Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 110

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч:******* /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн 1828000000090 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22-23 цагийн үед төв байрны хашаанд оршин суух *******гийн гэрт байхдаа түүний Samsung Galaxy s6 маркийн гар утас 1 ширхэг, Iphone 5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч******* нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22-23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн төв байрны хашаанд оршин суух *******гийн гэрт байхдаа хохирогч *******гийн Samsung Galaxy s6 маркийн гар утас 1 ширхэг, Iphone 5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шууд санаатай шунахайн сэдэлтэй хулгайлан, 510.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ. Шүүгдэгч******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед өмнө ногооны талбай дээр байж байхад*******, нөхөр Сундуйгийн хамтаар хүрээд ирсэн. Тэнд нэг шил архи хувааж уусан. Тэр хоёр жаахан халамцуу байсан. Тэгээд архийг дуусгаад энд байгаад яахав гээд манайд ирэхээр болоод манай гэрт ирцгээсэн. Гэрт ирээд дахиж нэг шил архи авч ууцгаасанБи өөрийнхөө Samsung Galaxy s6, Iphone 5 маркийн хоёр гар утсаа гэрийн зүүн талд орныхоо өмнө цэнэглээд унтсан. Өглөө сэрээд харахад цэнэглээд тавьсан 2 утас байхгүй болохоор нь хайсан. Өглөө босоод ирэхэд нөгөө хоёр байхгүй манай нөхөр унтаж байсан. Тэгээд нөхрөөсөө гар утсаа сурахад мэдэхгүй гэж хэлсэн. Би гэрээс гараад хогоо түүх гээд явахад гэрийн хойно хашааны хажууд самсунгийн гаднах тунгалаг гэр нь хэвтэж байхаар нь миний гар утсыг хулгайч авсан юм байна гэж бодсон. Би манайд шөнө хүн ирсэн билүү үгүй билүү гэж бодоод байхад*******, Сундуй хоёроос өөр хүн ирээгүй. Би Ивээл төвийн АТМ-ээс мөнгө авах гэж очиход ажиллахгүй байхаар нь эргээд гэрлүүгээ явж байхад засмал замын өмнө талд тарьсан модны хажууд миний iphone гар утасны хүрэн өнгийн гаднах гэр нь хэвтэж байхаар нь аваад гэртээ ороод нөгөө хоёрлуу залгаад гар утас авсан уу гэхэд Сундуй би аваагүй гэж хэлсэн. Дахиад утсаар залгахад******* утас аваад бид хоёр гар утсыг чинь аваагүй, тэгж буяндаа бузар хийхгүй хэлдэг газраа хэл гэж хэлэхээр нь би цагдаад хандсан. Тэгээд 2 хоногийн дараа хулгайд алдсан гар утсаа олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “2018 оны 06 дугаар сарын эхээр байсан санагдаж байна өдрийг санахгүй байна. Тэр өдөр би архи уучихсан байсан. Тэгээд тасраад унтсан. Өглөө босоод ирэхэд манай эхнэр Норовсүрэн гар утас алга болсон байна гэхээр нь би манайхан нуусан юм биш үү сайн хайхгүй юу гэж хэлсэн. Тэгсэн тэр гэрээс гараад орж ирэхдээ гар утасны гэр нь гадаа байна гэж хэлээд аваад ороод ирсэн. Би тэр өдрийн орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай эхнэрийн хамт ажиллаж байсан хүн нь гэр бүлийн хүнтэйгээ хамт ирсэн байсан. Samsung Galaxy s6, Iphone 5 маркийн маркийн гар утас байсан, гэрийн хаана байсныг нь мэдэхгүй байна. Тэр хоёр гар утас манай эхнэрийн гар утаснууд” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатан өгсөн: ... “Манай нөхөр ******* дугаар ангид галчийн ажил хийдэг байсан. Одоо хийхгүй байгаа. Манай нөхөр архи уух нь уудаг. Архи уухаараа жаахан хэл ам татлах гээд байдаг. Гэхдээ тэр болгон архи уугаад байдаггүй. Манай нөхөр эрүүлдээ ааш зан сайтай гэр бүлийнхээ төлөө байдаг. Бид хоёр Өмнөговь аймгийн төвд шилжиж ирээд 2 жил гаран болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн 18 цагийн үед эхнэр*******ын хамтаар Норовсүрэнгийн гэрт очсон. Тэгээд тэнд архи ууцгаасан. Шөнө 22 цаг өнгөрч байхад гэрийн зүүн талын багананы хажууд саарал утас, хар өнгийн гар утас байхаар нь аваад хармаалсан. Тэгээд эхнэрийгээ унтаад байхаар нь харъя гэж хэлээд түүнийг дагуулаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь Норовсүрэн эгч над руу гар утсаа нэхэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Гэртээ байж байхад цагдаа ирээд надаас гар утсыг аваад буцаагаад хүлээлгэж өгсөн. Би тэр хоёр гар утсыг яах гэж авснаа мэдэхгүй байна. Согтуудаа л авчихсан байна. Би Норовсүрэнгийн гар утсыг нь аваад гэрээс гараад гэрийг нь тэр хавьд нь хаячихсан байсан. Намайг гар утсыг авах үед гэрт байсан хүмүүс бүгдээрээ тасраад унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/  дугаар Хөрөнгө үнэлгээний дүгнэлт: “Samsung Galaxy s6 маркийн гар утас 1 ширхэг нь 320.000 төгрөг, Iphone 5 маркийн гар утас 1 ширхэг 190.00 төгрөг нийт 510.000 төгрөг” /хх-ийн 29 дүгээр хуудас/ Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.06.13-ны өдрийн 64 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокрорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл 2018.06.03-ны өдөр, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 07-10 дугаар хуудас/ Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2018.06.03-ны өдөр “Samsung s6 гэсэн бичигтэй, хөх өнгийн мэдрэгчтэй гар утас 1 ширхэг, Iphone гэсэн бичигтэй саарал өнгийн мэдрэгчтэй гар утас 1 ширхэгийг хураан авав” /хх-ийн 13-16 дугаар хуудас/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2018.06.07-ны өдөр “Samsung Galaxy s6 маркийн гар утас 1 ширхэг, Iphone 5 маркийн гар утас 1 ширхэгийг *******д хүлээлгэн өгөв” /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 510.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд “2018.06.07-ны өдөр Samsung Galaxy s6 маркийн гар утас 1 ширхэг, Iphone 5 маркийн гар утас 1 ширхэгийг *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 17 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч*******г төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн 1828000000090 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолснотлох баримтуудыг: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн Засаг дарга Б.Дугармаагийн “П.Сундуй нь Мод үржүүлэхийн 1-1 тоотод ам бүл 3-уул оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 42 дугаар хуудас/ Шүүгдэгч*******н иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 44, 69 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 45-64 дүгээр хуудас/ Шүүгдэгч*******н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаазардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сундуйг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч******* нь төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ