Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Х төлөөлж Х ны Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б

Д.Т нарт холбогдох

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 46.889.141 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ны Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Э, хариуцагч Д.Т, онлайнаар хариуцагч Д.Б , хариуцагч нарын өмгөөлөгч Т.Б нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Х -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Б  нь Х тай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1430011613 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4.289.360.29 төгрөг, зээлийн хүүд 4.934.754.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.174.42 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430011613 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 4 сараас эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 16 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х  нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1430011613 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 1430010361-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Д.Б ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001318 дугаар, Үл хөдлөх хөрөнгийн 000015390 дугаар гэрчилгээтэй Нийслэлийн, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13 дугаар хороолол 22-А дугаар байрны 106 тоотын орон сууц. Нэхэмжлэлийн шаардлага. 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430011613 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 45.710.639.71 төгрөг, 2018 оны 05-р сарын 09-ний өдрийн байдлаар хүү 1.181.864.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.636.45 нийт 46.889.141 төгрөгийг Д.Б, Д.Т  нараас гаргуулах, 2. Зээлдэгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү, Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухай үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн хувьд өөрчлөгдсөн. Шүүхэд нэхэмжилснээс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн байгаа. Нийт нэхэмжилж байгаа дүн нь 48.132.315 төгрөг 61 мөнгө болсон” гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Хас банкны салбараас зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөг зээлсэн. Үүнтэй маргах зүйл байхгүй. Зээлээ графикийн дагуу цалингаасаа төлж байсан боловч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №Б/304 дугаартай, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн Захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан намайг ажлаас чөлөөлснөөр миний зээлийн төлөлт зогссон. Хууль эрх зүйн үндэслэлгүйгээр тушаал гаргаж, намайг ажлаас халах болсныг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан байгаа. Одоогийн байдлаар надад ямар ч орлого олох боломж байхгүй, шүүхэд хандсан байгаа учраас өөр ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 2018 оны 05-р сарын 09-ний өдрийн байдлаар хүү 1.181.864.84, нэмэгдүүлсэн хүү 6.636.45 төгрөгийг төлөөд тухайн өдрөөр хүүг зогсоож үндсэн зээлийн үлдэгдэл 45.710.639.71 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх болно. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг. Тухайн үед ажлаасаа гэнэт халагдаад балмагдаад банканд хэлж чадаагүй. Шүүхээр явж байгаа учраас гэнэт халагдсаны тэтгэмж нийгмийн даатгалаас түр түдгэлзүүлсэн байгаа” гэжээ.

Хариуцагч Д.Т  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б  бид хоёр оюутан цагийн найз, нөхөд юм. Б  цалингийн зээл авах гэж байгаа юм. Намайг гарын үсэг зураад өгөөч гэсэн. Ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Одоо ч гэсэн зээлээ бүрэн хариуцна гэж хэлж байгаа. Би хариуцагчаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Х ны Бор-Өндөр тооцооны төв нь Д.Б , Д.Т  нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 46.889.141 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хариуцагч нар нь Х ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №1430011613 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай 365 хоногт 20.40 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болох Д.Б ын өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22-А дугаар байрны 106 тоот дахь 30 мкв ГД-000015390, Ү-2204001318 дугаартай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Х , хариуцагч Д.Б  нарын хооронд байгуулсан баталгаат ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Б  нь өөрийн хөрөнгийг барьцаалуулсан, зохигчид нь зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргаагүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна. Хариуцагч нар зээлийн гэрээнд зээл эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн, Д.Б  нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон  байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон байна.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-түүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заажээ.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 45.710.639.71 төгрөг, хүү 1.181.864.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.636.45 төгрөг нийт 46.889.141 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 22-А байрны 106 тоот дахь 30 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хуулийн дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

            Хариуцагч Д.Т  нь би найздаа тусалж зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан, иймд хариуцагчаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэх тайлбарыг гаргаж байх боловч 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1430011613 дугаартай зээлийн гэрээний 3.3 заалтад “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан үүнийг Д.Т  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул түүнийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа  1.243.174 төгрөгөөр буюу 48.132.315 төгрөг 61 мөнгө болгож ихэсгэж байгаа талаар тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй мөн Х ыг шүүхэд төлөөлөх эрхийг олгох тухай гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тушаалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг олгоогүй байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн гэж үзэх боломжгүй юм.

            Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэргийг өөрийн байгууллагын тэмдгээр баталгаажуулж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг зөрчсөн боловч зохигчид дээрх нотлох баримтын талаар маргаагүй тул нотлох баримтаар үнэлсэн болно.

            Энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж нь 392.396 төгрөг байхад нэхэмжлэгчээс 392.445 төгрөг буюу 49 төгрөг илүү төлсөн тул нэхэмжлэгчид 49 төгрөгийг буцаан олгож, хариуцагч нараас 392.396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

1.     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Б, Д.Т нараас 46.889.141 /дөчин зургаан сая найман зуун наян есөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Х -ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

2.     Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, Д.Т  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 30 мкв, улсын бүртгэлийн Ү-2204001318 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.445 төгрөгөөс 392.396 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 49 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нараас 392.396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х -ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР