамбын 3 хоног өөрсдийн хамаарал бүхий этгээдэд байлгаж байгаад авч ирсэн саналын хуудсыг дахин тоолохоос татгалзсан. Учир нь саналын хуудсыг хуралдаан даргалагч Д.Дд хүлээлгэж өгөөгүй өөрсдөө авч явж засварласан байх магадлалтай гэж үзсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Ж нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргад холбогдуулан:

-“Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Ч.Жг олонхийн санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь:

-Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг сонгох дахин сонгууль явуулахыг Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргад даалгах тухай;

 Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдуулан:

- “Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилсан” Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай;

Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны Тооллогын комиссын даргад холбогдуулан:

 - “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаарт тогтоолыг хүчингүй болгох тухай” шаардлагуудыг нэмэгдүүлжээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд  Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргад холбогдуулан гаргасан “Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Ч.Жг олонхийн санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ ... хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны Тооллогын комиссын даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2021 оны 03 сарын 14-ний өдөр хуралдаж, “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” Санал тооллогын комиссын 03 дугаар тогтоолоор: “... багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 201-н өрхийн төлөөлөл 331 иргэн оролцож, санал өгч, саналын хайрцагнаас нийт 331 ширхэг саналын хуудас гарснаас хүчинтэй хуудас 329 гарч /энэ тоо засвартай/, хүчингүй 2 саналын хуудас байв” гэж тэмдэглээд хүчинтэй саналын хуудсыг нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор жагсааж:

 1. Н.Б- авсан саналын тоо 165, хувь 50,15

 2.  Ч.Ж-авсан саналын тоо164 /энэ тоо засвартай/, хувь 49,85

            Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хуралд оролцсон олонхийн буюу 50,15 хувийн санал авсан Н.Быг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, батламжлуулахаар ИНХ-ын хуралдаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ- 10 дугаар хуудас/

            Хариуцагч Д.Наас: ...багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалт хийж,  Тооллогын  комиссын тогтоол ямар ч зөрчилгүй...” гэж тайлбарлах боловч, 2021 оны 05 сарын 13-ны өдөр явуулсан Шүүхийн үзлэгээр “...тус багийн анх дугаар хуралдааны хуралдааны материалд үзлэгийг явуулахад  дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

 а/. Өөр багийн иргэд тухайн санал хураалтад оролцсон эсэх тухайд: ... санал өгсөн  зарим нэр бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтыг  “Багийн хүн амын бүртгэл”-ийн программаас тулган шалгаж үзэхэд: ...Чулуунцэцэгийн Энхцэцэг тус сумын 5 дугаар багт харьяалах бүртгэлтэй;

б/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолд үзлэг хийхэд: саналын хайрцагнаас гарсан хүчинтэй саналын хуудасны тоог бичсэн тоо засвартай, Ч.Жгийн авсан саналын тоо засвартай зэрэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын дүнгийн тухай тэмдэглэлүүд засвартай;

в/. Тооллогыг комиссын тоолж дүнг гаргасан гэх саналын хуудсууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивт хадгалаагүй, тухайн анхдугаар хуралдааныг даргалагч Даваадалай хувьдаа хадгалж байсан гэсэн тайлбар өгч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үзлэгт оролцогчдийн хүсэлтээр уг хуудсуудад үзлэг хийхэд: Ч.Ж 164, Н.Б-165 гэсэн бичигтэй 2 боодол хүчинтэй гэх саналын хуудсууд, хүчингүй 2 гэх саналын хуудсууд илүү гарч хүчингүй болгож урсан гэх боодолтой цааснууд байсан бөгөөд тухайн хүчинтэй гэх саналын хуудсуудад илүү тэмдэглэгээ хийсэн 2 саналын хуудас Н.Бд санал өгсөн хүчинтэй саналд оруулан тоолсон, мөн Ч.Жадамбын нэрийг урд талд дугуй тэмдэглэсэн хуудас Н.Бы хүчинтэй саналын хуудсанд  байсан зэрэг зөрчил илэрсэн байх боловч уг хуралдааны холбогдогдох баримтуудын хамт зохих ёсоор саналын хуудсууд архивт хадгалагдаагүй байх тул Шүүхээс уг саналын хуудсуудад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймээс дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд ...  ялагч болсон Н.Бы төрсөн аав Д.Н нь тооллогын комиссын даргаар ажиллаж, комиссын гишүүд нь тус багийн Засаг даргыг сонгох  санал хураалтыг явуулахдаа өөр багийн бүртгэлтэй иргэнийг оролцуулсан нь санал хураалтын дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь :  “... багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 201 өрхийн төлөөлөл 331 иргэн оролцож, санал өгч, саналын хайрцагнаас нийт 331 ширхэг саналын хуудас гарснаас хүчинтэй хуудас 329 гарч /энэ тоо засвартай/, хүчингүй 2 саналын хуудас байв” гэж тэмдэглээд хүчинтэй саналын хуудсыг нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор жагсааж:

 1. Н.Б- авсан саналын тоо 165, хувь 50,15

 2.  Ч.Ж-авсан саналын тоо164 /энэ тоо засвартай/, хувь 49,85

Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хуралд оролцсон олонхийн буюу 50,15 хувийн санал авсан Н.Быг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, батламжлуулахаар ИНХ-ын хуралдаанд өргөн мэдүүлсэн байдал нь нэр дэвшигчийн төлөө өгсөн  санал 1 хүний саналаар зөрүүтэй,                                                       

 Санал хураалтын  дүнг гаргахдаа саналын хуудсуудын тэмдлэглэгээг үнэн зөв тогтоож,  шалгаж, тоолж дүнг нэгтгээгүй, тооны засвартай гаргасан тогтоол нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “... Багийн Засаг даргад тухайн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна.

3. Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргад холбогдох Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнБагийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчаас шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөхөөр байх тул шүүх хуралдаанаар уг шаардлагыг хянан шийдвэрлэж хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг ач холбогдол бүхий баримтуудыг шинжлэн судалж хууль зүйн дүгнэлтийг үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнБагийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Учир нь: Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан заалтыг зөрчсөн байх ба  өөрөөр хэлбэл: Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Даваадалай нь хүлээн авч, уг тогтоолыг үндэслэн Хурлын хуралдаанд оролцсон  багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн хооронд маргаан үүссэн нөхцөлд олонхийн саналаар хэлэлцүүлж, батлуулалгүй  Хурлын хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнБагийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол гаргасан болох нь гэрч нарын мэдүүлэгүүд, нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

4. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад холбогдох  Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэгийн нөхцөл байдал болон маргаан бүхий Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын дүнгийн тухай” иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнБагийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолууд нь холбогдох хуулийг зөрчсөн хэмээн шүүхээс дүгнэсэн учраас уг тогтоолыг үндэслэн гаргасан

Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

5. Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргад холбогдох Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг сонгох дахин сонгууль явуулахыг Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагчид даалгах тухайнэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны дарга нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч дахин сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрсөн, хууль зөрчсөн дээрх нөхцөл байдал тогтоогдсон тул  Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд зөвхөн өөрийн багийн иргэдээ оролцуулах, Тооллогын комиссыг томилохдоо нэр дэвшигч нартай ашиг сонирхолгүй иргэдээс сонгох, саналын хуудсыг тоолох, дүнг гаргахдаа хуульд нийцүүлж,  зохих  хууль журмын дагуу  Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахыг Хуралдааны даргалагч Д.Дд даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагчид холбогдох “Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Ч.Жг олонхийн санал авсанд тооцож, Ч.Жг Нарийн багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг баримтлан иргэн Ч.Жгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж,  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” 03 дугаар тогтоолыг,  Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг батламжилах тухай” Б/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Төмөрбулаг сумын Нарийн багийн Засаг даргыг сонгох дахин сонгуулийг зохих хууль, журмын дагуу явуулахыг Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан /даргалагч Д.Дд/-д  даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  нараас тус тус бүр 23400 төгрөгийг гаргуулж, бүгд 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН