| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 120/2021/0008/З |
| Дугаар | 120/ШШ2021/0010 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 120/ШШ2021/0010
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЕАИ ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЕАИ ХХК-ийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЕАИ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ч.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших МV-020781 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг. Манай компани нүүрсний ордын ил уурхайн ашиглалтын үйл ажиллагааг 2021 оны 02 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй өөрийн талбайд уурхайн хотхоны 3.7 га, засвар үйлчилгээний төв, шатах тослох материалын агуулах байгуулах 5.5 га, хөрсний овоолго үүсгэх 85.2 га, уурхайн зориулалтын технологийн замын болон нүүрс тээврийн зориулалтаар ашиглах 68.8 га талбайнуудад эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл авахаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар албан бичгээр Гурвантэс сумын Засаг даргад хүсэлтээ хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичгээр эдэлбэр газар олгохоос татгалзсан хариу ирүүлсэн юм.
Газрын тухай хуульд бүх шатны Засаг даргын газрын харилцааны талаар эдлэх нийтлэг эрх үүргийг тодорхой зохицуулсан боловч Гурвантэс сумын Засаг дарга 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар олголт батлагдаагүй тул танай компанийн хүссэн газрыг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д Сумын засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах эрхтэй гэж заасан боловч Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд олгох эдэлбэр газрыг орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгасан байхыг шаардсан зохицуулалт огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд эдэлбэр газар олгох зөвшөөрлийг олгох үүрэгтэй гэж үзэж байна.
Гурвантэс сумын Засаг даргын энэ үйлдэл нь манай компанийн ашигт малтмал ашиглах эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэж үзэж байна. Хуульд тусгайлан заагаагүй зүйлийг манай компаниас шаардаад байгааг ойлгохгүй байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй өөрийн талбайд уурхайн хотхон, засвар үйлчилгээ, овоолго, тээврийн зориулалтаар ашиглах эдэлбэр газар олгохоос татгалзсан тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан.
Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын МV-020781 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч ЕАИ ХХК нь уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар ашиглах шийдвэр гаргуулахаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр Гурвантэс сумын Засаг даргад хандсан байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах гэж сумын Засаг даргын эрх хэмжээг тус тус хуульчилсан байна.
Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/11 дүгээр тогтоолоор сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-г баталсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар ашиглуулахаар төлөвлөгдөөгүй тул сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгч байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй юм.
Нэхэмжлэгч байгууллага нь Гурвантэс сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 14- ний өдрөөс өмнө эдэлбэр газар ашиглах талаарх сумын Засаг даргад хандаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа ирүүлэлгүй. Нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдан хэрэгжсэний дараа буюу 2021 оны 02 дугаар сард газар ашиглах зөвшөөрөл авахаар хандсан нь газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болсон.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар ашиглах талаарх саналаа сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахаас өмнө ирүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг сумын Засаг дарга хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн сумын Засаг даргын 2021 оны 1/129 дүгээр албан бичиг нь захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй захирамжилсан шийдвэр биш тул захиргааны акт биш бөгөөд түүнийг хууль бус болохыг тогтоосон эсэхээс үл хамаарч ЕАИ ХХК-ийн түүний ашиглахаар санал болгож буй газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад сумын Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасантай холбоотой ямар нэгэн эрх сэргэх боломжгүй юм.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэж заасан байна. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу газар ашиглах талаар шийдвэр гаргахаар хуульчилсан учраас татгалзсан хариу өгсөн юм.
Маргаан бүхий акт болох 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/109 дугаартай албан бичиг бол агуулгын хувьд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суулгаагүй учраас газрыг чинь олгох боломжгүй байна. Танайх үйл ажиллагаагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулах боломжгүй байна гэсэн утгатай.
Гурвантэс сумын 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ЕАИ ХХК-ийн эзэмшлийн талбайд эдэлбэр газар олгох тухай тусгагдаагүй учраас татгалзсан хариу өгөх үндэслэл болсон. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Гурвантэс сумын 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Харин газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдах хугацаанд ЕАИ ХХК-иас өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлтийг ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ЕАИ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ЕАИ ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэг. Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
ЕАИ ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт Галын овоо-1 нэртэй 17841.05 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно[1].
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд[2] Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг нь захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, захирамжилсэн шийдвэр биш тул захиргааны акт биш гэж тайлбарлан маргаж байв.
Нэхэмжлэгч ЕАИ ХХК-иас Гурвантэс сумын Засаг даргад хандаж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20/23 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар албан бичгүүдээр[3] Гурвантэс сумын нутагт байрлах ашиглалт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дотор уурхайн хотхон, засвар үйлчилгээний төв, шатах тослох материалын агуулах, хөрсний овоолго үүсгэх зориулалтаар уурхайн эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл хүссэн байна.
Харин Гурвантэс сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1/129 дүгээр албан бичгээр[4] ...2021 оны сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд газар олголт батлагдаагүй гэх үндэслэлээр танай компанийн хүссэн газрыг олгох боломжгүй гэж бичгээр өгсөн хариу (шийдвэр) нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, татгалзсан шийдвэр байх тул ЕАИ ХХК нь энэхүү захиргааны акттай маргах эрхтэй гэж шүүх үзэв.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар Сумын Засаг дарга нь энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 55.1-д Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна гэж заасан нь газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх хуулийн шаардлага байна.
Гэхдээ сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тусгайлан заасан бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэх бөгөөд 12.1.1-д ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхтэй гэж хуульчилжээ.
Ашигт малтмал ашиглах харилцаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд газрын хэвлийд оршдог эрдсийн хуримтлалыг олборлохын тулд зохих хэмжээний газар зайлшгүй ашиглах шаардлагатай, энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.
Мөн хуулийн 27 дугаар зүйлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх эрхийг зохицуулсан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.8-д ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах, 27.1.11-д холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах гэж тус тус зааснаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар ашиглах эрх шууд үүсэхээр байна.
Иймээс хариуцагч Гурвантэс сумын Засаг дарга нь нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 17841.05 гектар талбайн хил хязгаар дотор уурхайн эдэлбэр газар ашиглах хүсэлт гаргасныг 2021 оны сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд газар олголт батлагдаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус болжээ.
Мөн түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж газрын төлбөрийг хоёр дахин өгсөж тооцно гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЕАИ ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээрээ ашигт малтмал олборлохын тулд (уурхайн хотхон, засвар үйлчилгээний төв, шатах тослох материалын агуулах, хөрсний овоолго үүсгэх) газар ашиглах тохиолдолд газар ашиглах гэрээ байгуулах, улмаар газрын төлбөрийг хоёр дахин өсгөж төлөх үүрэгтэй байна.
Гэтэл Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч ЕАИ ХХК-д газар эзэмшүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т, 27 дугаар зүйлийн 27.1.8-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн ашиглахыг хүсэж буй талбайг зориулалтаар нь ашиглуулах буюу гэрээ байгуулахаар байх тул сумын Засаг дарга сумын 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд газар олголт батлагдаагүй гэх үндэслэлээр уурхайн дэд бүтцийн зориулалттай эдэлбэр газар ашиглах эрх олгохгүй байх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Нэхэмжлэлийн газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд:
Маргаан бүхий Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх бөгөөд газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгах шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11 дэх заалтад заасныг тус тус баримтлан ЕАИ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах MV-020781 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн эдэлбэр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/129 дүгээр албан бичиг (шийдвэр)-ийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн газар ашиглах зөвшөөрөл олгохыг Гурвантэс сумын Засаг даргад даалгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕАИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гурвантэс сумын Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА