Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж” ХХК-ийн Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 480.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, зохих журмын дагуу дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Ж.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ж ХХК-тай хөдөлмөрийн гэрээ 3 сараар хийж, сүүлд сунгаж 6 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 3 дугаар сарын 27-ны 21-р зүйл, 24-р зүйл, 24.2 дахь тушаалаар ямар нэгэн зөрчилгүй ажилласан. 2018 оны 2 дугаар сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ж ХХК нь ажлаас үндэслэлгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 18-нд акттай байх хугацаанд ажлаас халах тушаал гаргасан. Мэдэгдэх хуудас өгөөгүй халсан. Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 480.000 төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн төлөлтийг Ж ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Ж ХХК-нд 2009-2014 он хүртэл ажилласан. Компани 2015, 2016 онд ажиллаагүй. Тэгээд 2017 онд компани ажиллаж эхлээд ажилдаа орсон. Би 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл өвчтэй байсан. Намайг өвчтэй байх хугацаанд мэдэгдэх хуудас өгөхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж тушаал гаргасан байсан. Би ажилгүй байсан хугацааны цалингаа өнөөдрийг хүртэл бодож 1.440.000 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бөглөлт хийлгэх хүсэлтэй байна. Харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Э  нь хоол үйлдвэрлэлийн газарт тогооч хийдэг байсан. 2017 оны 12 сарын 01-нээс эхлэн сул зогсолтод орсон. Манай баяжуулах фабрик нь улирлын чанартай ажилладаг. Компани 2018 оны 12 сарын 26-нд сул зогсохдоо нийт ажилчдын хурал хийж зогсолтоор 60 хувь өгөх үү, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үү гэсэн 2 асуудлыг харилцан ярилцаад ажилчдынхаа ар гэр, амьдралыг харгалзан үзэж 60 хувь олгох болсон. Сул зогсож байх үед шаардлагатай нөхцөлд дуудаж гаргахад ирээгүй нөхцөлд 60 хувийг зогсоож гэрээг цуцлах болно гэж хатуу анхааруулсан. Сул зогсолтын үед 1 тогооч ажиллуулж байсан. 2018 оны 12 сарын 01-нээс сул зогсооход тогооч Ч.Б үлдэж ажилласан. Ч.Б нь 2018 оны 01 сарын 04 хүртэл ажиллаад хувийн ажил гарсан тул сул зогсолтод орсон. 2018 оны 01 сарын 05-наас эхлэн тогоочоор дуудагдан ажилласан. Ж.Э  нь 2017 оны 12 сарын цалин нь 5 хоногийн 44 цаг, 17 хоног нь 60 хувиар бодогдсон. 44 цаг -125.714,29, сул зогсолт-212.571, баярын 8 цаг- 45.714,29, гар дээр-318.039,65. Ж.Э  нь 2018 оны 01 сарын 18 хүртэл ажиллаад өвдсөн. 1 сард Э-ийн өвчтэй байсан 8 хоногийг ар гэрийг нь харгалзан сул зогсолтоор оруулж байсан. 104 цаг-297.142,86, сул зогсолт-109.714,28, гар дээр 8 цаг-285.892,57 төгрөг авсан. Ж.Э  нь 2018 оын 02 сард бүтэн өвчтэй байсан. Нэг ч акт өгөөгүй. Компани цагийг нь сул зогсолтоор оруулсан. Сул зогсолт-288.000, гар дээр-240.688 төгрөгийг олгосон. Ж.Э  нь 2018 оны 03 сард 5 хоногийн актыг гуйлгаж байж, ажил жигдрээд явж байна, актаа өгөхгүй бол тасалснаар авна шүү гэж хэлж байж актаа канондож явуулсан. 2018 оны 03 сарын 03-наас хойш нэг ч акт өгөөгүй. Утастаад байхад утсаа авахгүй, өөр ажилчидтай болохоор яриад мэдээлэл аваад байдаг, удирдах ажилтан бид нар руу нэг ч удаа яриагүй. 3 сарын 3-наас хойш үйлдвэрийн ажиллагаа хэвийн явагдсан учир 16-нийг хүртэл удирдлагууд Ж.Э ийг хүлээсэн. Хэнтэй нь ч холбоо бариагүй. Тэгээд компанийн хэвийн явуулах шаардлагатай байсан тул 03 сарын 17-нд удирдлагууд харилцан ярилцаж дутагдлаар халах байсныг гэрээний хугацаа дууссан гэдгээр ажлаас халсан. 3 сарын цалин дээр ээлжийн амралт 452.400 гар дээр 382.372,39 төгрөгийн тооцоог дуусгасан. 5 хоногийн актны мөнгийг 4 сарын цалин дээр оруулсан. Иймд манай компани Ж.Э ийн нэхэмжилсэн 480.000 төгрөгийг хариуцахгүй” гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай үйлдвэр 2015, 2016 онд зогссон. Тэр үед төмрийн хүдрийн зах зээлийн ханш унасан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард ажиллаж эхэлсэн. Манайх улирлын чанартай учраас 2018 оны 02 дугаар сард сул зогссон. Манайд нийт 120 монгол ажилчид байдаг. Энэ хүний нэр 60 хувьд орсон. Хоёр тогоочийн нэгийг нь ажиллуулж, нэгийг нь ажлаас чөлөөлнө гэж байсан. Энэ хүн захирал дээр ороод 60 хувьд нь оръё гэж хэлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 60 хувьд орсон. Энэ хүн 1, 2 дугаар сард үзэгдсэн. Энэ хүнийг акт авсан гэж хэлсэн. Бид нарт актаа канондож авчирч өгөх ёстой. Манай дээр лист ирсэн гээд байгаа. Нягтлан дээр лист ирсэн байх. Уг нь хятад захирлаар гарын үсэг зуруулах ёстой. Манай хятад захирал дээр лист ирсэн зүйл байхгүй. 2018 оны 3 дугаар сард 5 хоногийн акт ирсэн. Тэр 5 хоногийн актны мөнгийг гаргаж өгсөн. 1.440.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч Ж ХХК-ийн Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 480.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалингаа 1.440.000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ж ХХК-ийн Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн захирал З З Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хоол үйлдвэрлэлийн тогооч ажилтай Ж.Э-ийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цаашид дахин сунгахгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг тушаалын хувиар тогтоогдож байна.

Үүрэгт ажлаас чөлөөлсөн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай тушаалыг нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардан авч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Ж ХХК-ийн Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн захирлын тушаалд Ж.Э ийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурдсан боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “Ж.Э  нь акт, лист буюу эмнэлгийн хуудсаа 2018 оны 03 дугаар сарын 3-аас хойш нэг ч удаа өгөөгүй, удирдах ажилтан бид нартай холбоо бариагүй тул дутагдлаар халах байсныг гэрээний хугацаа дууссан гэдгээр халсан” гэж тайлбарлаж байгаа нь тухайн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсныг нотолж байна. Ажил олгогчоос гарч буй тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд хууль тогтоомжид нийцэж бодит байдалд тулгуурлан үйлдэгдэх ёстой юм.

Хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад тавигдах гол шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах буюу дахин сунгагдахгүй талаарх аль нэг талын гаргасан санал байх юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар болон талуудын тайлбараар ийнхүү саналыг хэн алинаас гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь ажилчдын ажилласан цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгчийг 2018 оны 02 дугаар сарын 26-аас 03 дугаар сарын 03-ныг өдрийг хүртэл, 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл өвчний учир ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүний их эмч Н.О, А.Б, Г.Г нарын бичсэн эмчийн магадлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь акт, листээ авчирч өгөөгүй учир үүрэгт ажлаас нь чөлөөсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс дээрх эмчийн магадалгаа, эмнэлгийн хуудас зэргийг тус компанид ажилладаг Ч.Монголмаа, Ж.Отгонбилэг нараар дамжуулан нягтлан бодогч н.Саранцэцэг, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг албан тушаалтанд хүргүүлсэн болох нь тэдний гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Мөн ажилчдын ажилласан цагийг бүртгэсэн бүртгэлүүдэд нэхэмжлэгч Ж.Э ийг Ө, А, С гэсэн тэмдэглэгээгээр буюу өвчтэй ажилтан, графикийн дагуу амралт, сул зогсолт гэж тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс листэн дээр хятад захирлаар гарын үсэг зуруулах ёстой гэж тайлбарласан боловч компанийн хөдөлмөрийн дотоод журамд энэ асуудлыг тодорхой зохицуулаагүй байна. Эмнэлгийн хуудас нь /лист/ тухайн ажилтны хөдөлмөрийн чадвараа түр алдсаны улмаас олгох тэтгэмжийг асуудлыг шийдвэрлэх баримт бичиг болохоос ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалинг бодоход тэрээр 2018 оны 2 дугаар сард 288.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 406.857 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 383.999 төгрөгийн цалин тус тус авчээ. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох өдөр хүртэлх /2018.06.14/ ажлын өдрийг бодоход 64 хоног байна. (288.000+406.857+383.999=1.078.856):3=359.619:21.5=16.726 нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 359.619 төгрөг, нэг өдрийн цалин 16.726 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-аас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 64 хоног (16.726*64=1.070.464) нийт 1.070.464 төгрөгийн нөхөн олговор авах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.050 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 1.070.464 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.241 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.070.464 /нэг сая далан мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 369.536 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч  Ж ХХК Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.050 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 1.070.464 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.241 төгрөгийг хариуцагч  Ж ХХК Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээс гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР