Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2018/00026/И |
Дугаар | 100 |
Огноо | 2018-07-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д
Б.С нарт холбогдох хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяагны үнэ 15.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч С.У, түүний өмгөөлөгч Г.Н, Б.Д, Б.С нар оролцов.
Т О ДО Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сард өөрийн танил Б.Д д алтан нуухтай, чүнчигноров толгойтой, амандаа алт зуусан хулганы дүр бүхий мөнгөн халбагатай, усан манан хөөрөг, дунд гарын үйлдвэрийн мөнгөн аяга, гар хийцний мөнгөн бүс зэргийг 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эргүүлэн авахаар шилжүүлсэн бөгөөд Б.Д нь эдгээр эд зүйлийг Б.С гэх хүний А ломбарданд барьцаалан зээл авсан. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш миний бие өөрийн эд зүйлийг буцаан авахаар удаа дараа Б.Д тай уулзахад хувийн шалтгаанаар очиж чадахгүй байна, удахгүй чиний юмыг чинь авч өгнө гэсэн. Иймд би А барьцаалан зээлдүүлэх газрын эзэн С өөрийн биеэр очиж уулзаж Д барьцаанд тавьсан эд зүйл миний өмчлөлийн эд зүйл гэдгийг бүрэн ойлгуулсан бөгөөд хурааж болохгүй шүү гэж удаа дараа учирлаж байсан. Түүнчлэн өөрийн эд зүйл болох хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бүсээ авахаар 3 удаа тус ломбарданд очиход С гэх хүн байхгүй байсан бөгөөд түүний дүү нь ломбарданд сууж байсан. Дүүгээс нь С яаж холбоо барих, хаашаа явсан, хэзээ ирэх талаар асуухад тодорхой хариу огт өгөхгүй мэдэхгүй гэдэг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр А барьцаалан зээлдэх газрын эзэн С гэх хүнтэй арай гэж уулзаад өөрийн эд зүйлээ авъя гэхэд С нь таны эд зүйл бүгд байгаа гэж хэлсэн бөгөөд буцаан олгоход шаардлагатай тооцоог гаргаж өгнө гээд 4 өдрийн дараа буюу 1 дүгээр сарын 09-ний өдөр холбогдох тооцоог бодож өгсөн. Уг тооцоог даруй төлж дуусгаж эд зүйлийг маань буцааж авч өгөхийг Д шаардсан ба удаа дараа утсаар ломбардны эзэнтэй ярьж удахгүй тооцоог дуусгана миний эд зүйлийг зарж болохгүй шүү гэхэд мөн байгаа гэж хэлж байсан болно. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Д холбогдох мөнгийг төлж эд зүйлийг буцаан авахаар очиход хүнтэй хамтарч энэ ломбардыг ажиллуулдаг тэр хүнээс асууж байж өгнө гэж хэлж 4 хоног хугацаа алдуулсан. Миний бие С д эд зүйлийг буцааж өгөхгүй байгаа юм, та арай зарчихсан юм биш биз тэр эд хөрөнгө надад маш үнэ цэнэтэй эд зүйл шүү, байгаа юу ямар санаа оноотой ингээд байгаа юм гэхэд С юу яриад байгаа юм байлгүй яахав гэсэн. Гэвч миний эд зүйл гэдгийг мэдсээр байж буцаан өгөхгүй иргэн намайг хохироож байна. Миний хөөрөг надад миний эмээгээс уламжлагдаж удам дамжиж өвлөгдсөн, шинж байдлын хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй чүнчигноров толгойтой, алтан нуухтай, амандаа алт зуусан, хулгана бүхий дүрстэй мөнгөн халбагатай, усан манан хөөрөг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 15 сая төгрөгөөр, дунд гарын бичвэртэй 2000 онд авсан үйлдвэрийн мөнгөн аяга 220.000 төгрөгөөр, арал буюу тоног нь мөнгөөр товойлгож хийсэн ширэн мөнгөн бүс 280.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн юм. Би иргэн Б.Д болон А ХХК-иас өөрийн өмчлөл, эзэмшлийн шаардаж нэхэмжлэл гаргаж байсан боловч миний эд зүйлийг зарчихсан гэх тайлбарыг цагдаа шүүхийн байгууллагад өгч байгаа тул нэхэмжлэлд дурдсан усан манан хөөрөгний үнэ 15 сая төгрөг, дунд гарын үйлдвэрийн мөнгөн аяганы үнэ 220.000 төгрөг, ширэн мөнгөн бүсний үнэ 280.000 төгрөг, нийт 15.500.000 төгрөгийг хариуцагч Б.Д болон А ХХК-иас тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар буюу тус бүрээс 7.750.000 төгрөг гаргуулж надад олгож, иргэн С.У намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Д би 2016 оны 2-р сарын 22-нд А ХХК-ийн эзэн С д мөнгөн аяга, хуучны эрэгтэй бүс, жижиг хөөрөг зэргийг сарын 15% хүүтэй тавьж 400.000 төгрөгийг У хамт 200.000 хувааж авсан. Тухайн үед би сарын 60.000 төгрөгийг У, 70.000 төгрөг С д өгч байсан. С уулзаж тавьсан эд зүйл байгаа юу гэхэд байгаа хүнтэй ажиллуулдаг гэж байсан. У бид хоёр таньдаг хүнээс 800.000 төгрөг аваад очиж авах гэсэн боловч хамт ажиллуулдаг хүн Солонгост байгаа холбоо барьж болохгүй байна гэж байсан. Би У нэхэмжилсэн 7.750.000 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж байна. Харин 400.000 төгрөгийг У бид хоёр хувааж авсан тул өөрийн авсан 200.000 төгрөгийг өгнө. Надад эд зүйл байхгүй, У бид хоёр хамт тавьсан учраас энэ нэхэмжлэлээс татгалзаж байна. Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч А ХХК-ийн захирал Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Манай А ХХК-ийн Б.З-нд 2016 оны 2-р сард Б.Д нь жижиг гарын хөөрөг /алтан нуухтай/ эвдэрхий мөнгөн аяга, эмэгтэй бүс тавьж 400.000 төгрөгийг 15% хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэн авсан. Ингээд 3 сард 60.000 төгрөг, 5 сард 70.000 төгрөгийг дансаар хийж өөрөө хөдөө байна гэж ярьсан. Б.З нь 3 сар хүлээгээд энэ хугацаанд удаа дараа албан журмын дагуу утас нь холбогдохгүй байсан мессэж явуулж байсан. Ингээд 9 сард М дэлгүүрийн алт мөнгөний дархан хөөргийг нь 300.000 мөнгөн эдлэлийг нь 180.000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Миний хувьд У гэдэг хүн жилийн дараа гарч ирээд миний эд зүйл гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. У гэж хүнээс ямар ч эд зүйл аваагүй. Иймд У гэж хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр У гэрт ганцаараа байхад нь очсон. Тухайн үед манай нөхрийн зээлнээс 200.000 төгрөг дутсан байсан. Тэгээд У аас мөнгөний хэрэг байна, чамд ломбарданд тавиулах юм байна уу, сарын дараа аваад өгье гэхэд мөнгөн бүс, мөнгөн аяга өгсөн. Тэгээд А ломбарданд эд зүйлээ аваад очиход аваагүй. Буцаж очоод ломбард авахгүй байна гэсэн чинь У манай нөхрийн жижиг хөөрөг байгаа үүнийг нийлүүлээд аваад яв гэхээр нь хөөргөө нийлүүлээд эргээд нөгөө ломбарданд тавиад ирсэн. Надад 200.000 төгрөгний хэрэг байсан боловч 400.000 төгрөгт тавья гээд тавих гэтэл С авахгүй байсан. Би манай ээж, аавынх гэж байгаад тавьсан нь үнэн. Тэгээд 400.000 төгрөгийг 2016 оны 2 сарын 22-ны өдөр авч гараад намайг Соёлын төвийн арын дэлгүүрт У хүлээж байгаад 200.000 төгрөг авсан... гэв.
Хариуцагч А ХХК-ний захирал Б.С-ий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ямар ч байсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ломбарданд хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга тавьсан. Тэгээд 4-5 сард 60.000 төгрөг, 70.000 төгрөг орж ирсэн. Би ломбардаа Оюунгэрэл гэдэг хүнтэй цуг ажиллуулдаг. Тэр хүн 9 сард ирээд энэ эд зүйлийг зарахгүй бол 2 сараас 9 сар хүртэл 8 сар болчихлоо гээд Улаанбаатар хот аваад явсан. Тэгж байгаад 10 сард холбогдоод асуусан чинь Н гэдэг хүн Мөнгөн завъяагийн тэнд орхисон, тэр хүн байвал уулзаад аваад өгчих гэхээр нь утсаар залгасан чинь холбогдохгүй байсан. Дараа өөрөө Улаанбаатарт очоод уулзахад худалдаж авсан хүмүүс нь хөөргийг нь 300.000 төгрөг, мөнгөн эдлэлийг мөнгөн завъяагийн доод талд байдаг алт мөнгөний дархан авсан гэж хэлсэн... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Б.Д , А ХХК-ийн захирал Б.С нарт холбогдуулан хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бүсний үнэ 15.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа шүүх хуралдааны явцад хэн алинаас нь 15.500.000 төгрөг гаргуулах болгон өөрчилснийг хариуцагч Б.Д дээрх эд хөрөнгийг У хамт ломбарданд тавьж мөнгийг хувааж авсан, эд хөрөнгө надад байхгүй гэж, хариуцагч А ХХК-ийн захирал Б.С дээрх эд хөрөнгийг У манай ломбарданд тавиагүй, би У аас эд зүйл аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15.500.000 төгрөгийг хариуцагч Б.Д гаас гаргуулж, хариуцагч А ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сард өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох чүнчигноров толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай усан манан хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бүс зэргийг хариуцагч Б.Д д буцаан авах болзолтойгоор түүний эзэмшил, ашиглалтанд шилжүүлснийг хариуцагч Б.Д Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулах А ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар шалгана. Гэрээ байгуулах санал, хүлээн зөвшөөрсөн саналын хариу байгаа тохиолдолд гэрээ байгуулагдсан буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзнэ.Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Б.Д д буцаан авах нөхцөлтэйгээр амаар харилцан тохиролцож шилжүүлсэн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т заасан гэрээ байгуулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Б.Д нь дээрх эд хөрөнгийг С.У тай хамтран ломбарданд тавьж 400.000 төгрөгийг 200.000 төгрөгөөр хувааж авсан гэж мэтгэлцэж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, цуглуулж гаргаж өгөөгүй тул тэд нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгийг үнэ төлбөргүй ажиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд хуулиар тусгайлан хэлбэрийн шаардлага тавигдаагүй /бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх г.м/ тул тэдний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.
Хариуцагч Б.Д , А ХХК нарын хооронд Барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээ байгуулагдаж уг гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-т зааснаар бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-н 5 хуу/
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд С.У , Б.Д нарын хооронд Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ, Б.Д , А ХХК нарын хооронд Барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээ тус тус байгуулагдаж харин С.У , А ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл С.У нь А ХХК-иас эд хөрөнгөнд учирсан хохирлыг шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2-т зааснаар дамжин 295.3-т зааснаар хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хуулийн 295.3-т хөлсүүлэгч нь гуравдагч этгээдийн ашиглалтаас эд хөрөнгөө шаардах эрхтэй юм. Б.Д А ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 1 дүгээр дэд хэсэгт заасан Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа болно.
Иймд Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцна 342.3-т Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул С.У өөрт учирсан хохирлоо Б.Д гаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч С.У нь хөөргөө 15.000.000 төгрөгөөр, мөнгөн аягаа 220.000 төгрөгөөр, мөнгөн бүсээ 280.000 төгрөгөөр нийт 15.500.000 төгрөгөөр үнэлж хохирлын хэмжээг тодорхойлж байх бөгөөд хариуцагчБ.Д нь үнэлгээн дээр маргахгүй байх бөгөөд талууд үнэ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул хохирлын хэмжээг 15.500.000 төгрөг гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г ТО О Х нь:
1. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.3-т зааснаар хариуцагч Б.Д гаас 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У т олгож, хариуцагч А ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Д гаас 235.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР