Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 106

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч

Хариуцагч Х.Т нарыг оролцуулан нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Т-д холбогдох 4015850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч “Монос косметик” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монос косметик ХХК нь Х.Т бараа бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж, улмаар бараа бүтээгдэхүүн зарагдсаны дараа төлбөр тооцоог барагдуулахаар тохиролцон хамтран ажиллаж байсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бараа нийлүүлсэн боловч хүлээн авсан бараанаас 4015850 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Х.Т нь 2016 оны 10 сарын 31-ний өдөр төлбөр тооцоотойгоо хүлээн зөвшөөрч тооцоо нийлэх актыг үйлдсэн. Уг акт үйлдсэн өдрөө Монос косметик ХХК-д хандан тайлбар гаргасан бөгөөд уг тайлбартаа “барааг хаясан тул үнийг төлөх боломжгүй” хэмээсэн байна. Манай байгууллага барааны буцаалтыг хийснээр барааг буцаан өгсөнд тооцож төлбөрөөс чөлөөлдөг бөгөөд манайтай адилхан жижиглэн борлуулалт хийдэг бүх компаниудад ийм зарчим үйлчилдэг. Энэ бол бизнест тогтсон заншсан зүйл билээ. Гэтэл барааг өөрийн дураар устгаж, устгасан төдийгүй түүнийгээ батлах ямар ч баримт үйлдээгүй байгаа нь манай компанид итгэл төрүүлэхгүй байгаа тул Х.Тунгалагбадамаас үлдэгдэл төлбөр болох 4015850 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монос косметик” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бор-Өндөр сумын иргэн, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг  Х.Тунгалагбадамтай 2014 оны 1 сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай бараа бүтээгдэхүүн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Энэхүү хугацаанд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг удаа дараа нийлүүлэн ажилласан юм. Тухайн гэрээнд заасны дагуу борлуулагч нь бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсаны дараа “Монос косметик” ХХК-ийн холбогдох данс руу  барааны төлбөрийг шилжүүлдэг. Энэхүү төлөлтийн хугацаанд нийт 3 удаа төлөлт хийгдсэн. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээний хугацаанд нийт 3 удаагийн төлөлт хийгдсэн байдаг. Ингээд үлдэгдэл нь 4.015.850 төгрөг байдаг юм. Энэхүү төлбөрийг гаргуулахаар “Монос косметик” ХХК нь Х.Тунгалагбадамтай холбогдсон. Гэхдээ “Монос косметик” ХХК нэг иргэн, нэг байгууллагатай хамтран ажилладаг байгууллага биш учраас хүн бүр, борлуулагч болгонтой өдөр тутам холбогдох боломжгүй. Х.Т борлуулагч ямар тайлбар өгдөг байсан гэхээр бараа бүтээгдэхүүнийг буцаах байсан боловч танайх буцааж аваагүй. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбар өгсөн. Гэрээнд заасан болон хамтран ажиллах ажиллагааны хүрээнд үлдэгдэл төлбөр болох 4.015.850 төгрөгийг ямар нэгэн байдлаар буцаан авсан, буцаан өгөх тухай тохиролцоо байдаггүй. Харин эсрэгээрээ бараа бүтээгдэхүүнийг хувиараа устгасан гэсэн тайлбар өгч байгаа. Бид нар гэрээний хариуцлагыг харах ёстой. Өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хугацаагийн өөрийн хариуцлагагүй байдлаас болж дуусгавар болгосон. “Монос косметик” ХХК-д мэдэгдэх ёстой. Харин хугацаа дуусахаас өмнө мэдэгдээгүй, зориулалтын бус газар хадгалж, хадгалалтын чанар муудахсан тохиолдолд үүнээс гарч байгаа аливаа хохирлыг борлуулагч тал нь хариуцах үүргийг гэрээндээ тусгасан байгаа. Х.Тунгалагбадамтай 2016 оны 10 сарын 31-ний өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн. Х.Т нь 4015850 төгрөгний үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар өгсөн. “Монос косметик” ХХК нь Х.Тунгалагбадамтай 2014 оны 01 сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээний 6.3 дугаар зүйлд зааснаар борлуулагч барааг хүлээн авснаас хойш өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хадгалалтын хугацааг дуусгах, зориулалтын бус нөхцөлд хадгалж, тээвэрлэснээс үүдэн бүтээгдэхүүний чанар алдагдуулж хэрэглэгчдэд хохирол учруулсан бол хохирлыг бүрэн хариуцна гэж заасан. Мөн гэрээний 3.14 дүгээр зүйлд хугацаа дуусах барааны мэдэгдлийг дуусахаас 3 сарын өмнө мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулна. Буцаах эсхүл удирдлагын зөвшөөрлөөр хямдралтай худалдааг зохион байгуулна гэж заасан. Гэтэл Х.Т нь уг гэрээний заалтыг зөрчсөн тул хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй. Манай байгууллагад барааны хугацаа дуусах гэж байна гэж 3 сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэгт энэ тараах нотлох баримт байхгүй. 5202625 төгрөгний барааг гэрээний хугацаанд шилжүүлсэн. Хариуцагчаас 1160000 төгрөгийг манайд төлсөн. Хариуцагч нь борлуулсан барааны 15 хувийг өөрөө авч цалинждаг. Энэхүү гэрээний дагуу авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4.015.850 төгрөгийг Х.Тунгалагбадамаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 01 сарын 23-ны өдөр “Монос косметик” ХХК-тай бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ хийж ажилласан нь үнэн. Миний авсан бараа бүтээгдэхүүний хугацаа нь дуусах дөхөж байсан. Би гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу барааны хугацаа дуусахаас 3 сарын өмнө компанид мэдэгдэж надтай гэрээ хийсэн менежер Цэрэндуламд /гэгчтэй байнга холбоотой ажиллаж, менежерээр дамжуулж бараагаа захиалж авдаг байсан/ удаа дараа мэдэгдэж барааны хугацаа дуусах гээд байна яах вэ буцаах уу гэж олон удаа утасдаж хэлсэн боловч манайх буцааж авдаггүй, зар гэж хэлсэн. Моносын гоо сайхны бүтээгдэхүүн 1 жилийн баталгаатай боловч 8 сар болоод өнгө нь шарлаад үнэр ордог юм билээ. Хямдруулаад зарсан ч гэсэн худалдан авч байгаа хүн барааны хугацааг нь хараад авахгүй, ялангуяа цагаан шөнө, сарнай, туяа, сувд гэх тоснууд мөн Биомаск гэх эрэгтэй нүүрний багц харшил өглөө гэж авсан хүн хэлэхээр нь дахиж худалдаагүй. Нэгэнт компани буцаалт хийхгүй гэсэн учир бараанууд маань хоног өнгөрөх тусам хугацаа нь дуусаж чанар нь муудсан тул зарахаа больсон. Миний бараанууд хугацаа нь дуусаж зарагдахгүй болохоор би орлогогүй болж дэлгүүрээ буулгасан. Хугацаа дууссан 2 хайрцаг барааг тагтан дээрээ хадгалж байгаад үнэртээд байхаар нь хаяхаас өөр аргагүй болсон. 2016 оны 10 сарын 31-нд Моносын нягтлан ирж надтай уулзаж тайлбар аваад явсан. Муудсан гэх бараа чинь хаана байна харъя зураг хөрөг нь байна уу харуулах юм байхгүй бол хэн итгэх юм гэсэн. Энэ компани гэрээнийхээ дагуу 1 жил ажиллаад гэрээгээ дүгнээд явсан бол ийм юм болохгүй байсан. Бүтэн 3 жилийн хугацаанд холбоогүй байсан. Би хугацаа дууссан бараагаа гэртээ 2 жил шахуу хадгалсан. 3 жилийн дараа ирчихээд надаас хугацаа нь дууссан бараа чинь хаана байна гэхийн. 1 жилийн хугацаатай бараа өгчихөөд 3 жил болтол байлгана гэж юү байхав дээ. Өөрсдөө хариуцлагатай байсан бол ийм асуудал үүсэхгүй л байсан. Залгахаар утсаа авахгүй, нэг бол утас нь ашиглалтанд байхгүй гээд Монос компаниас огт ярихгүй надтай холбогдохгүй менежер Цэрэндуламтай ярих гэж залгасан боловч утас нь ашиглалтанд байхгүй гэсэн. Тэгээд холбоо тасарсан. Тухайн үед буцаалт хийж хольж өгсөн бол энэ барааг хугацааг нь дуусгаж компанийг хохироохгүй байж болох байсан. Гоо сайхны бараа худалдаж байгаа юм чинь хугацаа нь дуусаж байгаа юм зарж болохгүй. Хүнд харшил өгч гоо сайхнаараа хохирвол хэн хариуцлагыг хүлээх юм. 5202625 төгрөгний барааг гэрээний хугацаанд шилжүүлж авсан. Би 1160000 төгрөгийг төлсөн. Би борлуулсан барааны 15 хувийг өөрөө авч цалинждаг.  Тухайн үед надтай холбоотой байгаад буцаалт хийж сольж өгөөгүй байж 5 жилийн дараа хугацаа нь дуусаж хаясан барааны үнэ гэж 4015850 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Монос косметик” ХХК нь хариуцагч Х.Тунгалагбадамаас гоо сайхны барааны үлдэгдэл төлбөр 4015850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Х.Т нь “барааны хугацаа дуусахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, тэгээд барааны хугацаа дууссан тул барааг хаясан, үнийг төлөх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч “Монос косметик” ХХК нь хариуцагч Х.Тунгалагбадамаас гоо сайхны барааны үлдэгдэл төлбөр 4015850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 10 сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “Монос косметик” ХХК  хариуцагч Х.Т нар нь 2014 оны 01 сарын 23-ны өдөр “гэрээт борлуулагчтай хамтран ажиллах” гэрээг 2014 оны 01 сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан нь хэрэгт авагдсан “гэрээт борлуулагчтай хамтран ажиллах” гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Зохигчид нь гэрээний хугацаанд нийлүүлсэн барааны үнийн дүн болон уг гэрээний хугацаанд төлөгдөөгүй үлдсэн барааны үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар 4015850 төгрөгний төлөгдөөгүй төлбөр гарсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Монос косметик” ХХК, хариуцагч Х.Т нарын хооронд байгуулсан 2014 оны 01 сарын 23-ны өдрийн “гэрээт борлуулагчтай хамтран ажиллах” гэрээний 6.3 дугаар зүйлд “борлуулагч барааг хүлээн авснаас хойш өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хадгалалтын хугацааг дуусгах, зориулалтын бус нөхцөлд хадгалж, тээвэрлэснээс үүдэн бүтээгдэхүүний чанар алдагдуулж хэрэглэгчдэд хохирол учруулсан бол хохирлыг бүрэн хариуцна” гэж, мөн гэрээний 3.14 дүгээр зүйлд “хугацаа дуусах барааны мэдэгдлийг дуусахаас 3 сарын өмнө мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулна. Буцаах эсхүл удирдлагын зөвшөөрлөөр хямдралтай худалдааг зохион байгуулна” гэж заасан.

Харин хариуцагч Х.Т нь “барааны хугацаа дуусахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, тэгээд барааны хугацаа дууссан тул барааг хаясан, үнийг төлөх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарыг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Т нь “барааны хугацаа дуусахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, тэгээд барааны хугацаа дууссан тул барааг хаясан”  болохыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.Тунгалагбадамаас гоо сайхны барааны үлдэгдэл төлбөр 4015850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэв.  

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Т-аас 4015850 /дөрвөн сая арван таван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79203 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Х.Тунгалагбадамаас улсын тэмдэгтийн хураамж 79203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монос косметик” ХХК-д олгосугай.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                      М.ЭНХМАНДАХ