| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00337/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2018-09-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 422
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сум, Тост баг
............................... оршин суух Тайж овогт
Н.Б /РД:.................../
Хариуцагч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум Урт баг
................................ оршин суух, Боохой овогт
Б.М /РД:.................../
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б , хариуцагч Б.М , нарийн бичгийн дарга Ө.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б нь 2016 оны 03 дугаар сард Б.М тай танилцаж үерхсэн бөгөөд бидний амьдралын хугацаанд хүү Б.Э төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. 2018 оноос Б.М хамт амьдрахгүй, хамт амьдарч чадахгүй гэсэн бөгөөд хүүгээ өөрөө өсгөж өөрөөрөө овоглосон билээ. Иймээс хүү Б.Э дөө хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батлүндэн овогтой М миний бие нь 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн. 2016 оны намар 10 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шилжин ирж “Соус гоби сэндс” компанид ороод одоогоор 2 дахь жилдээ ажиллаж байна. Нэхэмжлэгч Н.Б тэй 2016 оны 03 дугаар сараас эхэлж үерхэхдээ яг тогтвор, суурьшилтай үерхэж байгаагүй, ирэн очин л явсан. Харин энэ хугацаанд бидний хүү болох Эрхэмтөгс нь үерхэж байх явцын дунд гарсан нь үнэн. Гэхдээ нэг гэрт орж найр хурим, гэр бүлийн баталгаа хийлгээгүй. Хариуцагч Б.М миний бие нь сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай ажил хийдэг бөгөөд цалингийн зээлтэй, дээр нь хөл муу суугаа аавыгаа асардаг болохоор ганц хүний цалин хаана нь ч хүрдэггүй. Тийм болохоор Н.Б ийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдэж байна. Гэхдээ би одоог хүртэл бидний хүү болох Эрхэмтөгсдөө мөнгө төгрөг, хувцас хунар авч өгч бас наанатай цаанатай харж үздэг гэжээ.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Би данс нээлгээд мөнгө хийж өгч хуримтлал үүсгээд өгье гэж бодож байна. Нэмж ярих зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.М гаас Хүү Б.Э өд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.М нь Хүү Б.Э ийг өөрийн хүүхэд гэдэгт маргахгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.
Н.Б , Б.М нарын дундаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Э төрсөн нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0000165790 дугаартай Б.Э ийн төрсний гэрчилгээний хуулбараар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд Б.М нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Э ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М гаас улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М гаас хүү Б.Э ийг 11 нас хүртэл бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М гаас улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ