Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/шцт/880

 

 

 

 

 

 

 

  2022        06          13                                   2022/ШЦТ/880

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

          Улсын яллагч Ю.Батсүх,

          Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн 2206 00926 1337 дугаартай хэргийг шүүх 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1950 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1080 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн дугаар ЧТ50011061, Х овогтой Ж-ын Д.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажуугаар явж байхдаа хохирогч Г.Дорждаваагийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажууд гээсэн гэх “Хуавэй” матэ пад буюу таблетыг олж 94936231 дугаарыг хийж гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан бусдад 1.349.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “... Би энэ хэргийг ингэж шийдэгдэнэ гэж мэдсэнгүй. Миний биеийн байдал муу байлаа. Би энэ хэргийг мэдэхгүйгээсээ боллоо. Мөрдөгч надаас хэдэн зүйл дээр гарын үсэг зуруулсан. Би бүгдийг нь зурсан. Мөрдөгч “тань руу одоо прокурор ярина шүү” гэсэн би тэгэхээр нь “юу гэнээ хүний эд зүйлийг олж өгсөн хүн яахаараа прокурор луу явах болчихдог юм та нар эзэнд нь өгөөгүй юм уу?” гэхэд  өгсөн гэсэн шиг болсон. Би тэр 94916331 дугаар луу яриагүй. Манай ач хүү намайг эмнэлэгт хэвтсэн хойгуур тэр утсыг асаасан байсан лээ. Би яах аргагүй хүний гээсэн эд зүйлийг авсан хэрэгт  холбогдчихоод байгаа юм. Тэр хэрэг нь уг нь нэг сард гараагүй прокурорын дүгнэлт дээр нэг сар гээд биччихсэн байсан. Энэ хэрэг нь гурван сарын 8-ны өдөр сүүнд явж байхдаа олсон юм л даа. Хамаг зүйл хагарчихсан том хавтгай зүйл байсан. Би гал зуухан дээр тавьсан байсан . Манай ач хүү намайг эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад “эмээ энэ юу юм” гэхээр нь “мэдэхгүй газраас олсон юм эмээ нь” гэж хэлсэн.  “Энийг үзчих үү” гэж хэлээд цэнэглэсэн байгаа юм . Манай хүүхэд 9 дүгээр ангийн хүүхэд. Ач хүү цэнэглээд үзсэн юм шиг байна. Тэрэнд номер сим карт зэрэг байхгүй байна гэж хэлсэн. Анх тэр мөрдөгч авахдаа хажуу руу нь нэг юм хийгээд байсан. Тэрэнд нь байдаг юм байлгүй. Би энэ хэргээс салмаар байна. 70 нас хүрэхдээ шүүхийн хаалга татаж үзээгүй. Хүний юм тааралдвал дахиж авахгүй.” гэв.

 

 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч Г.Дорждаваагийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн гээсэн гэх таблетыг 1.349.910 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх- 16-17/, хохирогч Г.Дорждаваад 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 48 минутад таблет хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-26/ зэргийг шинжлэн судлав.

        Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

  Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажуугаар явж байхдаа хохирогч Г.Дорждаваагийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажууд гээсэн гэх “Хуавэй” матэ пад буюу таблетыг олж 94936231 дугаарыг хийж гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан бусдад 1.349.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Дорждаваагийн өгсөн: "... Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1570а тоот гэрээсээ гэрийнхээ хажууд байдаг 410 дугаар худаг дээрээс ус авахаар явж байгаад замдаа гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс 0.75 грамм савлагаатай Хараа нэртэй архи авч худаг дээр очиж ганцаараа ууж байгаад нэг сэрээд хартал миний 2022 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр Сайн электрониксоос 1.400.000 төгрөгөөр худалдан авсан Хуавэй матэ пад нэртэй таблет алга болчихсон байсан юм. Би тухайн үед архи ууж байгаад гээчихсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

         Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3-4/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн гээсэн гэх таблетыг 1.349.910 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-17/,

         Хохирогч Г.Дорждаваад 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 48 минутад таблет хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-26/

         Шүүгдэгч Ж.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажуугаар явж байхдаа хохирогч Г.Дорждаваагийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажууд гээсэн гэх “Хуавэй” матэ пад буюу таблетыг олж, 94936231 дугаарыг хийж, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан бусдад 1.349.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Шүүгдэгч Ж.Д нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 410 дугаар худгийн хажууд гээсэн гэх “Хуавэй” матэ пад буюу таблетыг олж 94936231 дугаарыг хийж гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан, бусдад 1.349.910 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ж.Д-г дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Д нь хохирогчид учруулсан хохирол болох “Хуавэй” матэ падыг буцаан өгч хохиролыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч Ж.Д  оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Днь зорчих эрхийг хасах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Даш-Янжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

                              

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС