Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 642

 

 Л.Э, Г.Г, Н.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Долгион,

            шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, С.Галцацрах,

            шүүгдэгч Г.Г, Н.О нарын өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал, С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Э, Г.Г, Н.О нарт холбогдох эрүүгийн 1841000460232 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ................., 1979 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 7, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Залуус хотхоны 310 дугаар байрны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 2018 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан, /РД:...............;

            2. ................, 1970 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, “English storm” сургалтын төвийн захирал ажилтай, ам бүл 4, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23В байрны 72 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

            3. ...................., 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 308 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Л.Э нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд Очир овогтой Наранчулууныг тэнцүүлсний төлөө хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс түүний ээж Н.Оэс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан,

Н.О нь бусдаар дамжуулан өөртөө давуу байдал бий болгох буюу өөрийн охин О.Наранчулууныг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Эд албан тушаалын байдалтай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийн хахуулийг бусдаар дамжуулан өгсөн,

Г.Г нь Н.Од урьдчилан амлаж давуу байдал бий болгох буюу Н.Оюун-Эрдэнийн охин О.Наранчулууныг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: ................й үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Оюун-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................ хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Сад овгийн ................... бусдаар дамжуулан өөрт давуу байдал бий болгох буюу албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ......................... урьдчилан амлаж бусдад давуу байдал бий болгож хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Н.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Эд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Н.О, Г.Г нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3051 ам.доллар, 4.200.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нууц ажиллагааны магадлагаа бүхий 1 хавтас 10 хуудас, 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Н.О, Г.Г нар цагдан хоригдсон хоноггүй, Л.Э нь энэ хэрэгтээ 30 хоног хоригдсон болохыг дурдаж, Л.Эд тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Эд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Н.О, Г Гантуяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Г, Н.О нар мөрдөн шалгах ажиллагааны явцад авлигал өгсөн гэх мэдүүлэг өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн мэдүүлгээсээ зөрж Л.Эд мөнгө өгсөн нь үнэн, гэхдээ дэмжлэг болгон өгсөн. Л.Э бид нараас мөнгө нэхээгүй, сургуульд хүн оруулах асуудал боломжгүй гэж удаа дараа хэлсэн гэх мэдүүлгийг өөрчлөн өгсөн байдаг. Л.Э бусдад давуу байдал олгох үйлдэл гаргаагүй бөгөөд энэ үйлдлийн улмаас тухайн мөнгийг аваагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Учир нь, Наранчулууныг шалгалтад тэнцүүлсэн гэх шалгалтын эх материал хавтас хэрэгт авагдаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ тухай хэлсэн бөгөөд Наранчулууны шалгалт өгсөн материалд мөрдөгч математикийн багштай хамт байлцуулан дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгай мэдлэг шаардагдсан дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгосны үндсэнд гаргана хэмээн зохицуулсан. Гэтэл Л.Эрдэнийг мөнгө авсан учраас шалгалтад тэнцүүлсэн байна хэмээн тулгаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар нар байцаалтыг хөтөлж, тулгаж авсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн 10.000.000 төгрөгийг тусламж, дэмжлэгээр өгсөн гэж тайлбарлан мэдүүлдэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, заавал нотолбол зохих нотлох баримт болох сурагч Наранчулууны шалгалтын материал буюу түлхүүр уншуулах тусгай үнэт цаас болох тестийн эх хувийг хэрэгт шинжлэн судлах, хавсаргуулах хүсэлт гаргахад шүүх хангаагүй. Гэрч Очирын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Эрдэнийг “...Наранчулууныг тэнцүүлсний төлөө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний ээж Н.Оэс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Л.Э нь 2018 онд “Шинэ эхлэл” сургуулийг Олон Улсын шинжлэх ухааны сургуулиудад элсэх зорилгын хүрээнд тус байгууллагын арга хэмжээнд оролцохоор баг бүрэлдэхүүний хамт 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс Америкийн Нэгдсэн Улс руу явсан. Энэ багт “English storm” сургалтын төвийн захирал Гантуяагийн охин багтсан бөгөөд тэрээр охин нь уг арга хэмжээнд явж байгаа учир 10.000.000 төгрөгийг Л.Эд зардалдаа зарцуулаарай гэж хандив өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г “...Олон улсын сургуульд элсэхэд 4000 ам.доллар хэрэгтэй байна гэж ярьсан болохоор нь дүү Н.Оэс авсан 10.000.000 төгрөгийг Л.Э захиралд тусламж болгоод өгсөн...” гэж мэдүүлсэн. Мөн өмнө нь Г.Г захирал “Шинэ эхлэл” сургуулийн үйл ажиллагааг дэмжин хандив өгч байсан талаар мэдүүлэгтээ дурдсан байхад энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулаагүй. Үүнээс гадна Америкийн Нэгдсэн Улс руу явсан бүрэлдэхүүнд Г.Ггийн охин орсон эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчиж зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнийн 10.000.000 төгрөгийг авсан нь хандив гэж ойлгосон, нөгөөтэйгүүр шалгалт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан, хэрэгт авагдсан шалгалтын материалаар О.Наранчулуун нь өөрөө шалгалтандаа тэнцэж орсон болох нь тогтоогдож байхад яллах талын нотлох баримтуудыг үндэслэж түүнийг хахууль авсан гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Г.Г, Н.О нарын өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн баримтын хүрээнд шүүх дүгнэлтээ гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд харагдахгүй байна.” гэв.

 

            Шүүгдэгч Г.Г, Н.О нарын өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Данзанноров өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна.” гэв.

 

            Шүүгдэгч Л.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай сургуулийн хувьд өөрийн улсаа төлөөлж Олон улсын арга хэмжээнд оролцдог. Тухайн шалгалтаас өмнө Г.Г Америкийн нэгдсэн улсын зохион байгуулах арга хэмжээнд оролцоход нь тусалж дэмжих асуудлыг надад хэлж байсан. Гэхдээ ямар нэгэн сургуульд хүүхэд оруулах асуудал ярьж байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Г.Гтай уулзсан. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс руу явах хүүхдүүд дотор Г.Ггийн өөрийн охин нь багтсан байсан тул дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн. Энэ ч утгаараа тухайн мөнгийг авсан. Үүнд эрх бүхий дээд байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь миний буруу. Наранчулуун гэх хүүхдийг би огт танихгүй.” гэв.

           

            Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэргийн хувьд Г.Эрдэнэ сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хээл хахууль авсан, Г.Г, Н.О нар өөрт болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдож тухайн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Г.Эрдэнийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд гэм буруугүйд тооцуулах, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах гэсэн саналыг тус тус гаргаж байна. Америкийн нэгдсэн улсын тусгай хөтөлбөрт Г.Г өөрийн охин Хонгорзулыг оролцуулж байгаа учраас Л.Эд хандив болгон 10.000.000 төгрөгийг өгсөн хэмээн Г.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явц болон прокурорын шатанд мэдүүлдэг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Наранчулууны ээж Оюун-Эрдэнэ Г.Гд санал тавьсан. Ингэхдээ “2018 оноос 2019 оны хичээлийн жилд тус сургуульд шалгалт өгөөд тэнцэхгүй байж магадгүй. Таньдаг хүн байна уу” гэж асуусан байдаг. Г.Г нь Г.Эрдэнэтэй уулзаад нөхцөл байдлын талаар хэлэхэд эхэндээ Г.Эрдэнэ “боломжгүй” гэх хариу өгч байсан боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “эцэг, эх нь мөнгө өгч чадах эсэхийг” Г.Гд хэлсэн байдаг. Г.Г цааш Н.Од дамжуулан хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шалгалтын дүн гарахад Наранчулуун шалгалтдаа тэнцсэн байдаг. 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр анх тохирсон 10.000.000 төгрөгийг Г.Эрдэнэд өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан магадлагаагаар давхар тогтоогдсон. 2 дугаар хавтас хэргийн 57 дугаар талд, Г.Г “Америкийн нэгдсэн улс руу явах зардал болон тухайн сургалтад зориулан хандив мөнгө өгөөгүй” гэж мэдүүлсэн боловч сургуулийн хандив гэдэг нь үгүйсгэгдэж байна. Дээрх нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Г.Эрдэнийн үйлдэл нь бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Мөн Г.Г, Н.О нар нь гэм буруугийн асуудалд маргадаггүй учраас анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Л.Э нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд Очир овогтой Наранчулууныг тэнцүүлсний төлөө хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс түүний ээж Н.Оэс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан,

Н.О нь бусдаар дамжуулан өөртөө давуу байдал бий болгох буюу өөрийн охин О.Наранчулууныг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Эд албан тушаалын байдалтай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийн хахуулийг бусдаар дамжуулан өгсөн,

Г.Г нь Н.Од урьдчилан амлаж давуу байдал бий болгох буюу Н.Оюун-Эрдэнийн охин О.Наранчулууныг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Ггын яллагдагчаар өгсөн “...Тэгэхэд Л.Э захирал 10.000.000 төгрөг болно шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. Ингээд Л.Э захирал бид 2 Оюун-Эрдэний охин Наранчулууныг “Шинэ эхлэл” сургуулийн шалгалтанд тэнцүүлэхээр тохиролцсон. ...Тэгээд би дүү Оюун-Эрдэнээс торонд хийсэн 10.000.000 төгрөгийг аваад Л.Э захирлын цагаан өнгийн машинд суугаад тортой 10.000.000 төгрөгийг өгөөд баярлалаа гэж хэлээд явсан. ...” /2 хх 55-56/,

 

шүүгдэгч Н.Оюун-Эрдэний яллагдагчаар өгсөн “...эгч Гантуяагын гэрт очоод бид 2 Хангай хотхон руу Л.Э захирал руу явсан. Тэгээд Хангай хотхоны гадаа очоод эгч Гантуяад 10.000.000 төгрөгийг торонд хийж өгөөд Гантуяа эгчийг машинаас буулгаад би өөрөө цааш өөр тийш явсан. ...” /2 хх 40-41/,

 

шүүгдэгч Л.Эрдэний яллагдагчаар өгсөн “...Гантуяа багш “10.000.000 төгрөг байж болох уу” гэж асуухаар нь “болно” гэж хэлсэн. Тэгээд эргэж холбогдоё гээд яваад буцаж ирээд надад 10.000.000 төгрөг өгснийг аваад 8 шарга валют арилжааны газар очиж солиулаад авч явсан. ...” /2 хх 73-74/,

гэрч Б.Очирын “...2018 оны 6 дугаар сард Шинэ эхлэл сургуулийн шалгалт нь болох гэж байна гэж хэлсэн. Тэгээд Г.Г эгч сургуулийн захиралтай холбогдож чадахгүй байна гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын дундуур шалгалт авахаар нь дахин Г.Г эгчтэй утсаар яриад шалгалтандаа орчихлоо, та захиралтай нь холбогдож чадсан уу гэж асуутал ямар ч байсан захиралтай нь холбогдсон. Удалгүй сургуулийн шалгалтын дүнгийн хариу гарахад хүүхэд маань шалгалтанд тэнцсэн хариу гарсан. Тэгээд байж байтал манай эхнэр болон Г.Г эгч хоёр сургуулийн захиралтай уулзахаар болсон. Тэгээд Гантуяа эгч болон манай эхнэр хоёр захиралтай уулзсан байсан. ...” /1 хх 200-202/,

 

гэрч Н.Оюунгэрэлийн “...Сургуулийн захирал Л.Э шалгалтын сэдэв зохиох хүнтэй гэрээ байгуулдаг. Сэдэв зохиогчоос бэлтгэсэн сэдвийг зөв хариултын түлхүүртэй шалгалт болох өдрийн өглөө битүүмжлэн авчирдаг. Шалгалт өгөх сурагчдын суудлын дугаар, шифрийг мэдээлэл зүйн багш Баатарзаан санамсаргүй байдлаар гаргадаг. ...” /1 хх 203-205/ гэх мэдүүлгүүд,

 

мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /утсаар ярьсан тэмдэглэлүүд/, Хангай хотхоны 310 дугаар байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 4-8/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 186 тоот орон сууц, “Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Лхагвасүрэнгийн Эрдэнийн албан өрөөнд нэгжлэг хийсэн бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл /1 хх 45-63/, Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн даргын А/16, А/19 дугаар тушаал /1 хх 49-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль авсан, шүүгдэгч Н.Оюун-Эрдэнийг бусдаар дамжуулан өөрт давуу байдал бий болгох буюу албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн, шүүгдэгч Г.Гг урьдчилан амлаж бусдад давуу байдал бий болгож хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Л.Э нь 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд О.Наранчулууныг тэнцүүлсний төлөө түүний ээж Н.Оэс 10.000.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Н.О нь өөрийн охин О.Наранчулууныг “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор Л.Эд 10.000.000 төгрөгийн хахуулийг бусдаар дамжуулан өгсөн, шүүгдэгч Г.Г нь Н.Од урьдчилан амлаж, түүний охин О.Наранчулууныг “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд тэнцүүлэх зорилгоор Л.Эд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн байх бөгөөд Л.Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Оюун-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс Л.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Н.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч С.Галцацрах “...Г.Г, Н.О нар мөрдөн шалгах ажиллагааны явцад авлигал өгсөн гэх мэдүүлэг өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн мэдүүлгээсээ зөрж Л.Эд мөнгө өгсөн нь үнэн, гэхдээ дэмжлэг болгон өгсөн. Л.Э бид нараас мөнгө нэхээгүй, сургуульд хүн оруулах асуудал боломжгүй гэж удаа дараа хэлсэн гэх мэдүүлгийг өөрчлөн өгсөн байдаг. Л.Э бусдад давуу байдал олгох үйлдэл гаргаагүй бөгөөд энэ үйлдлийн улмаас тухайн мөнгийг аваагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Учир нь Наранчулууныг шалгалтад тэнцүүлсэн гэх шалгалтын эх материал хавтас хэрэгт авагдаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ тухай хэлсэн бөгөөд Наранчулууны шалгалт өгсөн материалд мөрдөгч математикийн багштай хамт байлцуулан дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгай мэдлэг шаардагдсан дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгосны үндсэнд гаргана хэмээн зохицуулсан. Гэтэл Л.Эрдэнийг мөнгө авсан учраас шалгалтад тэнцүүлсэн байна хэмээн тулгаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу хэмээн үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар нар байцаалтыг хөтөлж, тулгаж асууж авсан гэж мэдүүлэх бөгөөд тухайн 10.000.000 төгрөгийг тусламж, дэмжлэгээр өгсөн гэж тайлбарлан мэдүүлдэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би заавал нотолбол зохих нотлох баримт болох сурагч Наранчулууны шалгалтын материал буюу түлхүүр уншуулах тусгай үнэт цаас болох тестийн эх хувийг хэрэгт шинжлэн судлах, хавсаргуулах хүсэлт гаргахад шүүх хангаагүй. Гэрч Очирын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх ба шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал “...Л.Э нь 2018 онд “Шинэ эхлэл” сургуулийг Олон Улсын шинжлэх ухааны сургуулиудад элсэх зорилгын хүрээнд тус байгууллагын арга хэмжээнд оролцохоор баг бүрэлдэхүүний хамт 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс Америкийн Нэгдсэн Улс руу явсан. Энэ багт “English storm” сургалтын төвийн захирал Гантуяагийн охин багтсан бөгөөд тэрээр охин нь уг арга хэмжээнд явж байгаа учир 10.000.000 төгрөгийг Л.Эд зардалдаа зарцуулаарай гэж хандив өгсөн талаар шүүгдэгч Л.Э, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ггийн “...Олон улсын сургуульд элсэхэд 4000 ам.доллар хэрэгтэй байна гэж ярьсан болохоор нь дүү Н.Оэс авсан 10.000.000 төгрөгийг Л.Э захиралд тусламж болгоод өгсөн...” гэж мэдүүлсэн. Мөн өмнө нь Г.Г захирал “Шинэ эхлэл” сургуулийн үйл ажиллагааг дэмжин хандив өгч байсан талаар мэдүүлэгтээ дурдсан байхад энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулаагүй. Үүнээс гадна Америкийн Нэгдсэн Улс руу явсан бүрэлдэхүүнд Г.Ггийн охин орсон эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчиж зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнийн 10.000.000 төгрөгийг авсан нь хандив гэж ойлгосон, нөгөөтэйгүүр шалгалт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан, хэрэгт авагдсан шалгалтын материалаар О.Наранчулуун нь өөрөө шалгалтандаа тэнцэж орсон болох нь тогтоогдож байхад яллах талын нотлох баримтуудыг үндэслэж түүнийг хахууль авсан гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            Шүүгдэгч Л.Э нь 10.000.000 төгрөгийн хахууль аваагүй, уг мөнгө нь хандивын мөнгө гэж мэдүүлдэг боловч нийтийн албан тушаалтны хувьд Л.Э нь хахууль өгөгч буюу Н.Оюун-Эрдэнийн ашиг сонирхлын үүднээс 10.000.000 төгрөг авсан нь шүүгдэгч Н.О, Г.Г нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдож байгаа учир түүнийг бусдаас хандив авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Н.О, Г.Г нар гэм буруугаа зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, үйл баримтаас үзэхэд Л.Эрдэнийг гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал, С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал, С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ