Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, хариуцагч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч С.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.С-тай 2011 онд танилцаж, 2012 оны 05 сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 04 сарын 30-ны өдөр хүү Л.Н, 2014 оны 03 сарын 28-ны өдөр хүү Л.У, 2016 оны 08 сарын 01-ний өдөр хүү Л.У нар төрсөн Бидний том хүү болон Л.Н  нь 2013 онд нас барсан. Б.Л  нь 2016 ноос хойш ажил хийхгүй гэртээ байсан ба намайг ажилд ороод ажилд явахаар ямар нэгэн үндэслэлгүй хардаж, элдвээр хэлж доромжилдог, бүр сүүлдээ гар хүрдэг болсон. Сүүлд 2018 оны 05 сарын 22-ны өдөр намайг элдвээр хэлж, зодохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хүн ямар ч үндэслэлгүйгээр байнга хардаж, сэтгэл санааны хувьд байнга дарамтанд байлгаж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс Б.Л тэй гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, Б.Л гээс 2 хүүхдийн тэтэгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Б.Л  Б.Л  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Би хань С  хардаж зовоож байсан нь үнэн би гэмшиж ухаарч байна. С  бид хоёр айл болоод 8 жил болж байна бид хоёрын дундаас хүү Н, У, У нар бий. Миний бие Л  цэрэгт байхад том хүү Н  өөд болсон. Одоо манай хоёр хүү У 4 настай, бага хүү У 2 настай. Хоёр хүүгийн минь бодож, миний гэмшиж ухаарсныг ойлгож, энэ гэр бүлийг  элэг бүтэн байлгахад туслаад эвлэрэх хугацаа өгнө үү. С-аас салах хүсэлгүй байна” гэв.

Нэхэмжлэгч С.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.................................” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч С.С  нь хариуцагч Б.Л д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү У, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү У нар төрсөн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, №2352000041, №2352000147 дугаартай төрсний гэрчилгээнүүдийг нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. /хх-н 7-9 хуу/ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Л.У , Л.У нарын асрамжийн талаар зохигч маргаагүй, хариуцагч Б.Л  нь хүү Л.У , Л.У нарыг эх С.С гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул хүү Л.У , Л.У  нарыг эх С.С гийн асрамжид үлдээж  шийдвэрлэлээ.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Л.У , Л.У нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  Б.Л гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахзэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Л гээс хүү Л.У , Л.У нарт төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн, мөн эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх үнийн дүнгээр тодорхойлогдох тул (84.000x12=2.088.000) улсын тэмдэгтийн хураамж болох 48.358+70.200=118.558 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  С.С ,  Б.Л  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү Л.У , 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү Л.У нарыг эх С.С гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Л.У , Л.У нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Л  тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэн даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Б.Л гээс нийт 118.558 төгрөгийг гаргуулж, үүнээс 48358 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд, 70200 төгрөгийг нэхэмжлэгч С.С  олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР