| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 153/2019/00653/И |
| Дугаар | 001/ХТ2021/00560 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00560
2021 05 27 001/ХТ2021/00560
Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалтай,
Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй
Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох
Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, аргазүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд тайлбараа хэлнэ. Ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т тус тус заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчээр ажиллаж байсан Д.Саранцэцэгийг 2019.11.01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар буюу ажилтны санаачилгаар цуцлах өргөдлийг ажил олгогч байгууллагад гаргаагүй. Өргөдөл гаргаагүй байхад өөрийнхөө санаачилгаар гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэл байгаа. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь 1960.03.18-ны өдөр төрсөн бөгөөд 2020.03.18-ны өдөр 60 насанд хүрэх бөгөөд өмнө нь 60 насанд хүрсэн гэдэг байдлаар ажлаас нь чөлөөлж байгаа хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн заалт тусгагдаагүй байна. Түүнчлэн 2019.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалтанд нэгэн адил тэтгэвэрт гарахад нь буцалтгүй тусламж авах эрх нээгдсэн....Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэмж тогтоолгосон тохиолдолд нэг удаа төрөөс буцалтгүй тусламж олгох харилцааг Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.6-д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Нэхэмжлэгч Д.Саранцэцэгийг 2019.11.01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн учраас энэ журмын зохицуулалтанд хамаарахгүй болж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үгүйсгэгдэж, иргэний эрхээ эдлэх эрхгүй болсон. Энэ нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажилтан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, тэтгэмж авах эрхийг зөрчиж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалтыг тушаалдаа ямар үндэслэлээр баримталсан болон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Өргөдлийн агуулгыг уншиж үзэх юм бол Д.Саранцэцэгийн зүгээс би тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул миний тэтгэмжийг олгож өгнө үү гээд өөрийнхөө хүсэлтийг хоёр удаа гаргаад тэтгэмжээ 2 хувааж авсан байгаа. Соёлын тухай хуульд соёлын салбарт ажиллаж байгаа хүн 12 сарын буцалтгүй тусламжийг нэг удаа авахаар зохицуулсан. Хуульд яагаад нэг гэсэн үгийг тодруулсан бэ гэхээр энэ тэтгэмжийг төрөөс 2 удаа авах боломжгүй гэдгийг зохицуулсан байх гэж миний зүгээс ойлгож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажил хүлээлгэн өгөх хугацааг тусгаагүй талаар тайлбарлаад байна. Гэтэл 2019.11.01-ний өдрийн тушаалын 3-т 2019.11.01-ний өдрийн ажил хүлээлгэн өгснөөр тасалбар болгож, тооцоо бодохыг нягтлан бодогчид үүрэг болгосон. 2020 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 36 сарын тэтгэмж олгоно гэж заасан. Д.Саранцэцэгийн хувьд 2019.11.01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд 2016, 2017 онуудад өөрөө болон Аймгийн төрийн санд хүсэлтээ гаргаад хоёр удаа тэтгэмжээ авсан гэж ойлгож байгаа. Д.Саранцэцэг нь тухайн үед тэтгэмжээ авчихаад ажлаа чөлөөлөгдөх ёстой байсан. Гэтэл Д.Саранцэцэг эгч Аймгийн засаг дарга Галсандондог болон Төрийн сангийн хэлтсийн дарга байсан Отгонхишиг эгч нартай ярилцаад 2019.01.01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөөд тэтгэмжээ авъя гэдэг байдлаар хүсэлтээ тавьсан. Харин Төрийн сангийн зүгээс Д.Саранцэцэгийг тэтгэмжээ авсан өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөл гэсэн үүрэг өгсөн. Соёлын тухай хуульд зааснаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхээ эдэлсэн. Мөн байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа Соёлын тухай хууль болон байгууллагын дотоод журмаараа зохицуулж тэтгэмж олгодог. Д.Саранцэцэг эгч энэ бүх тэтгэмжийг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Элхин овогт Даваагийн Саранцэцэгийг Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,085,459 /гурван сая наян таван мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 277,271 /хоёр зуун далан долоон мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамж нийт 134,517 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, аргазүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 1.1. Нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийтийн номын сангийн ахлах номын санч-арга зүйчийн ажлын байранд томилогдон ажиллаж буй Н.Чимгээ нь Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр /илтгэгч/-ын төрсөн эгч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,5-т зааснаар хамаарал бүхий этгээд. Хэдийгээр шүүгч М.Нямбаярын төрсөн эгч Н.Чимгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцоогүй хэдий боловч нэхэмжлэгч Д.Саранцэцэгийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоовол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Н.Чимгээгийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдах эрх зүйн үр дагавар үүсэх юм. Үүнээс үзэхэд шүүгч М.Нямбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй, 91.1.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон үндэслэлүүдээр татгалзан гарах үүрэгтэй. Ийм байхад шүүгч М.Нямбаяр нь Д.Саранцэцэгийн гомдолтой Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлэлгүйгээр хэргийг хүлээн авч, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, хэргийг илтгэн танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг зөрчиж байна. 1.2.Хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Д.Саранцэцэг намайг ахлах номын санч, аргазүйчийн ажлаас чөлөөлжээ. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118,4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 1.3. Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сантай байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээг өөрийн санаачилгаар цуцлах талаар бичгээр хүсэлт гаргаагүй. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь хавтаст хэргийн 178 хуудсанд авагдсан. Хавтаст хэргийн 23, 24 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд гаргасан 2016, 2017 онуудын 2 удаагийн өргөдөл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны хүсэлт биш байна. Учир нь уг 2 удаагиин өргөдөл нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай агуулга тусгагдаагүй. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Саранцэцэгийг хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр гаргасан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хоёр. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: 2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэгт ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь 1960.03.18-ны өдөр төрсөн, 60 нас хүрээгүй байхад хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын тушаалаар хуулийн дээрх заалтыг баримталж буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчсөн илэрхий, Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. 2.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Харин ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар зохицуулдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Д.Саранцэцэг, Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах номын санч, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3,362,730 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг маргахдаа нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаж, тэтгэмжээ авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлийг заажээ.
1.Талуудын хооронд тэтгэвэрт гарах, хуульд заасан тэтгэмжийг авах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар тодорхой тохиролцоо байсан нь бичгийн баримт, тэдгээрийн үйлдлээр нотлогдсон, хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлээ уг үйл баримтад тулгуурлан тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг хэлбэрийн хувьд дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, олговрын зарим хэсгийг гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болсон байна.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Ажил олгогчийн 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэм хэмжээг баримталж, Д.Саранцэцэгийг ахлах номын санч, арга зүйчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь 1960.03.18-ны өдөр төрсөн, 60 нас хүрээгүй байхад хариуцагч ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3-т заасныг зөрчсөн боловч үүнээс өмнө нэхэмжлэгч нь 55 нас хүрснээр тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан, тэтгэмж авсан, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохирсон гэх баримтууд хэрэгт авагджээ.
Хууль зөрчсөн ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь 2019.11.01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, нэхэмжлэгчийн тэтгэврийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн баримтуудаар тогтоогдсон, энэ үеэс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байх тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг анхаараагүй, давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь 2016.04.01-ний өдөр ...номын санд ном зүйч, ахлах номын санчаар 34 жил ажиллаж байна. Улсад ажилласан жил, нас тэтгэвэрт гарах болзол хангасан тул Соёлын тухай хуульд заасан тэтгэмж олгож өгнө үү? гэх өргөдлийг /хх-23,24/ гаргаж, 2016.09.28-нд 2,974,940 төгрөг, 2017.03.16-нд 4,287,920 төгрөгийн тэтгэмжийг авсан, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ажил олгогчтой тохирсон, ажил олгогч тухайн үед тушаал гаргаагүй хэдий ч хожим нь буюу 2019.11.01-ний өдрийн Б/12 дугаар тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2019.11.01-ний өдөр тэтгэврээ тогтоолгосон үйл баримт нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрсөн утгатай, улмаар 55 нас хүрсэн тул тэтгэвэрт гарах насны болзол хангагдсан байжээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл, ажилтны эрх зөрчигдөөгүй зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаярын эгч нь нэхэмжлэгчийн албан тушаалд ажиллаж байгаа, ашиг сонирхлыг зөрчилтэй байхад шүүгч өөрөө татгалзаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, ...тэтгэмж авахыг хүссэн ажилтны хүсэлтийг давж заалдах шатны шүүх тэтгэвэрт гарах хүсэлт гэж буруу үнэлсэн, ...нэхэмжлэгч 60 нас хүрээгүй, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсгийг илэрхий зөрчсөн байхад дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан маргаан байхад хэрэглэх ёсгүй хуулийг буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийг хэрэглэсэн, ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүгч М.Нямбаярын татгалзлыг шийдвэрлэж, 2020.05.19-ний өдрийн 03 дугаар тогтоол /хх-243/ гаргаж татгалзлыг хүлээж аваагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5 дах хэсэгт заасан шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Хөдөлмөрийн гэрээ нь бусад төрлийн гэрээний нэгэн адил талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагддаг, дуусгавар болдог тул хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг ажилтан гаргасан талаар давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтуудыг харьцуулан, тал бүрээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэжээ.
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан ...ажилтан тэтгэвэрт гарахад 1 удаа олгодог тэтгэмж-ийг талууд харилцан тохирч олгосон, уг тэтгэмжийг тэтгэвэрээс салгаж ойлгох боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэж, магадлалд тодорхой тусгасан байх тул хяналтын шатны шүүхээс тэдгээрийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийг шүүх хэрэглэхдээ нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгосон үйл баримтад хамааруулан тайлбарласан бөгөөд шаардах эрхийн үндэслэлд хэрэглээгүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ