| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0176/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 189
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Ч.Ц /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ц од холбогдох эрүүгийн 1828000000163 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч овогтой Ч.Ц нь төвд Ч.Х-гийн биед халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ц од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ц нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “ шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүгдэгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: ”Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1828000000163 дугаартай хэргээс:
Хохирогч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 сарын 24-ний өдөр намайг гэртээ байж байхад Ч.Ц ах гэртээ дуудсан. Намайг ажлын түлхүүрээ аваад очиход над руу уурлаж, яасан удаан ирдэг юм чи гээд уурласан байдалтай хэлсэн. Би хариуд нь та түлхүүр авч яах гэж байгаа юм бэ гэхэд Ч.Ц ах над руу уурлаад чамд ямар хамаатай юм, миний юу хийх чамд ямар хамаатай юм гээд уурласан. Би хариуд нь тань шиг л хулгай хийдэггүй шүү гэж хэлээд гэрээс нь гарахад араас ирээд гэрийнхээ коридорт намайг араас хөөе гэж дуудсан. Тэгэхээр нь би эргэж харахад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нэг цохиод тэгээд би цохиулаад хана мөргөхөд намайг шууд заамдаж аваад зүүн гараараа дахин баруун талын шанаа руу нэг удаа цохиж авсан. Тэгэхэд эхнэр нь Ч.Ц ахыг хорьж салгаж авсан. Би тухайн үед гэрт нь цагдаад мэдэгдэх гээд утсаа гаргаж ирэхэд миний утсыг булааж авч шидсэн. Тэгээд намайг гэрээсээ явуулахгүй байж байгаад явуулсан. Би гэртээ очоод эхнэртээ болсон зүйлийн талаар хэлсэн. Намайг яагаад цохьсоныг мэдэхгүй байна. Өмнө нь намайг загнаад байдаг байсан. Бусдаар бол муудалцаж байгаагүй. Би Ч.Ц ахыг цагдаад мэдэгдэх гэсэн боловч намайг ажлаас гаргачих байх гээд хэлж чадаагүй байгаад байсан. Орой нь манай эхнэр мэдчихээд юу болсон юм бэ?, яагаад нүүр чинь хавдсан юм гэж асуугаад байсан. Тэгээд болсон зүйлийг хэлэхэд заавал цагдаад мэдэгд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 6-7, 8-9 дүгээр хуудас/,
Яллагдагч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж эхэлснээс нь хойш Ч.Хг таньдаг болсон. Гурвантэс сумын залуу байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад ажлын түлхүүр аваад гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Ч.Х нь түлхүүрээ аваад ирсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ өгчих гэхэд яах гэж байгаа юм гээд 3-4 удаа дахин давтаж хэлэхээр нь яах юу байхав ажлаа хийх гэж байна гэхэд яах гэж байгаа юм гэхээр нь ямар ажил гээд намайг байцаагаад, намайг хулгайч энэ тэр гээд амандаа үглээд цаашаа явахаар нь араас нь дуудаад би чамаас юу хулгай хийсэн юм гээд түлхсэн. Бусдаар Ч.Х-г цохиж зодсон зүйл байхгүй. Ч.Х-тэй ажпын түлхүүр өгөхгүй байснаас болоод муудалцсан. Өмнө нь Ч.Х-тэй хэрүүл маргаан хйиж муудалцаж байгаагүй. Хамт нэг байгууллагад ажиллаж байгаа. Ажпын дадлага туршлага олоход туслаж байсан. Би Ч.Х-г цохиж зодсон зүйл байхгүй болохоор надад сонгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед уурласандаа болоод Ч.Х-тэй маргасан нь үнэн. Дараа нь эвлэрсэн. Ч.Х надад өөрийн биеэр гомдолгүй гэж хэлсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Х-тэй уулзаж болсон явдлын талаар ярьж уучлалт гуйж эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх 10, 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үд өнгөрсөн байсан. Ч.Ц гэх хүн манай нөхөр лүү утсаар залгаж ярьсан. Тгээд түлхүүр аваад ир гэж байна гэсэн. Тэгээд Ч.Х гэрээсээ цагийн дараа гарч Ч.Ц гэх хүнд түлхүүр өгнө гээд гэр лүү нь явсан. Явснаасаа хойш 3-4 цаг болоод эргэж ирсэн тухайн үед 15 цаг өнгөрч байсан. Надад хэлэхдээ Ч.Ц гэх хүн миний 2 шанаа руу цохьсон гэсэн. Тэгэхэд баруун талын шанаа нь бүдэг хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдэгдэхгүй юм уу гэхэд манай нөхөр цагдаад хэлвэл ажлаас чинь халуулна гэсэн гэж хэлсэн. 2018 оны 11 сарын 26-ны өдөр ажил эхлэхээр нь манай нөхөр сумын цагдаад ирж мэдэгдсэн. Бусдаар бол яг юунаас болж Ч.Х-г Ч.Ц цохьсон талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ удаан явж ирлээ яасан удаан юм гээд хэл амаар доромжилж, 2 удаа нүүр лүү нь цохьсон гэж хэлсэн. Ч.Ц нь манай нөхрийг байнгын дарамталсан маягтай харьцдаг, өөрийнхөө ажлыг хийлгээд байдаг гэж л надад хэлж байсан. Манай нөхөр Ч.Ц гэх хүнтэй хамт ажилалаад 3 сар гаруй хугацаа болж байна. 2018 оны 11 сарын 24-ний өдөр хацар нь улайсан байсан. Маргааш нь баруун шанаа нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх 10 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №570 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.Хгийн биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 14 дүгээр хуудас/
Хохирогч Ч.Х-гийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 37-39 дүгээр хуудас/, Ч.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Ч.Х-гийн биед халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ц ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Х-гийн биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Ц нь өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Х хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч.Ц-ыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ч.Ц-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн 1828000000163 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх 23-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Ц ын ял шалгах хуудас /хх 47 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн №476 дугаар тодорхойлолт /хх 32 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Ц ын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, цэргийн үнэмлэхийн хуулбар, дипломны хуулбар /хх 34,35, 51, 52-53 дугаар хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Ч-ын Ч.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц од нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ