Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч П.Цогзолмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Иргэдийн төлөөлөгч Ж.Н, Т.Т

Нэхэмжлэгч Б.С

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нарыг оролцуулан нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т ХХК-д холбогдох бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Т ХХК-ийн байрнаас хойш өвөлжиж байгаа бөгөөд 2018 оны 04 сарын 10-ны өглөө 06 цаг 30 минутын үед гэнэт нохой хуцах чимээнээр хүн ирж байгаа болов уу гээд хартал хонь хашааны зүүн талд гарчихсан 2 нохой хонь бужигнуулж байхаар нь манай нөхөр хувцсаа өмсөөд мотоциклиор хөөгөөд нэг нохой нь зугтаагаад нөгөө нохой нь Л.Т ХХК-ийн эзэмшил газар луу оруулаад алдсан. Ингээд 11 хурга, 10 ишиг, 8 хонь, 6 ямаа нийт 35 тооны бог мал барьсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн засаг даргад мэдэгдсэн. 2018 оны 04 сарын 10-ны өдрийн үдээс хойно багийн засаг дарга С.Э, байгаль хамгаалагч Б.Б нар ирж танилцаад зураг авч явсан. Л.Т ХХК-ийн удирдлагад энэ тухай мэдэгдсэн. Би Л.Т ХХК-ийг хашаандаа нохой тэжээдэг гэдгийг хараагүй. Шар халтар нохой манай хонийг барьсан. Манай нутаглаж байгаа газар Л.Т ХХК-иас 10 орчим километрийн зайтай. Манай тэр хавиар золбин нохой байхгүй. Манай тэр хавиар байдаг уурхайнууд нохой тэжээдэг. Иймд Л.Т ХХК-иас хохирол болох 35 бог малын үнэ 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай Л.Т ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг уурхай дээр ямар нэгэн нохой тэжээдэггүй. Тэжээвэр амьтан байхгүй. Манай компанийн эзэмшил газар луу эзэнтэй, эзэнгүй мал, амьтан, нохой гүйж орсны төлөө бид хариуцлага хүлээх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Манай компани орон нутгаас зохион байгуулдаг эзэнгүй нохой, золбин нохой устгах ажилд байнга оролцдог. Малчин Б.С гийн 35 тооны хонь, ямааг эзэнтэй, эзэнгүй нохой эсвэл чоно барьсан гэдэг нь манай компанид ямар нэгэн хамааралгүй. Манай компани нохой тэжээдэггүй. Иймд Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч Л.Т ХХК-д холбогдуулан нохойд бариулсан 35 бог малын үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагчаас манай компани нохой тэжээдэггүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна хэмээн заажээ.

Нэхэмжлэгчээс ... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 30 минутын үед гэнэт хоттой хонь руу 2 нохой дайрахад манай нөхөр мотоциклиор хөөхөд нэг нохой нь Л.Т ХХК-ийн хашаа руу орсон гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...манай компани нь нохой тэжээдэггүй, үүнийг

- Хэнтий аймгийн Дархан сумын 2-р багийн засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 05/371 тоот Дархан сумын Хараат багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Л.Т ХХК-ийн нэр дээр тэжээвэр нохой байдаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

- Хэнтий аймгийн Дархан сумын 2-р багийн засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 05/373 тоот Дархан сумын Хараат багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Л.Т ХХК нь сумын БОХУ-ын байцаагчид золбин нохой устгах хүсэлт гарган, 2018 оны 04 сарын 20-ны өдөр өөрийн хөрөнгөөр ойр орчмын аж ахуй нэгжүүдийн нутаг дэвсгэрт байгаа зэрлэгшсэн 6 нохойг устгасан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

- Хэнтий аймгийн Дархан сумын газрын даамал Ц.К-ийн 2018 оны 05 сарын 03-ны өдөр гаргасан М.А, Цувраа харын хэцийн бууц-нд Б.С  нар нь газар эзэмшээгүй нь үнэн гэх тодорхойлолт,

- Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-ын шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Л.Т ХХК-ийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 2018/17 тоот албан бичиг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 166 тоот албан бичиг, нохойны 4 ширхэг фото зураг нотлох баримтуудаар нотлогдоно гэж тус тус тайлбарлаж, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэдийгээр Б.С гийн 35 тооны хонь, ямаа нохойд бариулж, түүнд эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хонь барьсан гэх нохой нь Л.Т ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн нохой мөн эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Л.Т ХХК нь нохойтой байсан эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн 35 бог малыг барьсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Т ХХК-иас гэм хорын хохирол 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                      Р.БАТБАЯР

ШҮҮГЧИД                           П.ЦОГЗОЛМАА

                                            М.ЭНХМАНДАХ