Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч И.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И.Лт холбогдох 2224 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, бүл-7 аав, ээж, эгч дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И.Л,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Л нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам Хөх толгой” гэх газарт “Honda insight” маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зорчигч А.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Л нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам Хөх толгой” гэх газарт “Honda insight” маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Таван толгойгоос Улаанбаатарт ирээд байж байхад хүргэн дүү И.Л нь Завхан аймаг руу явна гэхээр нь тэр өдрийнхөө шөнийн 23 цагийн орчимд Завхан аймаг руу явсан ба автомашиныг И.Л өөрөө бариад хажуу талын суудал дээр нь би суугаад бид хоёр хоёулхнаа явсан. Шөнө бид хоёр ээлжилж бариад Архангай аймгийн Ихтамир дээр дугуйгаа янзлаад Л Солонготын даваа уруудтал барьсан, үүрэглэх маяг ороод байхаар нь би машиныг нь Их-Уул сум хүртэл барьсан. Түүнээс цааш Тосонцэнгэл сум хүртэл Л өөрөө бариад би хажууд нь унтаад байтал осолд орсон байсан. Би хаана яаж яваад осолд орсон талаараа юу ч санахгүй байна. Би осолд ороод тэр чигтээ ухаангүй болоод дараа нь эмнэлэг дээр ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх 67-69/,

Гэрч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И.Лын 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр залгаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо машин барьж яваад зүүрмэглээд осолд орсон гэж хэлсэн. Тухайн үед эхнэр Мөнгөнчимэгийн ахтай хамт явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 132/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 000000333 дугаартай: “...Иргэн А.Бы биед тархины доргилт, хаван, цээжний битүү гэмтэл, уушгины няцрал зүүн 12-р хавирганы хугарал, хүзүүний 1-р нугалам, нурууны 4, 5-р нугалам шахагдсан хугарал, духны урд шарх, нурууны ар талд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой. А.Бы биед үүссэн гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн А.Бы биед тархины доргилт, хаван, цээжний битүү гэмтэл, уушгины няцрал, зүүн 12-р хавирганы хугарал, хүзүүний 1-р нугалам, нурууны 4,5-р нугалам шахагдсан хугарал, духны урд шарх, нурууны ар талд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн акт /хх 92-93/,

2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн: “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх И.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх боломжтой...” гэсэн магадалгаа /хх 96-97/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн Хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9, 24-27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.Лын “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед А.Бы хамт өөрийн машин болох hon Insigth маркийн ЗАН улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээр хотоос гарсан.  2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постноос цаана хадам ах Б нь жолоог надад өгсөн. Би Завхан аймгийн Их-Уул сумаас өнгөрөөд явж байхад үүргэлсний улмаас замын хажуу талын боржур мөргөж, зам тээврийн осол гарсан юм. Тэгээд Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын чиглэлд явж байсан машинд Б ахын хамт суугаад Их-Уул сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод Б ахыг үзүүлээд эмнэлгийн машинаар Тосонцэнгэл сумын эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримтыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

Прокуророос шүүгдэгч И.Лт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч И.Лын “Honda insight” маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хохирогч А.Бы биед учирсан тархины доргилт, хаван, цээжний битүү гэмтэл, уушгины няцрал, зүүн 12-р хавирганы хугарал, хүзүүний 1-р нугалам, нурууны 4,5-р нугалам шахагдсан хугарал, духны урд шарх, нурууны ар талд зулгаралт бүхий гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч А.Бы “...Л.Л нь эмчилгээний зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан. Уг хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.Лыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Лыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Лт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч И.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ